Эрхэм гишүүд “гомджээ”
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлж өөрчлөхийг Засгийн газраас нэр бүхий 20 гишүүн шаардсан. С.Эрдэнэ, Д.Ганхуяг, З.Энхболд, Н.Батбаяр, Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Ш.Сайхансамбуу нар бусдыгаа төлөөлөн “Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс хойш Оюутолгойгоос Монголын төрийн эзлэх хувийг 50-д хүргэнэ” гэсэн. Анхны хөрөнгө оруулалтыг тонн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 4000 доллар байхад 4.8 жил, 6000 доллар бол 2.8 жил, 9000 доллар байхад хоёр жилд багтаан нөхөж болно гэж тооцжээ.
Гэтэл Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг Засгийн газар 30 жилээр байгуулсан. Үүнээс нааш төрийн эзэмшлийг 50 хувьд хүргэх боломжгүй болчихсоныг тэд эсэргүүцсэн юм. Энэ алдаагаа аравдугаар сарын 1-ний дотор зас гэсэн шаардлагыг Ерөнхий сайд С.Батболдод хүргүүлсэн юм. Тэгтэл Оюутолгойн ордын хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Камерон Макрей тэдний шаардлагад Засгийн газрын өмнөөс дур мэдэн хариу өгчихжээ. Тэрбээр энэ сарын 12-нд Австралийн “The Australian” сонинд “Монголын улстөрчид битгий шуналт” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байна. Ингэснээрээ Монголын ард түмний төрийн эрх барих төлөөлөл болсон УИХ-ын хууль тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавих эрхэд халдсан гэж дээрх гишүүд мэдэгдлээ. Тэд дээрх эрхэмд нээлттэй захидал илгээж, байр сууриа илэрхийлжээ. Уг ярилцлагад “УИХ-ын 20 гишүүн уул уурхайн засаглалд дахин өөрчлөлт оруулахаар оролдож байна. Монголын эрх зүйн орчин тогтворгүй, сүүлийн 12 жилд татварын хуулийг дөрвөн удаа өөрчилсөн” гэсэн аж. Үүнд нь гишүүд “Оюутолгойн гэрээг байгуулахдаа мөрдөх 57 дугаар тогтоолыг УИХ гаргасан. Гэвч Засгийн газар үүнийг биелүүлээгүй учир гэрээ байгуулсан цагаас бид үүнийг засахыг шаардсаар ирсэн, шинэ зүйл биш” гэсэн хариу өгчээ. Мөн бодит байдлыг гуйвуулан хэвлэлийг худалдан авч, худал тайлбар өгч буйд харамсаж байна гэжээ. Ноён Камерон Макрей эрхэм гишүүдийг сонгуулийн шоу хийж байна гэсэнд тэд “гомджээ”. Мөн татварын тогтолцоогоо байнга шинэчилж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжиж ирснээ хэлжээ. Харин ч бүр 68 хувийн татварыг тэглэж, алдагдал шилжүүлэх хугацааг дөрвөөс найман жил болгон сунгасан байна. Баялгаас олох орлогыг эзнээс нь илүү хүртэх нь харин ч шударга ёсонд нийцэхгүй гэдгийг дурджээ. “Рио Тинто”-гийнхон “Хойноос ирээд хот, хотонд ирээд хонь минийх” гэсэн увайгүй зан гаргаж байна гэсэн байна. 68 хувийн татварыг тэглэж, оронд нь нөөцийн төлбөрийн татвар авахаар болсон ч Оюутолгой үүнд хамаарахгүй байгааг ч сануулжээ.
URL: