“Төвийг сахих нь: Тулгамдсан шаардлага уу, өнгөрсөн үеийн үлдэц үү”

61vp7k6nh18b6rc5k6edh1nl86_700x700

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 2009-2013 онд ажиллаж байсан, эдүгээ Москвагийн Олон улсын харилцааны улсын их сургуулийн Дипломат ажиллагааны тэнхимийн профессор, түүхийн ухааны доктор В.В.Самойленкогийн 2015 оны арваннэгдүгээр сарын 12-нд «Төвийг сахих нь: Тулгамдсан шаардлага уу, өнгөрсөн үеийн үлдэц үү» нэртэй өгүүлэл тус сургуулийн цахим хуудасны тусгай дугаарт нийтлэгдсэнийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

“Орчин үеийн олон улсын харилцаанд өнөөх л эмх замбараагүй, тодор­хой бус байдал, түүнчлэн интеграцийн үйл явц хурдсаж байгаатай зэрэгцэн улс ор­нуудын ашиг сонирхлыг зааглаж буй нөхцөл бай­дал нь оршин буй дэлхийн дэг журмыг нураах, дэлхий ертөнцийг шинэ хуваагдмал байдалд оруулахад хүргэж байна. Үүний үр дагавар болж төвийг сахих хэмээх мартагдсан дэг тогтолцоо за­рим нэг улс орны  сонирх­лыг эрхгүй татаж байна.

Төвийг сахих үзэл санааны эх үндэс XVI-XVII зуунд тавигдсан байх агаад Европын улс төрийн бодлогын огтолцол дээр суурилж байсан Швейцарийн өөрийн­хөө аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хан­гах эрмэлзэлтэй нь холбоотой байв. 1648 онд анх удаагаа хүлээн зөв­шөөрөгдөж, албан ёсоор 1815 онд Парисын энхтайвны хэлэлцээрээр батал­гаажсан төвийг сахисан статусынхаа ач үрээр тус улс ХХ зууны хамгийн их цус урсгасан их дайны гадна үлдэж, дэл­хийн баян чинээлэг, хан­галуун улсын нэг нь болж чаджээ.

“Хүйтэн дайны” үе болон Дорно, Өрнийн хоорондын сөргөлдөөний жилүүдэд төвийг сахих болон үл нэгдэх үзэл санаа юуны өмнө шинэ тулгар улсуудад өргөн дэлгэрч байсан юм. Гэвч сүүлийн 10-аад жил олон улсын хамтын ажиллагаа өргөжсөн даяаршлын  үед түүний ач холбогдол мэдэгдэхүйц буурсан билээ. Гэтэл Орос, Хятадын дунд орших Монгол Улс гэнэт байнга төвийг сахих статустай болох талаар саяхнаас ярьж эхэллээ. Түүгээр ч барахгүй Монголын парламент буюу УИХ-аар холбогдох хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.

Үүнийг юу гэж ойлгох вэ? шинэ чиг хандлага уу, “хуучин сэтгэлгээ”-ний ул мөр үү, эсвэл дотоод улс төрийн бодлогын тулгалтаас үүдэн гарсан хувийн чанартай учиг шалтгаан уу?

“Байнга төвийг сахих” гэдэг нь, өөрөөр хэлбэл зөвхөн дайны нөхцөл байдалд төдийгүй мөн энхтайван цагт ч төвийг сахихыг хэлэх бөгөөд тус улс өөр дээрээ дараалсан багц үүрэг авахыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой байдаг. Тэдгээрийн дотор, дайн, цэргийн мөргөлдөөнд оролцохоос татгалзах, гадаадын цэргийн баазад өөрийн газар нутгаа ашиглуулахгүй байх, гадаадын цэргийг өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхийг хориглох, цөмийн зэвсгээс татгалзах, эдийн засгийн хориг, бүслэлтийн арга хэмжээнд оролцохоос татгалзах зэрэг орно. Төвийг сахисан улс нь шууд болон шууд бусаар цэргийн сөргөлдөөн болон зэвсэгт мөргөлдөөнд хүргэж болзошгүй гишүүнчлэлтэй аливаа  байгууллага, эвсэл холбоо, бүлэглэлд орохоос татгалзах ёстой байдаг. Бусад улсад дайсагнасан агуулгатай суртал ухуулгыг нутаг дэвсгэртээ оруулахгүй байх, бусад улсуудын эсрэг дайны үйл ажиллагаатай холбоотой, түүний дотор дотоодын зөрчилдөөнийг үүсгэх зорилготой этгээдийг нуухгүй байх, террорист байгууллагын оролцогчдын сурталчилгааны үйл ажиллагааг хориглох зэрэг болно.

Гэхдээ үүнээс гадна, төвийг сахих бодлого баримтлахаар шийдсэн улс бие даасан хөгжил, эдийн засгийн бие даасан байдал болон батлан хамгаалах өөрийн чадавхитай, тогтвортой санхүүгийн тогтолцоо, хангалттай хөгжсөн эдийн засагтай байх ёстой. Өөрөөр хэлбэл төвийг сахисан улс нь гадаадын санхүүгийн болон эдийн засгийн тусламж дэмжлэг, гадны цэргийн болон зэвсэг техникийн нийлүүлэлтээс хамааралгүй байх ёстой юм.

Монгол Улс газарзүйн цорын ганц өвөрмөц байршилтай, учир нь дэлхийд хамгийн том газар нутгагтай, мөн хамгийн олон хүн амтай хоёр улсын дунд оршдог,  хоёр хөрш нь худалдаа-эдийн засаг, улс төрийн нягт харилцаагаа харилцан дэмждэг, ойрын стратегийн түншүүд юм. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрш улс Орос, Хятадтай тогтоосон идэвхтэй хамтын ажиллагааг онцолсон байдаг.

Үүний зэрэгцээгээр “гуравдагч хөрш” хэмээн нэрлэж буй дэлхийн тэргүүлэх бусад улстай харилцаагаа хөгжүүлэх шаардлагатай. Хил залгаа хоёр хөрштэйгээ нягт хамтын ажиллагааг хөгжүүлж, тэдгээртэй стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон нь Монгол Улсын гадаад хил хязгаарын аюулгүй байдлыг найдвартай хангаж, түүнийг геополитикийн нэлээд таатай байдалд байлгаж байгаа нь тодорхой. Түүгээр ч зогсохгүй Орос, Хятад төдийгүй, саяхан олон улсын хамтын нийгэмлэг  Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрч, зохих хариуцлагуудыг өөртөө хүлээсэн билээ.

Өнөөдөр Монгол Улсын оршин буй бүс нутагт Азийн улсуудын хамгийн өргөн хамтын ажиллагаанд чиглэсэн нэгдэх үйл явц өрнөж байна. ШХАБ, БРИКС, АХАИБЗ, “Шинэ торгоны зам”, Монголын “талын зам” төсөлд хамаарах Евразийн эдийн засгийн холбооны хүрээн дэх интеграцийн үйл явц зэрэг нь тэдгээрт орсон улс орнуудын ашиг сонирхлыг  илэрхийлсэн эдийн засаг, санхүү болон улс төрийн салбарын хамтын ажиллагааны мөчирлөсөн сүлжээг бүс нутагт буй болгож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар эхэлсэн бүс нутгийн ирээдүйн талаархи Орос, Хятад, Монгол Улсын удирдагчдын зөвлөлдөх үйл явц нь үр өгөөжтэй гурван талт хамтын ажиллагааны хандлагыг нээж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, дотоодын бусад эрхзүйн нэлээдгүй баримт бичгүүдэд тус улсын цөмийн зэвсэггүй статустай холбоотой асуудал, гадаадын цэргийг өөрийн нутаг дэвсгэрт байршуулахыг хориглох, гадаадын цэргийн бүлэглэлийг нутаг дэвсгэрээрээ дамжин өнгөрүүлэхгүй байх, мөн энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, ямарваа нэг цэргийн холбоонд эвсэхгүй байх талаар аль хэдийн заасан гэж уг нь ойлгомоор. УИХ-аар батлагдсан Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэст аливаа маргаантай асуудлыг шийдэхэд зэвсэгт хүчнийг хэрэглэхээс татгалзах, бусад улсад түрэмгийлэх, хүчээр заналхийлэх болон зэвсэгт хүчнийг түрүүлж хэрэглэхээс татгалзахыг заасан байдаг.

Тиймээс тал нутгийн бүгд найрамдах улсын “байнга төвийг сахих” санаачилга нь Ази дахь хамтын ажиллагааны хөгжлийн чиг хандлагаас гажсан байгаа нь гэнэт гарч ирсэн зүйл мэт харагдаж байна. Үүнтэй холбоотой тодорхой асуултууд гарч ирж байгаа ба үүнд хариулт олвол сайн байхсан.

Тухайлбал,  дэлхийн болон бүс нутагт юу өөрчлөгдөж, Монголд нэн таатай стратегийн тогтвортой байдлыг хангаж байгаа Ази дахь интеграцийн үйл явц яагаад эргэлзээ төрүүлэв? Улаанбаатар ямар шинэ аюул, дуудлага харав, хэн хэний хооронд төвийг сахин хамгаалах гэж байгаа юм бэ? Хоёр хөрштэйгөө итгэлцлийн түвшнийг бууруулах тухай яриа биш л болов уу. Эсвэл магад, төвийг сахих нь “гуравдагч хөрш”-ийн бодлогын шаардлага, үр ашиг байхгүйн нотолгоо юу?. Ерөнхийдөө, багагүй асуултууд гарч байна.

Одоогоор хариултууд олдохгүй байна. Үүнтэй холбоотойгоор, Монгол Улсын төвийг сахих бодлого гаргах санаачилга нь гадаад бодлоготой холбоотой тодорхой зорилтуудыг шийдвэрлэх бус харин илүү өөрийн улс руу олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татах гэсэн түүний удирдлагын хүсэлтэй илүү холбоотой болов уу. Эдийн засгийн хүндрэлтэй байдал, нийгэм дэх шүүмжлэлтэй хандлага, дотоод улс төрийн хурц зөрчлийн улмаас Улаанбаатар эдгээр асуудлаас гарахын тулд идэвхтэй гадаад бодлогоо золиосолж байна.

Дэвшүүлж буй  санаачилгад нь нэмэр болно хэмээн үзэж, сүүлийн жилүүдэд Монгол Улс хэрэг дээрээ дэлхийн бүх улстай дипломат харилцаа тогтоосон тухай, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) гишүүн болж, Улаанбаатар хотод “Ардчиллын” форум болон ЕАБХАБ-ын Парламент хоорондын Ассамблейн чуулганыг  зохион байгуулсан хийгээд АСЕМ-ын орнуудын удирдагчдыг хүлээн авахаар бэлдэж буй тухайгаа, солонгосын асуудлыг зохицуулах талбар болох талаараа ярьцгаах болов.

“Улаанбаатарын найдвар нь төвийг сахих статустай болж гэмээнэ, Монгол Улс идэвхтэй гадаад бодлого явуулж буй мэт харагдсанаар анхаарлыг өөр лүүгээ татаж, олон улсын бодлого, дипломат үйл ажиллагааны төв болох, чуулган, бага хурал,  яриа хэлэлцээний “Азийн Швейцарь” лугаа  аятайхан газар болно хэмээн тооцоолж байна. Энэхүү тооцоогоор дурдсан статус нь тус улсад асар том гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын хурдацтай хөгжин цэцэглэх зам мөрийг нээх гэнэ” гэсэн байна.

Орчуулсан Д.Уламбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих