Намуудын хуваагдал

Сонгууль дөхөхөөр улс төрийн намууд доторх хөдөлгөөн эрчимждэг уламжлал тогтжээ. Сураг алдарсан, нэр төдий намд байсан хүмүүс тулхтай нэгнийг бараадах бол байдаг л үзэгдэл. Шинээр нам мэндлэхийг ч гайхах зүйлгүй. Гэхдээ нэг намаас тасарч шинийг байгуулах моод улс төрд тогтож буй бололтой. Эхнээсээ зарим нь “эмээ” ч болоод амжиж байна. Хамгийн сүүлийн жишээ МАН, МАХН тойрон өрнөв. МАН “эмээ”, МАХН “ээж” болсон тҮҮх 1921 онд байгуулагдсан Монгол ардын нам гурван жилийн дараа “хувьсгалт” гэсэн үгээр нэрээ баяжуулсан. Энэ нэрээрээ 87 жил явсны эцэст “хувьсгалт” гэсэн үгийг гэнэт авч хаясныг уншигчид санаж буй. МАХН хэзээд зангидсан гар шиг эвтэй байсан. Хааяа нэг шинэчлэл хийх тухай дуугардаг жижиг жигүүр “ургаж” байсан ч тэр нь ах нартаа “буудуулж” дуусдаг байлаа.

Харин нэрээ, үзэл баримтлалтайгаа өөрчилснөөр мөнхийн эв нэгдэлдээ тэд цэг тавьж, хуваагдлын үүдийг нээв. МАХН нэрээ хамгаалах хөдөлг өөн өрнөж, УИХ-ын гишүүд дундаас Ц.Шинэбаяр хэмээх эрхэм тодорч, МАН-ынхан хуучин нэрээ өгөхгүйн тулд дээрх дөрвөн үсгээр товчилж болох бүх боломжит нэрийг бүртгүүлж, улс төрөөс мөр нь арилах шахаж байсан Н.Энхбаяр дахин сэргэн мандаж…. өнгөрсөн хэдэн сард юу эс болов доо. МАН ба бууриа сахиж үлдсэн МАХН-ынхны дунд “хөөрхөн” явдал олон болсон. Эцэст нь Ц.Шинэбаяр, Н.Энхбаяр нар МАХН нэрийг Дээд шүүхэд бүртгүүлж чадсан билээ.

Ерөнхийлөгч асан МАХН-ын дарга, нөгөөх нь дэд дарга болов. Гэхдээ МАН-д өрнөсөн хуваагдал МАХН-д ч бас халдварлажээ. Нарийн бичгийн даргаар нь ажиллахаар дөнгөж сонгогдсон С.Молор-Эрдэнэ тэргүүтнүүд замын голоос буцаж, өнөөх Ц.Шинэбаяр Н.Энхбаярын “утсан хүүхэлдэй” байхааас залхсан. Гэхдээ үлдсэн хэдийгээ цус харвуулчихгүйн тулд шат дараатайгаар алхмаа хийжээ. Эхлээд намын дэд даргаас, дараа нь МАХНын гишүүнээс татгалзсан. Н.Энхбаяр ч нэлээд сандарсан биз. Ингээд МАХН-ыг орхисон эрхэм гишүүн “Хамуг Монгол” эвсэл байгуулж, ард түмний төлөө зүтгэхээ мэдэгдэв. Албан тушаал сонин биш гэх мэтээр байр сууриа тодорхойлсон тэрбээр удалгүй нам байгуулчихдаг юм байна. Эвслээ нам болгож, тэнд нь МАХН-аас “зугтсан” нөхөд нэгддэг байгаа.

Хамуг Монгол хөдөлмөрийн нам өнгөрсөн долоо хоногт их хурлаа хийж, С.Молор-Эрдэнийг намынхаа даргаар, Ц.Шинэбаярыг Цэцийн даргаар сонгожээ. Ийнхүү Хамуг Монгол хөдөлмөрийн хэмээх нэртэй шинэ “хүү” мэндэлж, МАН-ыг “эмээ”, МАХН-ыг “ээж” болгох нь тэр. АН ба ҮШН Дээрх түүх анхных биш. Одоогоос таван жилийн өмнө АН-д ч ийм явдал тохиолдсон. 2004 оны сонгуулийн дараа АН задарч, М.Энхсайхан, Ж.Наранцацралт агсан нар Үндэсний шинэ нам, Л.Гүндалай АТН байгуулж байлаа. Тухайн үед Парламентад суудалтай намын тоо ийнхүү хоёроор нэмэгдэж, улмаар Эвслийн Засгийн газарт бүгд л сайдын суудал хүртэж чадсан. Энэ нь харин АТН-ын даргад асуудал дагуулсан юмдаг. Тэрбээр Эрүүл мэндийн сайдаар ажиллахдаа тендер будлиантуулсан хэмээн АТГ-тай “учраатай” болсон. Улмаар аврал эрж АН-даа эргэн ирсэн. Харин ҮШН 2008 оны сонгуульд бүдэрсэн ч гол тасраагүй байлаа.

Саяхан тэд нэрнээсээ “шинэ” гэдэг үгийг авч, “ардчилсан” гэдгээр орлуулсан. ҮШН МҮАН болж, бас МАХН-тай ирэх сонгуульд эвсэхээр болоод буй юм. Эвсэж, нэгдсэн намууд сонгуулийн дараа тарж бутрах нь олон. МАНынхныг хямраан байж мэндэлсэн МАХН, Хамуг Монгол хөдөлмөрийн нам харин хэр урт наслах юм бол. Сонгууль болоход жилийн хугацаа үлдээд байна. Нам хэсэж, бас хүссэн үедээ орхиж явдгаараа зартай эрхмүүдээс бүрдсэн Хамуг Монгол хөдөлмөрийн нам “амаржиж” ээж болохыг ч үгүйсгэх арга алга.

С.ТУУЛ

unuudur


URL:

Сэтгэгдэл бичих