Хуурмаг элит буюу бэлгэдэлд хүлэгдсэн орчин үе

баян

“Байгаль дэлхий хэмээх амьд баганасын сүм

Барьцгүй энэ мэт үгсийг үе үехэн илгээнэ

Танимхайрсан харцаар зүг бүрээс ширтэх

Таагдашгүй бэлэгдлийн шугуйд хүмүүс хөлхөлдөнө…”

Шарль Бодлер

“Correspondences”

Хуурмаг элит буюу бэлгэдэлд хүлэгдсэн орчин үе

Байгаль хоосон орон зайг үзэн яддаг…

Нэрт зохиолч, философич Х.Явүз бээр Түрэгийн орчин үежилтийг тэмдэг судлалын үүднээс судлаад сонирхолтой дүгнэлт хийжээ. Тэрбээр орчин цагийн Түрэг оронд буй хямралын гол шалтгаан нь тус улсад орчин үежих үйл явц тодорхой ойлголт, баримтлалд бус бэлгэдэлд үндэслэснээс улбаатай гэж үзсэн байна.Энгийн үгээр хэлвэл энэ нь XVIII зууны Европын иргэншлийн соён гэгээрлийн дараачаас түгэж тархсан хүний эрх, ардчилал, ялгарал, иргэний нийгэм гэх ойлголтуудыг өөриймшүүлж чадаагүй гэсэн үг аж. Францын хувьсгалын оюун санааны үндсийг тавьж, нийгмийн сэтгэлзүйг утга зохиол, урлагаар дамжуулан бэлдэж өгсөн Вольтэр, Дидро нарын мэргэдийн шүүмжлэлт эргэлзэгч оюун санааг бус ердөө л хувьсгалыг гардан удирдсан Робесперийн догматик якобинч оюун санааг өөриймшүүлсэн нь угтаа бэлгэдлийн сэтгэлгээг л бий болгосон гэх санааг Түрэгийн их сэтгэгч илэрхийлсэн хэрэг.

Х.Явүз эрхэм нэгэн бүтээлдээ “Өнөөдрийн орчин үежилтийн хямралын уг урхаг нь ойлголтын орон зайг бэлгэдлүүд дүүргэснээс болж байна. Байгаль хоосон зайг үзэн яддагтай адил соёл ч хоосныг үзэн яддаг. Латин хэлнээ “horror vacui” гэдэгчлэн байгаль соёл аль аль нь хоосон зайг заавал дүүргэдэг. Манай нийгмийн үнэт зүйлд бэлгэдлүүд Европоос дэлхийд түгсэн соёл иргэншлийн суурь үндсэн ойлголтуудыг орлох болсноос Түрэгчүүд бид бэлгэдлийг иргэншил хэмээн ташаарч,иргэншлийг ойлголт, мөн чанараар нь бус бэлгэдлээр байгуулж байна хэмээн эндүү бодох болжээ” гэж бичжээ.

Түрэгүүд хэрхэн орчин үежив?

Тэрбээр цааш нь, “Төгөлдөр хуур тоглох, малгай өмсөх, францаар ярихыг өрнөжихийн нэг хэсэг гэж болох хэдий ч, энэ нь цогц мөн чанарыг илэрхийлэхгүй. Учир нь өрнөжих хэмээгч нь өөрөө иргэншилийн үйл явц.Аливаа иргэншил зөвхөн өөртөө хамаарах цогц ойлголтоор л илэрч болно. Тэгэхээр өрнийн иргэншил төгөлдөр хуур тоглох, малгай өмсөх эсхүл францаар ярих зэргээр бус соёлын хүрээнд шинжлэх ухаан, философи улс төрийн хүрээнд ардчилал хүний эрх иргэний нийгмийн ойлголтоор илрэх учиртай. Түрэгчүүд орчин үежилт өрнөжилтийг бодит харагдах бэлгэдлээр хүлээж авдаг учир хэсгийг бүхэл гэж эндүүрсэн ба аливаа иргэншлийг идээшүүлэх нь хийсвэр ойлголтоор л боломжтойг анзаарч ялгаж чадсангүй. Амьдрах хэв маяг аливаа иргэншлийн чухал шинжийн нэг боловч дангаараа төлөөлж чадахгүй. Амьдрах хэв маяг бол иргэншлийн нэг хэсэг боловч иргэншилтэй адил тэнцүү зүйл биш” хэмээн бичиж байна.

Тэгэхээр өрнийн иргэншил төгөлдөр хуур тоглох, малгай өмсөх эсхүл францаар ярих зэргээр бус соёлын хүрээнд шинжлэх ухаан, философи улс төрийн хүрээнд ардчилал хүний эрх иргэний нийгмийн ойлголтоор илрэх учиртай

Х.Явүз судлаач Османы эзэнт улс зэрэг Түрэгийн эрт үеийн романуудад гардаг бүсгүйчүүдийн дүр бүгдээрээ төгөлдөр хуур тоглож, эрэгтэй баатрууд нь франц хэл сурах сонирхолтой байдгийн шалтгааныг судалж үзээд, төгөлдөр хуур, франц хэл гэсэн хоёр бэлгэдэл Османчууд Танзиматтай цуг эхэлсэн өрнөжиж орчин үежих үйл явцын биелэл ба төгөлдөр хуур тоглох, францаар ярих товчдоо европ хүн лүгээ адил хувцаслаж, европчуудын амьдралын хэв маягийг дуурайх нь Османчуудын хувьд орчин үежихийн бэлгэдэл, тэмдэглэгээ гэж дүгнэсэн байна.

Хилми Явүзийн үзэж байгаагаар, орчин үежилтийн мөн чанарыг энэ маягаар бэлгэдэл гэж ойлгох нь Бүгд Найрамдах Улсын үед ч үргэлжилж, харин ч бэлгэдэл нь олшрон нарийссан аж. Танзимат Сэрвэт-и фюнүний үед уран зохиолын эр эм дүр баатрууд нэг л статусын бэлгэдэлийг эзэмшиж эрэгтэйчүүдийн хувьд францаар ярих тэргүүтнээр илэрч байсан бол орчин үеийн Бүгд Найрамдах Түрэг улсын үед статусын бэлгэдлийн тоо хязгааргүй нэмэгдсэн. Үүнийг тэрбээр статусын бэлгэдэл гэж тодорхойлоод буй юм. Орчин үеийн амьдралын хэв маяг, түүнээс улбаатай амьдралын хүрээ ихээхэн олон янз болсон учраас статусын бэлгэдэл нэмэгдсэн нь мэдээж.

Онол номондоо элит хэмээгч нь

Энд өгүүлэн буй статусын бэлгэдэл буюу өнгөц хэлбэрийг шүтсэн үзэгдэл Монголд ч улам бүр хүчээ авсаар байна. Тийм учраас Монголчууд бидний амьдарч буй үеийг “бэлгэдлийн орчин үе” хэмээн нэрлүүштэй санагдана. Италийн нэрт социологич Вильфредо Парето элитийн онолдоо элитийг нэлээд өргөн утгаар, олон талаас нь тайлбарласан. Тэрбээр ажиллаж амьдарч буй салбартаа хамгийн дээд үнэлгээг авсан хүмүүсийн бүлгийг элит гэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл амжилт олсон худалдаачин, амжилт олсон жүжигчин, амжилт олсон демимондэн (хээнцэрлэгч дээд зиндааны бүсгүй) амжилт олсон улс төрч, амжилтад хүрсэн профессор бүгдээрээ элитэд хамаарна гэж тэр үзэж байв.

Элитийг ийнхүү өргөнөөр авч тодорхойлох нь саармаг үнэлэмжийн утгатай ба эрх мэдэл, эд баялаг, мэдлэг гэх мэт зүйлсийн нийгмийн үнэлэмжийн хэмжээсийн хамгийн дээд шат давхаргыг хамаарах юм. Парето элит гэх нэр томьёог шашин (хамгийн ариун), урлаг (хамгийн  явдалт буянлаг) тийш өргөжүүлэн авч үзэхэд ч бэлэн байжээ. Түүгээр ч зогсохгүй Парето түүхийг элитийн хөдөлгөөн сэлгээ (circulation of elite) хэмээн үзэж байв. Хуучин элитийг шинэ элит халах маягаар тойрог хүрээгээр хөдөлж сэлгэж байдаг гэж тэр дурьдсан нь бий.

Хуурмаг элит буюу бэлгэдэлд хүлэгдсэн орчин үе

Хуурмаг элитүүд буюу бидний төрх

Паретогийн санааг дэлгэрүүлээд бодоход, Монголын улс төржсөн хуурмаг элитийг тодруулдаг шагнал нь элитийн сэлгээ шилжилтийг гацааж, уг давхаргаа мөхөөх хэрэгсэл болчихжээ. Манай шагналаар тодорсон элитийг иргэншсэн, ардчилсан, жинхэнэ элит гэхэд хэцүү. Харин улс төржсөн төрөөс хараат,тоталитар, авторитар, хуурмаг элит гэж нэрлэж болох юм.

Социологийн ухааны нэр хүнд, статус гэсэн ойлголтыг жишиж үзэцгээе л дээ. Монголын нийгэмд нэр хүнд гэх ойлголтыг статус гэх ойлголт үгүй хийчихжээ. Өөрөөр хэлбэл монголын элит хэсгийг нэр хүнд бус статус, байгаа байдал нь тодорхойлж байна. Үлгэр дууриал үзүүлэхүйц, сэвтээгүй нэр төртэй тэрбумтан, эсвэл улс төрийн лидерийг одоо цагт хайгаад үзээрэй. Хувь хүний нийгэмд олж авсан байр суурийг статус гэх бол, тухайн статусын үнэлгээг нэр хүнд (prestige) гээд тодорхойлчиход буруудахгүй. Монголын нийгэмд хувь хүний нэр хүнд, хүндлэл хүлээж буй байдал статустай ихээхэн хольж хутгацгаах болж. Сайд бол хүндэлнэ, сайд болж байж л хүндлэгдэнэ. Та мөнгөтэй байгаа учраас л таны өмнө бөхөлзөх хэрэгтэй болно. Энэ бол элитийн гэхээсээ илүү шинэ баяжсан дамчинд л илэрдэг сэтгэлгээ мөн. Товчхондоо бидний чадан ядан хүрсэн статус л нэр хүндийг маань орломор болж байна.

Шагнал бол нэр хүндгүйн баталгаа

Статусын бэлгэдэл нь элитүүдийг илэрхийлэх болсны тод жишээ нь шагнал бөлгөө. Өөрөөр хэлбэл шагнал хэмээгч зүйл тэртээ нэгэн цагт франц хэл, төгөлдөр хуур Түрэгийн элитүүдийн бэлгэдэл байсны адил монгол маягийн символизм юм. Х.Явүзийн тодорхойлсон Түрэгийн орчин үеийг бэлгэдлийн орчин үе хэмээн нэрлэсэнтэй агаар нэгэн орчинг бид бий болгочихжээ.

Төөрөгдөл рүү хөтлөгдөх нийгэм

Философийн талаас авч үзвэл, монголын орчин үежилтийн, өөрчлөлтийн сэтгэлгээ, бодит байдал (reality) төс дүр (image) гэсэн хоёр өөр ахуйн хүрээг ялгахгүй байгаа төдийгүй иргэншилд оюун ухаанаар бус төсөөллөөр хандаж ирсэн байна. Энэ нь биднийг үнэн рүү бус харин төөрөгдөл рүү хөтөлсөөр байна.

М.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих