Улаанбуудай улстөржилтийн цасанд дарагдав
Анхны цас нэвсийтэл орсныг хүмүүс хараад уулга алдан баярлаж байхад зарим хүнд тэр тусмаа газар тариалангийн салбарынханд үр тариа хөлдөх вий гэсэн зовинол төрсөн байх.
Холбогдох газраас нь лавлаж ургац хураалт өчигдрийн байдлаар 85 орчим хувьтай байгааг мэдлээ. Цочир хүйтрэлээс урьтаж ийм өндөр хувьд хүрсэн нь сайн хэрэг. Дээр нь манай Засгийн газрынхны хэлээд байгаачлан тариа, ногоогоороо дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, үтрэм, агуулахдаа багтаж шингэхгүй болтол нь овоолж байгаа нь ч нэн онцлууштай.
Шилжилтийн ид үед ядруухан амьдралтай айлд зочилсон хотын нэгэн төлөөлөгч “Ам дүүрэн сахалтай, хөнжил дүүрэн хүүхэдтэй болоорой” гэж ерөөхөд айлын эзэгтэй тун таагүй хандсан гэдэг. Шалтгаан нь Сангийн аж ахуй, бригадууд эзгүйрч, олон хүүхдээ тэжээх гэж ядаж байхад нь дахиад хүүхэдтэй болохыг зөгнөсөн нь эзэгтэйн хувьд байж болшгүй хэрэг болж таарсан байна.
Үүнийг яагаад ярив гэхээр саяхан тариалангийн бүс нутгуудтай холбогдож, цаг агаарын нөхцөл байдлыг асуутал өөдөөс “Цаг агаар яах вэ, шал өөр асуудалд та нар анхаарах хэрэгтэй байна” хэмээн хэлж байна. Өнөөх шал өөр асуудал нь юу гэхээр, ургацын талбайгаас ангилж, ялгаж, хурааж бөөн зардал болсоор үтрэм рүү ачсан үр тариаг нь гурилын үйлдвэрүүд худалдаж авахгүй байгаа гэнэ. Бүр нэр цохоод хэлчих гэрээ байгуулсан гурилын үйлдвэр нэг ч алга гэнэ. Өвлөөс бусад улиралд тайван ч суух завгүй ажилладаг тариаланчид ийнхүү цаг, агаар, тэнгэр хангайд бус борлуулалтын сувагтаа санаа зовинох боллоо. Харин тэднийг ийм байдалд оруулсан этгээдүүд болох Улстөрчид энэ талаар бодож байгаа болов уу.
“Атрын III” аян гэж сүүлийн жилүүдэд баахан шоудахдаа үндэсний үйлдвэрлэл, бид чадлаа гэх мэтээр ярьснаас өөр юу хийсэн бол. Манай сурвалжлагч Төв аймгийн нэгэн удирдах ажилтантай ярилцахад “Тариаланчид “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д л 2000 тонныг нийлүүлсэн. Гурилын үйлдвэрүүд буудай худалдаж авахгүй байгаа” хэмээн ярьжээ.
Мөн тариалангийн томоохон бүс нутаг болох Сэлэнгэ аймагтай холбогдоход ч ийм зовлон тоочсон байгаа юм. Тус аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, “Үр тарианы борлуулалт тааруу байна. Гурилын үйлдвэрүүд “Зах зээл” гэж ярьцгаагаад ОХУ-аас хямд үнэтэй улаанбуудай авах гэж байгаа бололтой. Тиймээс гурилын үйлдвэрүүдийн дарга нарын “чихийг зөөлрүүлэх” арга хэмжээ авах хэрэгтэй байна. Борлуулалт муу байгаагаас үр тариагаа үтрэм дээр, зарим тохиолдолд ил газар шороон дээр ч буулгаж байгаа” хэмээн ярьжээ.
Өнгөрсөн жилийн өдийд тариаланчид болон гурил үйлдвэрлэгчид хэлэлцээрийн ширээний ард сууж, үнэ ханшаа тохиролцож байсан санагдана. Өнөөх л тээврийн зардал, хол ойрынхоо тухай ярьж байж арай ядан наймаагаа хийж байсан бол энэ жил тариаланчид болон тээрэмчдийн дунд ямар ч учраа байсангүй. Дэлхийн зах зээл дээр өнөөдөр тонн улаанбуудай 640 ам.доллар.
Харин дотоодын буудайн үнэ энэ намар тонн нь 350 мянган төгрөг байгаа юм. Тариаланчид дэлхийн зах зээлээс доогуур үнийг санал болгожээ. Тэгвэл ОХУ дэлхий болон манай зах зээлээс хамаагүй доогуур үнэ буюу 270-280 мянган төгрөгөөр бидэнд нийлүүлье гэсэн бололтой. Орост яагаад ийм хямд байна вэ гэхээр, тэд байгаль, цаг уурынхаа буянаар нэг га талбайгаас 40-50 центнер буудай авч чаддаг. Харин манайд зүтгэж, зүтгэсний эцэст 15-20 центнер буудай л авдаг гэнэ.
Угаасаа ч ОХУ дэлхийн зах зээл дээр жилд 20 сая тонн улаанбуудай нийлүүлдэг томоохон экспортлогч тул манай зах зээлийг “инээж байгаад” унагаж чадна. Ингэж унагаж чадах байснаа ч мэдэж байсан тэд манай улсад сүүлийн хэдэн жил өрнөсөн сүртэй аяныг цаанаа шоолж байсан нь гарцаагүй.
Эсрэгээр нь бид дотооддоо тариа тарихаа больж, ОХУ-аас импортлоод байя гэвэл тэд нэг л өдөр юун нэг тонн нь 270-280 мянган төгрөг, харин ч дэлхийн зах зээлийн ханшаар бидэнд зарж чадна. Ийм л байдал биднийг үйлдвэрлэгч орон болгох боломжийг үгүй хийж байгаа юм. Үүнийг нь ч манай улстөрчид мэдсээр байж “Бид чадлаа. Одоо хямд гурил иднэ” гэж хуурч зүрхэлдэг ажээ. Дахиад нэг зун өнгөрөхөд тэдний дундаас газар тариалангийн талаар ярих тун цөөн хүн үлдэх вий дээ.
Газар тариалангийн үйлдвэрлэл мах, сүүнийхээс дэндүү өөр. Өөр нь юундаа байдаг гэхээр ашгаа хоёр жилийн дараа өгдөг үйлдвэрлэл юм гэнэ билээ. Товчхондоо энэ жил уринш хийлээ гэхэд ирэх жил нь тариалалтаа эхэлдэг. Энэ дарааллынхаа дагуу энэ жил зарцуулсан мөнгөнийхөө үр дүнг ирэх жил нь авдаг байна. Тийнхүү хөрөнгө зарж, зун, намаржин хадлан, тариалангийн тухай социалист дуу дуулалдаж ажилчихаад яг тариагаа хураахад буудай нь үтрэмийн гадаа шороотой хутгалдаж байвал ямар байх бол. Лав л сайхан санагдахгүй байх.
Тэгээд ч бид “Манай зах зээл нээлттэй шүү” гэж байгаа юм шиг ази, европыг холбосон “агуу” төмөр замтай улс. Төмөр замынх нь буянаар өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа гурилын үйлдвэрүүд хажууд байгаа Төв аймгаас улаанбуудайгаа ачсанаас төмөр замаараа хилийн чанадаас ачуулсан нь дээр гэж үзэж байна.
Одоо тариаланчид тэнгэр хангайд залбирахаас гадна Улаанбуудайн гаалийн татварыг хурдхан нэмээсэй гэж хүсэж байгаа биз. Тэдний энэ хүслийг нь өнөөх “Үр тариагаа тариад бай. Ургуулаад бай” гэж уриалж асан улс төрчид л нэг тийш болгоно. Чуулган эхлэхээс урьтаж гурил үйлдвэрлэгчид ОХУ-аас буудайгаа ачуулчихвал атар газар эзэмшсэн гэх түүх, тариаланчдын сүлд дуутайгаа хамт үтрэмийн гадаах буудай шиг хэвтэх биз ээ.
Т.Есөн-Эрдэнэ
URL: