Гишүүд нэрээ бүртгүүлсэн ч, ажлаа хийхгүй байна
Намрын чуулган ирэх сарын 3-нд нээлтээ хийхээр товлосонтой зэрэгцэн ажлын хэсэг, байнгын хороод хуралдаж эхлэхийг холбогдох газраас үүрэгдсэн.
Тиймээс өнгөрөгч мягмар гаригт Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг товлосон ч, гишүүдийн ирц хүрэхгүй шалтгаанаар хойшлуулав. Бүр баасан гариг хүртэл шүү. Харин өчигдөр хуралдах ёстой байсан байнгын хороо мөн л ийм шалтгаанаар “үүдээ барив”.
Гэтэл бодит байдал дээр шаргал ордон зуныхаа нам гүм байдлаас аль хэдийнэ ангижирч, хөл хөдөлгөөн нэмэгдэх болсон. Түүгээр барахгүй УИХ-ын Тамгын газраас өнгөрөгч өдрүүдийн гишүүдийн ирцийн мэдээгээр байнгын хороо бүү хэл чуулганы нэгдсэн хуралдаан ч хийх ирцтэй байгааг тодруулсан.
Өөрөөр хэлбэл, байнгын хорооны хуралдаан зарласан өдрөөс хойш өдөр бүр 76 гишүүнээс 66 нь төрийн ордонд ажиллаж байгаа гэнэ. Тиймээс гишүүдийн ирц ямар байгаа талаар сонирхвол гадаадад болон орон нутагт томилолтоор хэд хэдэн гишүүн ажиллаж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Баяр УИХ-аас томилолт өвөртлөн өмнөд хөршийг зорьжээ. Тэрбээр есдүгээр сарын 19-нөөс эхлэн, тус улсад ажиллаж байгаа аж. Гэхдээ өнөөдөр албан томилолт нь дуусгавар болох юм байна. Мөн С.Бямбацогт гишүун Хятадын онцгой бүс болох Хонконг, ХТэмүүжин Япон, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Филиппин улсыг зорьсон бөгөөд энэ сарын 30-нд ирэх гэнэ. Харин УИХ-ын дэд дарга Г.Батхүү тойрогтоо ажиллаж буй.
Мөн УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Н.Батбаяр, Р.Раш, Ш.Сайхансамбуу нар эзгүй байгаа гэнэ. Гэхдээ тэд өнөөдрөөс буюу 30-ны хооронд Улаанбаатар хотод ирэх ажээ.
Харин төрийн ордноо ажилдаа ирсэн эрхэм гишүүд хоёр гурваараа нэгнийхээ өрөөнд хошуу холбон, албан бусаар байнгын хороо хуралдуулж сууна. Мөн ажилдаа ирлээ хэмээн ирцийн бүртгэлд нэрээ бичүүлээд, эргээд гардаг гишүүн ч олон байна. Тиймээс л Тамгын газрын бүртгэл бодит байдалтай зөрж, УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй байгаагаас намын бүлгүүд хуралдаан зарлаж чадахгүйд хүрч, түүнийгээ дагаад байнгын хороодын хуралдаан цуцлагдахад хүрээд буй.
Нөгөөтэйгүүр, хаврын чуулган өндөрлөх үед эрхэм спикер зарлиг гарган чуулганы завсарлагааны хугацаанд ажиллах ажлын хэсгүүдийн хуваарь, байнгын хороодоос өргөн барих хуулийн төслүүдийн жагсаалтыг гаргасан. Тухайлбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хоёр, Төрийн байгуулалт найм, Төсөв хоёр, Хууль зүй зургаа, Эдийн засаг зургаан ажлын хэсэг байгуулж, намрын чуулган эхэлтэл ажиллахаар ажил хэрэгч төлөвлөгөө гаргасан байв.
Гэвч хаврын чуулган завсарлахтай зэрэгцэн эрхэм гишүүд хаа сайгүй наадаж, амлан авсан ажлуудаа харин ч нэг “тамлан хаясан”. Тиймдээ ч гишүүд ажлын бэлтгэл муу хангасанаас үүдэн хуралдаандаа суухгүй, ирц бүрдүүлэхгүй байгаагийн нэг шалтгаан энэ юм.
О.Мөрөн
niigmiin toli
URL: