АНУ-д сүнстэй байшинг албаныхан буулгаж газартай тэгшиллээ

Америкийн  Индиана мужийн баруун хойд нутгийн Гэри хот дахь хүмүүсийн дунд сүнстэй байшин гэж нэрлэгдсэн  орон сууцны нэгэн жижиг байшинг нутгийн цагдаагийн газрын шаардлагаар засаг захиргаанаас шийдвэр гаргаж буулгасан байна. Цагдаагийн газрынхан “хараал идсэн энэ байшинд оршин суусан хүмүүс манайд байнга хуурамч дуудлага өгдөг” гэжээ.

50 настай, өнгөт арьстан эмэгтэй  Лотойа Аммонс энэ байшинг 2014 оны нэгдүгээр сард худалдан авч. Өмнөх эзэн нь санаанд багтамгүй хямд үнэ хэлсэн болохоор гурван хүүхдээ ганцаар тэжээдэг Лотойа ийм аятайхан саналааас татгалзаж чадалгүй худалдаж аваад ирж суурьшжээ.

Харамсалтай нь түүний баяр баясгалан удаан үргэлжилсэнгүй байшинд нь элдэв таамаглаж болшгүй үзэгдлүүд байн байн тохиож, амь насанд нь заналхийлэх болсон байна.

Шөнөөр гэрийнх нь тавилга, эд зүйл өөрөө хөдөлж, хаалга нь нээгдээд, харанхуйд туранхай хүний дүрс үзэгдэн өөр рүү нь хараад байдаг болсон гэнэ. Гэрэл асаахаар өнөөх дүрс алга болчихдог, аажимдаа хүүхдүүд нь шөнө нойрондоо ярьж, бүр босоод явдаг болжээ. Нэг удаа бага хүү Аммонс нь шөнөөр унтаа чигээрээ  босч ирээд “байшингийн жинхэнэ эзэн биднийг чөлөөлөхгүй байна” гэж ярьсан гэнэ.

2014 оны зургадугаар сард байшингийн дэргэдүүр өнгөрч явсан нэгэн хүн тэдний цонхон дээр яг хүн шиг сүг дүрс цонхны шилэнд гараа наагаад гадагшаа харж зогсохыг үзээд зургийг нь авсан байна. Энэ зураг интернетээр америк даяар тархаж дуулиан болжээ. Лотойа болохоор энэ үеэр гэрт нь хэн ч байгаагүй гэдгийг баталдаг.

Хөршүүд нь ч анэ байшинг худалдан асан хүмүүс эндээ удаан амьдардаггүй гэж ярьсан байна.

Лотойа үнэхээр цагдаад удаа дараа мэдэгдэж олон удаа дуудсанаа ярьж байна. Эхлээд цагдаагийнхан худал дуудлага өглөө хэмээн эмэгтэйг зэмлэдэг байсан ч  нэг удаа дуудлагаар ирсэн цагдаа тэдний гал тогоонд аяга, таваг, халбага сэрээ нь өөрөө хөдлөн бүр нисч байхыг нүдээр үзсэн байна.

Эцсийн эцэст хотын захиргаа, эрх баригчид Аммонсын гэр бүлийг өөр дүүрэгт шилжүүлэн сууц өгч, сүнстэй байшинг энэ хоёрдугаар сарын 8-ны өдөр бульдозероор газартай тэгшилж буулгасан байна.

Гэхдээ албан ёсны тайлбар, албан бичиг, шийдвэрт үл мэдэгдэх биет болоод эд зүйл нь нисч, хөдөлдөг энэ тэр гэсэнгүй зүгээр л “хүн амьдарч болохгүй” гэж тэмдэглэсэн гэнэ.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих