Туулайг бид мэддэг, бас мэддэггүй
Туулай биеэрээ өглөг өгдөг гэж монголчууд бэлэгшээн хүндэтгэдэг. Туулай эв эеийг сахидаг эвтэй дөрвөн амьтны нэг. Арван хоёр жилд дээрээсээ дөрөвт багтдаг хүндтэй амьтан. Монгол ардын болоод дэлхий нийтийн үлгэрийн ертөнцөд туулай дандаа эерэг талын ухаалаг дүрээр хүн төрөлхтнийг баясгаж ирсэн. Шинжлэх ухааны хөгжилд туулайн оруулсан гавъяа бас бий. Туулайн сонор, мэдрэмтгий дэлдэн чихийг судалж байж хүн төрөлхтөн тавган болоод дамжуулах антенн бүтээсэн түүхтэй. Туулай амьтнаас зугтахдаа дэрс бутны ёроолд нуугддаг. Үүнээс үүдэн монголчууд бутанд үлдсэн цасыг туулайлсан цас гэж нэрлэдэг. Өнөөдөр дэлхий дээр 11 төрөл, 50 зүйлийн туулай бий гэж тэмдэглэгдсэн байна.
Молтогчин туулай намраас бусад улиралд хээл авч төллөдөг. Хээл авснаас хойш 30 хоноод л 40-90 грамм жинтэй 4-8, түүнээс ч олон бүжин төрүүлдэг. Эхний долоон хоногт бүжингийн үс нь ургаж, 10 дахь хоногтоо нүд нь нээгддэг гэнэ.15-20 хоноод ирэхээрээ эхийнхээ идэж байгаа хоолыг амсаж үзэх, үүрнээсээ гарах оролдлого хийж эхэлдэг байна. Ерөнхийдөө 8-10 сарын дотор нас биед хүрнэ. Бүжин эхийнхээ сүүгээр 15-20 хоног хооллодог бөгөөд молтогчин туулай 7-10 насалдаг. Нас гүйцсэн молтогчин 4.7-6.2 кг жин татна. Өнгөрсөн зууны эхэн үед энэ амьтан Европ тивийн өмнөд нутагт ялангуяа Пиренейн хойгт тархсан байна. Тиймээс уг хойгийг “Молтогчингийн эх орон” хэмээдэг. Одоо үед молтогчин туулай нь манай гаригийн бараг бүх тивд тархан амьдрах болжээ. Манай улсад нэг төрөл, хоёр зүйлийн зэрлэг туулай амьдардаг бөгөөд боролзон туулай, чандага элбэг тархжээ.
Хүн төрөлхтөн туулайг 2000 жилийн тэртээгээс гаршуулан тэжээж ирсэн түүхтэй. Дундад зуунд баруун Европын бараг бүх оронд үржүүлдэг байжээ. Туулай сайн чанарын махтайгаас гадна арьсаар нь дулаан хувцас хийх, дотор эрхтэнийг нь ардын уламжлалт эмнэлэгт өргөн ашигладаг. Энэ тухай өнгөрсөн зууны үед амьдарч байсан Монголын алдарт оточ Чойжамцын туурвисан “Онцар гадон” /Маш баясгалант хуримын сан/-д,туулайн мах бадгана, шарын өвчнийг анагаана хэмээн тодорхойлон бичжээ. Туулайн бие эрхтэн тэр чигээрээ эм болдог гэж ярьдаг. Туулайны мах эмчилгээ, сувилгааны өндөр ач холбогдолтой. Чанараараа тахиа, үхрийн махнаас ч илүү гэж мэргэжилтнүүд үздэг. Зэрлэг туулай өөхгүй бор махтай бол молтогчин нуруу, биеэрээ өөхтэй. Мах нь шүүслэг, шингэц сайтай, өөх нь холестерингvй. Сүүлийн үед ухвар мөчид хүмүүс дам ярианаас сэдэл авч туулайн зүрхийг халуунаар нь идвэл зүрхэнд сайн гэж энэ амьтныг олноор нь намнах болсон нь дэндүү харамсалтай. Тэр хөөрхий амьтныг алаад зүрхийг халуунаар нь залгина гэдэг харгислалыг ямар ухамсар дорой нэгэн сэтгэсэн юм бол. Бас цус садруулан идэж байгаа хүн ч гэсэн үүнийг мэдрэхгүй байна гэж үү.
Уг нь туулай их ашигтай амьтан. Монгол оронд ардын хувьсгал ялснаас хойш биолаборатори, цехүүдийг олноор нь байгуулан ЗХУ-аас (хуучнаар) авч ирсэн “шиншилла”, “цагаан аварга”, “саарал аварга” үүлдрийн туулайг сорил туршилтад оруулж гаршуулж байсан түүхтэй.Социализмын үед Булганы Баяннуур, Төв аймгийн Баянчандманьд туулайн аж ахуй, ферм олноор байгуулагдаж мах, арьс үйлдвэрлэж байв. Гадаад худалдааны яам гэж байхад ноолуурын “ангор” үүлдрийн туулайг өмнөд хөршөөр дамжуулан авчирч үржүүлэн сайн чанарын ноолуурыг “Говь” комбинатад нийлүүлж гоёмсог алчуур үйлдвэрлэж байсан ажээ. Ноолуурын туулайн фермийг Улаан хуарангийн орос цэргийн ангийн байрлаж асан казармыг ашиглан байгуулж байсан юм билээ. Молтогчин туулай төлөрхөг, түргэн үржиж өсдөг амьтан. 1960-аад оны үед Төрхурахын үслэг ангийн аж ахуйд усны булга, мөнгөн сорт хар үнэг, Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Баянголын аманд минж үржүүлэх туршилтын ферм ажиллаж байж. Тэр тусмаа туулайн аж ахуй эрчтэй хөгжиж байв. Тухайлбал, аж үйлдвэрийн комбинатын ажилчдын хэрэгцээг хангах зорилгоор Аж үйлдвэрийн яам Төв аймгийн Гавжийн шандад туулайн туслах аж ахуй байгуулж байжээ. Мөн 1970-аад оны үед Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Т.Рагчаа Оросоос 3000 гаруй туулай авчран Төв аймгийн Баянчандманийн аж ахуйд үржүүлж байсан гэдэг. Туулайн аж ахуйг төр засгаас дэмжээд хөгжүүлбэл олон өрхийн амьжиргаа дээшлэхээс гадна экспортын бас нэг зах зээл нээгдэх боломжтой гэж тухайн үед тооцож байжээ. Бас л алсыг харсан бодлого байж. Нөгөө талаар байгалийн баялаг болсон ан амьтныг хамгаална гэдэг дараад суухын нэр биш. Зүй зохистой, шинжлэх ухааны судалгааны үндсэн дээр ашиглавал их үр дүнтэй. Үүний жишээ нь туулайн аж ахуй юм. Бид үнэндээ туулайг мэддэг юм шиг мөртлөө ашиг тусыг нь сайн мэддэггүй юм байна. Туулай үржил сайтай, аж ахуйн хэмжээнд үржүүлбэл маш ашигтай амьтан. Хятадад дунд зэргийн фермийн аж ахуй эрхэлдэг нэг айл гэхэд 5000-гаад туулай тэжээж байна. Туулай нэг их сүртэй арчилгаа, маллагаа шаарддаггvй. Байр, тэжээл хоол байхад л болдог юм байна. Туулай тарвага шиг өвчин тусдаг хорио цээрийн амьтан биш, арьс нь ч эдэлгээ сайтай, чанартай болохоор боловсруулалт сайн авдаг. Туслах аж ахуй гэхээр манайхан үнэндээ тахиа, гахайгаар л төсөөлдөг. Туулайн аж ахуйг хөгжүүлбэл олон талаараа ашигтай. Тахиа тэжээдэг айлыг хавь орчиндоо чимээ ихтэй, гахайг бохир заваан, үнэртэй гэдэг бол туулай нам гүм, цэвэрхэн амьтан. Сайн үүлдрийн туулай багагүй үнэ хүрдэг. Туулай маш ашигтай амьтан, хаях юм байдаггvй. Дэлхий дээр хүний хэрэгцээнд ашигладаг 200 орчим арьс үснээс чанараараа халиу нэгдүгээрт ордог бол молтогчин туулайнх 16 дугаарт ордог байна. Арьсаар нь гоёмсог дээл шуба, малгай хийнэ. Хоёр туулайнаас нэг кг ноолуур гардаг бөгөөд чанартай, гоёмсог хувцас хийж болно. Америк, Швейцарь, Дани, Франц, Австрали, Итали зэрэг олон оронд туулайн аж ахуй эрчимтэй хөгжсөн. Зарим оронд махны хэрэгцээнийхээ 20-30 хувийг зөвхөн туулайны махаар хангадаг. Францад жилд 120, Бельгид 40, Испанид 35 сая орчим туулай өсгөдөг юм байна. Туулайны чих, сарвуу нь дээд зэргийн сайн цавууны түүхий эд болдог бол шээс нь астма өвчинд сайн гэдэг. Мөн ялгадсаар нь ногооны талбай, хүлэмж зэргийг бордож болно. Дэлхийд туулайн махны үйлдвэрлэлтээр Франц тэргүүлдэг. Сүүлийн үед манай урд, хойд хөршид олон саяар нь үржүүлж байгаа. Харин манайд цөөн тоогоор л ахуйн хүрээнд үржүүлж байна. Өнөөдөр хүмүүс эрүүл мэнддээ ихээхэн анхаарч, зөв хооллолт гэж ярьдаг болжээ. Тэгвэл туулайн мах зөв хооллолтод хамгийн тохиромжтой. Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн гэхэд ч болно. Харин хаана, яаж үржүүлэх вэ гэдэг бол өөр асуудал.
Н.ЭНХ
URL: