Сүлжээний бизнесийг илрүүлэх ажлын хэсэг байгуулжээ

Сүлжээний бизнесийн хохирогчид хэрээс хэтэрчээ.

Улсын мөрдөн байцаах газарт сүлжээний хэргийн хохирогчдын хохирлыг тогтоох ажлын хэсэг ажиллаж эхэлсэн байна. Уг ажлын хэсэгт дүүрэг бүрээс хэрэг хариуцсан мөрдөн байцаагч нар багтаж байгаа аж. Одоогийн байдлаар Улсын мөрдөн байцаах газар хамгийн их хөдөлгөөнтэй байгаа газар нь тус ажлын хэсгийн өрөө болж хувирчээ.

Уг нь Улсын мөрдөн байцаах газар Захиргаа удирдлагын, Үнэлгээ, хяналт шалгалтын хэлтэс болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөх, Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэг мөрдөх, Хүнд гэмт хэрэг мөрдөх, Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх гэсэн албан ёсны долоон хэлтэстэй аж.

Харин дүүрэг тус бүрт мөрдөн шалгаж хүчрэхгүй байгаа хэргийг шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулах тохиолдлууд цөөнгүй гардаг гэнэ. Энэ удаа сүлжээний бизнес нэрээр залилан хийгсэд хэрээс хэтэрч, хохирогчдын тоо 6000 хол давсан учир энэ хэргийг шийдэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа нь энэ юм байна.

Сүүлийн жилүүдэд автомашин, байртай болгоно гэсэн сүлжээний залилангын хохирогч болсон олон хүн цагдаагийн байгууллагад хандсан байна. Саяхан “Байгаль Эрдэнэ” сангийнхан иргэдийг 650 мянган төгрөгөөр машинтай болгоно хэмээн сурталчилж, олон хохирогч “Үйлдвэрлэсэн”. Тэгвэл одоогийн байдлаар “Машин, байртай болгож өгнө” гэхээс гадна “Бэлэн мөнгийг чинь өсгөж өгнө” хэмээн иргэдийг залилсан сүлжээний найман хэргийг цагдаагийн байгууллага мөрдөж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар 6848 иргэн хохирогчоор мэдүүлэг өгчээ. Дээрх хүмүүсийн мэдээллийн мөрөөр цагдаагийнхан найман хэрэгт эрүү үүсгэсэн бөгөөд үүнээс “Говийн хөгжлийн ирээдүй”, “Барагдашгүй алмаз”, “Хүсэл мөрөөдлийн хүч” гэсэн гэсэн гурван газарт хамааралтай хэрэгт ялын дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байгаа.

Харин үлдсэн таван хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж, хохирогчдоос мэдүүлэг авсаар байна. Энэ мэт Илбийн карт, Ундран цацрах, Айсуй жаргал, Шинэ санаа, Жавхланг бадруулагч зэрэг олон сүлжээнүүдэд залилуулсан иргэд ар араасаа гарч ирсээр байгаа аж.

Ийнхүү зохион байгуулалттай залилан хийхээс гадна ганц нэгээрээ оюутан, залуусын мөнгийг хоёр дахин өсгөж өгнө хэмээн залилдаг хүмүүс ч гаарсан аж. Үүний хэрээр орон нутгаас сургалтынхаа төлбөртэй ирсэн оюутнууд бусдад залилуулж, мөнгөө алдсан хэрэг цөөнгүй бүртгэгдээд байгаа юм байна. Залилагчид мөнгөтэй оюутнуудыг “Ангуучлах”-аас гадна бусдыг өөрсдийн луйвартаа гишүүнчлэлээр элсүүлэх үзэгдэл ч ихэсчээ.

Үүнээс болоод өөрсдөө ч мэдэхгүй залилан мэхлэгч болоод хувирчихаж байгаа хүн их байгаа тухай мөрдөн байцаагчид анхааруулж байсан. Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн жилээс л “Сүлжээний бизнес эрхлэх замаар иргэдийг хуурч, залилж байгаа тохиолдлуудад газар дээр нь хяналт тавих үүднээс мэдээллийн сан бүрдүүлж байгаа” гэдэг мэдээллийг өгч эхэлсэн ч одоо болтол биеллээ олоогүй л байна.

Сануулж, сэрэмжлүүлээд байхад амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс сүлжээний бизнес эрхлэгчдийг өөгшүүлсээр байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн тоог бууруулахгүй байгааг ч цагдаагийнхан аргаа баран өгүүлж байсан юм. Иргэдийн өөрсдийнх нь буруутай үйлдлээс болж ийнхүү улс даяар хөдөлж, улсын мөрдөн байцаах газарт ажлын хэсэг байгуулаад байгаа юм байна.

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих