ХҮН-ынхан дотооддоо зөрчилдөж, намын даргаа эсэргүүцэж эхэллээ

hun

Монгол түмний хүсэн хүлээдэг жилдээ ганцхан тохиох сар шинийн баяр өнгөрсөн өдрүүдэд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Улс төрийн халуухан үйл явдлууд баярын уур амьсгалд дарагдаж, ээлжит бус чуулганыг хүлээсэн олон асуудлууд шил шилээ даран хүлээж байна.

Тэгвэл цагаан сарын өмнөхөн саяхан шинээр байгуулагдсан ХҮН буюу Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөл хуралдсан байна. Тэрхүү хурлаас нэгэн сонирхолтой шийдвэр гаргасан нь одоог хүртэл нам дотор нь зөрчил, тэмцэл, үл ойлголцлыг дагуулсаар байгаа гэнэ. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг намын дарга нь гаргасан байна.

Удирдах зөвлөлийн олонх нь Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандын удирдах арга барилд нь дүгнэлт хийж, цаашид удирдуулах боломжгүй гэж үзсэн учраас намын даргадаа хүсэлт гаргажээ. Үүнийг нь намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатар харгалзан үзээд ийнхүү үүрэг ажлаас нь чөлөөлжээ. Удирдах арга барилд дүгнэлт хийнэ гэдэг бол намын ажлыг авч явж чадахгүй байна гэсэн үг юм. Харин түүний орны хүнийг мөн Удирдах зөвлөлийн хурлаас томилсон юм. Тодруулбал, Н.Одонгуаг эзгүй болоод буй Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд томилжээ. Н.Одонгуа нь тус намын анхны үүсгэн байгуулагчдын нэг Сувилахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан өндөр боловсролтой зарчимч эмэгтэй гэдгээрээ намынхаа гишүүдэд үнэлэгддэг ажээ.

Гэтэл цагаан сарын шинийн нэгний өдөр олны гайхшруулсан нэгэн мэдээлэл гарлаа.Тодруулбал, ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд Архангай аймгийн өндөр настан, намынхаа дэмжигч ахмад настан Х.Дүнхэр гуайд хүндэтгэл үзүүлсэн юм. Уг нь түүнийг өдөр хоногийн өмнө хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас үүрэгт ажлаас нь чөлөөлж, орны хүнийг нь хүртэл томилсон. Ийм байхад хуучин дарга нь хуучин ажлаа хийж, намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж яваа нь ихээхэн сонирхол татаж байв. Энэ бол товчоор хэлбэл Удирдах зөвлөлийн шийдвэрийг дагахгүй байгаагийн илрэл болов уу. Зарим эх сурвалжуудын таамаглаж буйгаар Т.Доржхандыг удирдах арга барилд дүгнэлт хийсэн гэх нэрийдлээр С.Ганбаатар өөрийн багийг бүрдүүлж, хуучин гишүүдийг нь тоглоомын тойргоос гаргах гэж буй хэрэг ч хэмээн үзэж байна.

                  

Үүний дараахан тус намын нийслэлийн намын хорооны дарга Ц.Түвшинтөр өөрийн албан тушаалаасаа татгалзаж байгаагаа мөн мэдэгдсэн юм. Тэрбээр намын даргадаа хандаж, ХҮН дээд үзлийг өмнөө тавин улс орныг хямрлаас гаргах, зөв хөгжилд хөтлөх зөв бодолтой залуус ХҮН-д нэгдлээ гэж бодож байсан. Би эндүүрч. Та намын даргаар ирлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга буулаа. Энэ бүхнийг би харлаа. Зөв бурууг би дэнслэхгүй ээ. Шударга үнэн миний хувьд агаар юм. Түүнгүйгээр би үхэх гээд байдаг юм. Хөдөлмөрийн үндэсний намын гишүүнчлэлээс миний бие өнөөдрөөс эхэлж татгалзаж байна. Гишүүнчлэлээс хас ч өгнө үү” гэжээ. Энэ нь намын дарга болон гишүүдийн хооронд үл ойлголцол бий болсны илрэл юм. Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлсөн болон С.Ганбаатар намын дарга болсон нь Ц.Түвшинтөрд таалагдсангүй бололтой.

Тэгвэл дахин нэг гишүүн нь намын даргаа эсэргүүцэж ил захидал бичлээ. ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Мөнхбат хэмээх залуугийн бичсэн захидлаар бол С.Ганбаатар ХҮН-д ирсэн цагаасаа хойш нам уур амьсгалыг таагүй болгож байгаа аж. Энэ тухай тэрбээр, “Та ХҮН-д ирээд юу болов?

1. Худал хуурмаг ил болов

2. Цагаан сарын битүүний өдөр намын залуучуудаа хоёр хуваалаа

3. 11-ны орой асуудлаа шийдтэл золгохгүй гэж хэлчихээд 12-ны орой золгож, өөрийгөө хууль бусаар ЕНБД гэж зарласан Н.Одонгуаг баталгаажуулах гэж оролдов

4. Намын дүрэм зөрчиж Хариуцлагын Ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлсөн бичиг дээр гарын үсэг зурж дүрмээ уландаа гишгэдгээ харуулав.

Танд ҮНЭН, хэлсэндээ хүрдэг ЗА байна уу. Ингэх тусам таны Ерөнхийлөгч болох хүсэл тань танаас холдсоор байгааг зөвлөх хүн таны эргэн тойронд алга уу” гэжээ.

ХҮН-ын гишүүд болон дарга нь улс орны ирээдүйг одоо бид авч явах ёстой гэж байнга ярьдаг. гэтэл байгуулагдаад жил ч болоогүй тус намын дотоод дахь тэмцэл ийнхүү хурцдаж, сандал ширээ эрх мэдлийн төлөөх тэмцэл эрчимжиж байгаа нь туйлын сонирхолтой. 80 жилийн түүхтэй, 10 жилийн түүхтэй намуудын дотоод асуудал ийм байдалд хүрээгүй байхад дөнгөж гараанаас гарч буй тус намынхан одооноос дотооддоо зөрчилдөөд эхэлбэл ирээдүй нь тун ч их бүрхэг байх болов уу.Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ХҮН дотроо хоёр хуваагдаад байгаа аж. Нэг хэсэг нь намын даргын тал. Нөгөө хэсэг нь намын дарга С.Ганбаатарын эсрэг юм байна. Тэд бүр намын даргаа солих талаар ч эрчимтэй ярилцаж эхэлсэн гэдгийг зарим эх сурвалжууд онцолж байна.

Г.Ган

Эх сурвалж: zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих