Монголын Засгийн газар хэлэлцээг хойшлуулсан тухай “Хан ресурс” мэдэгдлээ

han res

“Khan Resources” компани өнгөрсөн оны сүүлийн гурван улирлын тайлангаа танилцуулж, арбитрын асуудлаар Монгол Улсын Засгийн газартай хийж байгаа хэлэлцээний талаарх шинэ мэдээллээ гаргажээ.

Тус компанийн мэдээлснээр талууд өнгөрсөн оны 12 болон энэ оны нэгдүгээр сард уулзалт зохион байгуулсан ч Монголын Засгийн газрын хүсэлтээр яриа хэлэлцээг хойшлуулсан гэнэ.

Дараагийн уулзалтын тов гараагүй байгаа тухай ч тэд мэдээлжээ. “Khan Resources” компанийн хувьд Парисын арбитрын шүүхийн шийдвэрийг баталгаажуулахаар АНУ-ын шүүхэд хандаад байгаа бол Монгол Улсын Засгийн газар арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Парисын давж заалдах шатны шүүхэд хандаад байна.

Эдгээр шүүх заргын асуудал энэ оны сүүл, ирэх оны эхэн хүртэл үргэлжлэхээр байгааг “Khan Resources”-ээс мэдээлэв. Парисын арбитрын шүүхээс “Монгол Улсын Засгийн газар дээрх компанийн эзэмшиж байсан Дорнод ураны тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг цуцалсан нь хууль зөрчсөн үйлдэл” болсон гэж үзэн, компанийн алдагдлыг нөхөн төлүүлэхээр шийдсэн билээ.

Эдүгээ нөхөн төлбөрийн хэмжээ ойролцоогоор 106 сая ам.доллар болоод байгаа ажээ. Хүүгийн төлбөр жилд 2.65 сая ам.доллараар нэмэгдэж буй юм байна.

М.Галт


URL:

Сэтгэгдэл бичих