Талийгаач эмэгтэйг ХӨРШҮҮД НЬ ОГТ ТАНИХГҮЙ БАЙВ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VI хороонд өнгөрөгч мягмар гаригийн шөнө 34 настай Б гэдэг эмэгтэйн хоолойг хэрчин хөнөөсөн онц ноцтой хэрэг гарлаа. Тус хорооны хоёрдугаар байрны нэгдүгээр орцны иргэн Н-ээс хэргийн талаар тодруулахад “00 тоот өрөөний хаалга онгорхой байсан юм билээ. Хүмүүс хаах санаатай ороход нэг эмэгтэйн хоолойг хэрчсэн байхыг хараад цагдаад мэдэгдсэн гэсэн. Гэнэт л цагдаагийнхан ирээд манай орцыг хамгаалалтад авч, бараг гурван цаг үзлэг хийсэн байх. Тэнд ямар хүн амьдарч байсныг мэдэхгүй” гэв.
Одоогоос 52 жилийн өмнө ашиглалтад орсон тус байр орц болгондоо 00 тоот өрөөтэй аж. Биднийг хэргийн газар очиход Сонгинохайрхан дүүргийн цагдаагийнхан хамгаалалтад авсан байлаа. Хөрш эмэгтэйгээс гэмт хэрэг гарсан талаар мэдсэн эсэхийг тодруулахад “Манайх энэ байранд олон жил амьдарч байна. Энэ өрөөнд түрээсээр олон хүн амьдардаг юм билээ. Түрээслэгчид нь ойр ойрхон солигддог. Ямар нэгэн дуу чимээ гараагүй. Тэгээд ч хамаагүй зүйл ярихаас айж байна” гэлээ.
Хажуугийн 30 дугаар байрны жижүүр “Намхан бор хүүхэн байсан. Нэрийг нь санахгүй байна. Хааяа архи уусан харагддаг. Гэхдээ гэмгүй мөрөөрөө л дөө. Миний сонссоноор тэр эмэгтэйг хөнөөсөн гэсэн. Гэртээ хэдүүлээ амьдардаг, юу хийдгийг нь мэдэхгүй” гэв. Талийгаач бүсгүй 34 настай, хувиараа бизнес хийдэг хүн байсан аж.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, УМБГын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрынхан хамтран шалгаж, х э р г и й н газраас хутга, алчуур, талийгаачийн гадуур хувцас гэх мэт зүйлийг эд мөрийн баримтаар хураажээ. “Одоогоор сэжигтнээр хэн нэгнийг татаагүй. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байна” гэж цагдаагийнхан мэдээлэв.
Х.СҮРЭН
mongolnews
URL: