АТГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн: Хамгийн их авлигад өрдөг салбар бол эрдэс баялаг эрчим хүчнийхэн
Авлигатай тэмцэх газраас олон улсын авлигатай тэмцэх өдрийг угтан улс орон даяар шударга ёсны төлөө аяныг явуулж байгаа аж. Энэ аяныхаа хүрээнд 21 аймгийн засгийн даргын тамгын газарт ажилладаг авлигаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөлт хариуцсан ажилтнуудад тусгайлсан сургалтыг энэ сарын 26-27-ны өдрүүдэд АТГ-т явуулж байна. Энэхүү сургалтын талаар АТГ-ын авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэнгээс цөөн зүйлийг тодрууллаа
-Өнөөдрийн сургалтыг явуулж байгаа зорилго юу вэ? Энэ сургалтыг явуулснаар ямар үр дүнд хүрэх вэ?
-АТГ-аас жил бүр олон улсын авлигатай тэмцэх өдрийг угтан улс орон даяар шударга ёсны төлөө арга хэмжээг зохион явуулдаг. Энэ арга хэмжээний нэг хэсэг нь орон нутаг аймаг нийслэлд ажиллаж байгаа авлигаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөлт хариуцсан ажилтнуудад тусгайлсан сургалтыг явуулдаг. Энэ жил бид бүхэн “шударга ёс, ил тод байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд сургалтыг явуулж байна. Сургалтанд маань аймаг нийслэлийн засаг даргын тамгын газарт авлигаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, төлөвлөлтийг хариуцан ажилладаг хүмүүс ирсэн. Сургалтанд хамрагдсанаар эдгээр хүмүүс маань улсын хэмжээнд явуулж байгаа авлигын эсрэг хийж буй төлөвлөгөөний ажлыг хэрхэн яаж үнэлэх вэ гэдэг аргазүйд суралцах юм. Түүнчлэн авлигын эрсдлийг хэрхэн үнэлэх вэ гэдэгт суралцаж байна. Бидний зүгээс засгийн газрын 2009 оны 143-р тогтоол буюу “Ил тод байдлыг хэрхэн хангах вэ?” гэсэн мониторинг үзүүлэлтийг танилцуулж байгаа. Ингэснээр эдгээр хүмүүс маань өөр өөрсдийнхөө аймагт л авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ зөвхөн өөрийнхөө аймгийн хэмжээнд бус улсын хэмжээнд хийж байгаа ажлын талаарх мэдээлэлтэй байж харилцан уялдаатай ажиллах юм.
-Судалгаанаас харж байхад аль аймаг авлигын хэрэгт илүү өртөмхий байгаа вэ?
-АТГ авлигын эсрэг хуулинд заасны дагуу хоёр жилд нэг удаа авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлдэг. Энэ жилийн мэдээллийг ирэх 12 дугаар сарын 9-нд буюу олон улсын авлигын эсрэг өдөр олон нийтэд мэдээлнэ. Харин 2009 оны мэдээллээс харах юм бол хамгийн их авлигад өртөмхий аймгаар Архангай, Ховд, Орхон аймгууд тодорсон.
-Тэдгээр аймгуудын ямар байгууллагууд илүү өртөмхий байна?
-Бид нар байгууллагаар гэж гаргадаггү харин салбараар нь гаргадаг. Хамгийн их авлигад өртөмтгий салбар бол эрдэс баялаг, эрчим хүчний салбар байдаг. Дараагаар нь эрүүл мэндийн салбар болон хууль эрхзүй дотоод хэргийн салбар ордог.
-Одоо энд сургалтанд хамрагдаж байгаа хүмүүс өөр өөрсдийн орон нутагтаа авлигын хэргийг илрүүлэх ажиллагааг гардан хэрэгжүүлдэг үү?
-Үгүй. Эдгээр хүмүүс маань урьдчилан сэргийлэх ажлыг л хийдэг. Тэгэхдээ тухайн орон нутгийнхаа иргэдээс судалгааг авч судалгаандаа үндэслэн хамгийн ихээр авлига, хүнд сурталтай байгаа болон өртөх магадлалтай байгаа байгууллагын талаарх мэдээллийг гаргаж холбогдох хүмүүст нь өгч ажилладаг. Тухайлбал төрийн албан хаагчид цайны цагаа хэтрүүлэн хоцорч ирэх зэргээр иргэдэд хүнд суртал үзүүлсэн бол танай энэ ажилчид ингээд байна. Энэ алдааг нь засаарай гэсэн заавар зөвлөгөөг өгөх маягаар ажилладаг. Харин мөрдөн байцаах албаныхан ХОМ болон авлигын хуулинд заасан үндсэн чиглэлүүдээр мөрдөн шалгаж ажилладаг.
-Саяхан Орхон аймгийн тамгын газрын санхүү, төрийн сангийн мэргэжилтэн А.Энхтөр төлбөртэй сургуулийн сургалтын төлбөрөөс 97 сая төгрөгийг завшсан хэрэг гарсан. Энэ хэрэгт холбогдсон хүмүүстэй танайх ямар арга хэмжээ авсан бэ?
-Энэ хэргийн талаар АТГ-ын мөрдөн байцаах албаныхан илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Харин манайх урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын талаар л мэдээлэл өгөх ёстой.
URL: