Шадар сайд Ц.Оюунбаатар мэдэгдэл гаргалаа
Сүүлийн өдрүүдэд Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын оролцсон С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын нэр төрд бүдүүлгээр халдсан ор үндэсгүй гүтгэлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж, сонгуулийн захиалгатай, бохир улс төр явуулах нь хэрээс хэтэрлээ.
Г.Шийлэгдамба нь “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр “Гэрт нэгжлэг хийж байх үед 2 өмгөөлөгч ирж тэр бичгийг танилцуулан гарын үсэг зуруулсан” гэдгийг ойлгомжтой хэлсэн. Мөн гаалийн Х.Баатарын захидлыг Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан гэгч “Өдрийн сонин”-д аваачиж өгсөн гэдгээ тухайн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч хангалттай зарласан байтал энэ бүхнийг Шадар сайд Ц.Оюунбаатар хийсэн мэтээр гүтгэсэн мэдээллүүд цацагдаж, энэ нь даамжирсаар хувь улстөрчийн нэр төрд бүдүүлгээр халдаж байгаа захиалгат явуулга хэлбэрээр үргэлжилж байгаад харамсалтай байна.
Иймд Шадар сайд Ц.Оюунбаатарын талаар ор үндэсгүй худал мэдээллийг түгээж, түүний нэр төрд халдаж байгаа аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа гүтгэлэг, доромжлолын шинж чанартай мэдээллээ устгахыг шаардахад “500,000 төгрөг төлбөл устгана” хэмээн шантаажилж буй нэр бүхий зарим вэбсайтуудыг энэхүү бусармаг үйлдэлдээ Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатараас нэн даруй уучлал гуйхыг шаардаж байна. Бид шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад хандах болно.
URL: