Т.Лхагвасүмбэрэл: Ирвэс мал барьчихлаа, үүнийг чинь буудна гэдэг
Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл өнгөрөгч оны 11-ээр сард харамсалтайгаар амиа алдсан билээ. Нэг хэсэг түүний амиа алдсан хэрэг олон нийт болон хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсан ч тэгэсгээд сураг нь тасарсан. Түүнтэй 2014 онд “Монгол брэнд” сэтгүүлийн сурвалжлагч А.Энхжаргал “Тосон бумбын нуруунд” уулзаж ярилцаж байжээ. Тэрхүү ярилцлагыг зөвшөөрлийн дагуу хүргэж байна. Бүтээсэн үйл, байгуулсан гавъяа нь бүү бүдгэрч үлдээсэй хэмээн өнөөдөр түүнийг нэхэн дурслаа.
Ирвэсийн судалгааны ажлын талаараа тодруулахгүй юу?
Би 2008 онд энд биологчоор ажиллаж байна. Судалгааны төвд болж байгаа бүх үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг. Манайх 2008 оноос 2013 он хүртэл автомат камерын судалгааг зуны гурван сард Тостын нуруунд хийдэг. Нийт 40 автомат камер бий. Автомат камерийн мэдээллээр жил бүрийнхээ ирвэсний тоог гаргадаг. Эхний жилд 17 ирвэс байсан. Дараагийн жилд 20,22 гэх зэргээр өссөн байгаа. Камерийн судалгааг олон жил давталттай тавих тусам ирвэсний тоо толгой бодитой гарах боломж бүрддэг. Камерын судалгаагаар Тостын нуруунд 22-25 ирвэс байна. Үүнээс хүзүүвчилсэн 19 ирвэс байгаа. Одоогийн байдлаар хүзүүвчтэй явж байгаа таван ирвэс бий. Аргаль, янгирын тоо толгойн хувьд 2012 оноос хойш хос ажиглалтын аргаар Тостын нуруунд туршиж тооллого хийж үзэж байна. Эхний жил 820-1100 янгир гэж тоолсон. Үүнийгээ баталгаажуулахын тулд 2013 онд дахин хийсэн. Тооллогоор 857-1200 янгир гэж гарсан. Янгирын тоо толгой уураагүй нь 2012 оны өвөл, хавар өнтэй байсантай холбоотой. Янгир төл сайн авсан. Ер нь ихэвчлэн ихэр ишиг дагуулаад явж байсан. Үүнээс хамаараад тоо толгой буурахгүй байгаа юм. нөгөө талаас бидний судалгаа явуулж байгаа бүс нутаг харьцангуй хамгаалалтад орчихсон. Тиймээс нэг талаараа хууль бус ан багассаныг илтгэж байна.
Ямар чиглэлийн судалгаа хийгдэж байна вэ?
Янгирын хувьд би өөрөө судалж байна. Тоо толгойг нь гаргаж, ямар өвс, ургамал иддэг, малтай ургамал бэлчээрээрээ хэр давхцаж байна гэх зэргээр судалж байгаа. Аргалийн хувьд судалгаагаа илүү нарийвчлах бодол байгаа. Ирвэсийг бол гадны судлаачидтай хамтарч судалдаг. Монголын нөхцөлд нарийн судалгаанууд хийх лабораторын боломж хомс байна. Тиймээс гадагшаа явуулж тодорхойлуулдаг.
Орон нутгийн иргэдтэй хэрхэн харилцаатай ажилладаг вэ. Нутгийнхан таныг анддаггүй юм билээ?
Би судалгаа хийгээд уулаар байнга явдаг. Ингэхдээ иргэдэд судалгааныхаа ажлыг танилцуулах, тэдэнтэй хамтарч судалгаа хийх зэргээр нутгийн иргэдийг татан оролцуулж цөөн ч болов малчдыг сургах, мөн идэвхтэн байгаль хамгаалагч нартайгаа хамтарч автомат камер хэрхэн тавьдаг зэргээр зааж байна. Намайг өөр ажилтай явах үед тэд маань камерын эргэх хугацаа болох үед нь эргэнэ. Нэг талаар миний ажил хөнгөрч, нөгөө талаар тэдний хувьд нутагтаа хийгдэж байгаа судалгаанд гар бие оролцоно гэдэг сайхан. Судалгаа хийгээд ирэхээр мэдээж ирвэсийг унтуулж хүзүүвч зүүх зэрэг ажил хийгдэж байгаа. Үүнээс хамаарч “ирвэсийг тарихаар мангар болдог” гэдэг ч юм уу буруу ойлголт төрөх явдал бий. Энэ тохиолдолд тухайн малчныг ирвэс унтуулах үйл явцад оролцуулаад тайлбарлаад өгөхөөр ойлгодог. Зарим нэгнийх нь гэрт очиж тайлбарлана. Ирвэс мал баричихлаа, үүнийг чинь буудна гэдэг. Энэ бол тэрхэн өдөр, эсвэл хагас өдрийн бухимдал байдаг. Нэг юм уу хоёр хоногийн дараа тайвширчихна. Аргагүй л дээ. Насаараа хүйтэн ширүүнийг даван туулж өсгөсөн мал руу нь ирвэс ороод зах зээлийн үнээр 120-150 мянган төгрөгийг нэг өдөр дуусгачихаар тэрүүхэн үедээ гомдох сэтгэл төрж байгаа учир бухимдаад өнгөрнө. Сүүлд нь тайлбарлаад хэлэхээр ойлгодог.
Ирвэс олон харсан уу, хэр баргийн хүн олж хараад байдаггүй байх?
Би анх 2008 оны зургаадугаар сарын 15-нд цоохор ирвэс унтуулах үйл ажиллагаанд оролцож харж байсан. Түүнээс хойш байгаль дээр, унтуулж байхад нь 20 гаруй ирвэс харсан. Гэхдээ байгаль дээр бол жилдээ 1-2 удаа л хардаг. Би өдөр бүр ууланд явж байна. Дандаа ирвэс амьдардаг орчинд явж байхад аргаль өдөр бүр тааралдана. Гэтэл ирвэс тийм биш. Ганц нэг л харна. Ирвэс хүчирхэг амьтан гэж ярьдаг ч их тайван. Цагаан газар сайн гүйдэг хүн бараг л гүйцнэ дээ. Ирвэс цагаан газар гүйж чаддаггүй. Харин хад асганд бол дүүлнэ. Өөрийн онцлог нь бусдаас зугтаж биеэ хамгаалах биш. Аль болох нуугдаж үлдэх онцлогтой. Энэ нь байгальтай ивээл өнгөтэй нь холбоотой. Хүн хараад шууд хэвтэнэ. Хэсэг хэвтэхэд хүн бараг олж харахгүй. Ямар нэг байдлаар халз тулсан тохиолдолд догшин ааш араншин байхгүй. Тухайн амьтны хуьийн орон зай гэж байна шүү дээ. Хүнд ч гэсэн бий. Хэн нэгэн ирээд хатгаж цохиод байвал бид хариу үйлдэл үзүүлнэ ээ дээ. Тэрэнтэй адил хоолоо идэж байхад нь хүн тулж очоод байвал тухайн араатны хувийн орон зай руу халдаж байгаа хэрэг юм. Иймээс хариу үйлдэл үзүүлэх боломжтой. Тэр орон зай руу халдахгүй, зайнаас харж байвал ямар ч аюулгүй.
Гадныхан гэрэл зураг авах санал их тавьдаг уу?
Тийм ээ. Танай хүзүүвчтэй ирвэсийг очиж харъя. Чи мэдэж байгаа биз дээ гэдэг. Гэтэл бид өнөөдөр гаднаас 100 хувийн хөрөнгө оруулалттай байдаг. Дур мэдээд гадны болон дотоодын зурагчид авчраад нөгөө амьтныхаа араас хөөцөлдөөд стресст оруулах сонирхолгүй. Яахав, яваа яваандаа судалгааны ажил жин тан болоод ирэхэд бид аялал жуулчлалыг байгаль орчинд эерэг байдлаар хөгжүүлж, тухайн амьтны амьдардаг нутгаар аялуулах зэргээр зохион байгуулах боломжтой.
А.Энхжаргал
URL: