Цэц рүү халдаж, бусдыг нь “гурилдах” ээлжит бус чуулган
Ээлжит бус чуулган өнөөдөр эхэлж, энэ сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Намрын чуулган дуусахад ердөө долоо хоног үлдээд байхад хэлэлцэх асуудлаас 39 нь тунаж үлдээд байсан. Мэдээж намрын чуулган сүүлийн өдрүүддээ цаг сунган хуралдаж, ихэнх хуулиудаа “гурилдан” батлаад амжив. Парламентад хуулийг анхны хэлэлцүүлгээр нь баталдаг жишиг тогтох вий гэмээр болгоомжлол дагуулсан эдгээр өдрүүдэд Цэцийн гишүүнийг эргүүлэн атах асуудлаар МАН ажлын гурав хоногийн завсарлага авсан.
Ингэснээр ээлжит бус чуулганы эхний өдөр МАН-ын завсарлагын хугацаа дуусах юм. Ер нь бол энэ удаагийн ээлжит бус чуулганы гол зорилго нь цэцийн асуудлыг нэг мөр шийдэх АН-ын санаархал. Ээлжит бус чуулганы хамгийн эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах тухай асуудал хэлэлцэгдэнэ.
Үндсэн хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиудыг зөрчин, гэнэт тооноор байнгын хороонд орж ирсэн уг асуудал эцэстээ АН-ын хүслээр биелэгдэхээр харагдаж буй юм. Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулган Үндсэн хуулийн цэцийн дарга, Монголын толгой хуульчдын тэргүүлэгч Ж.Амарсанаагийн суудлыг Р.Гончигдоржид өгөх ажлыг гүйцэлдүүлнэ гэсэн үг.
Дараа нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэнэ. Уг нь эдгээр хуулийн төслүүдийг улс орны эдийн засгийн нөхцөл байдалд эерэгээр нөлөөлж, ААН-үүдэд ээлээ өгнө гэж хууль санаачлагчид тайлбарлаж буй. Гэсэн хэдий ч 14 хоногийн хугацаанд айхтар чамбай хэлэлцүүлэг өрнөхгүй нь тодорхой. Намрын чуулганы ажлын бүтээмжид дулдуйдсан байдлаар хуулиадаа батлахаар харагдаж байна.
“Чухал хуулиуд орхигдлоо” гэсэн нэрийн дор цэцийн асуудлыг оруулж ирэх АН-ын төлөвлөгөө ингэж биеллээ олж байна. Хамгийн гол нь гишүүдийн ирц бүрдэх асуудал энэ үед хурцаар хөндөгдөнө. Сар шинийн баяраар тойргоо тойрсон гишүүд аяны дөрөөгөө нийслэл рүү залах нь ээ. Хаврын чуулганаар харьцангүй цөөн асуудал хэлэлцэгдэнэ. Тэгээд ч гишүүд ирэх сонгуульдаа бэлдэх гээд ухаан санаа нь орон гаран байдаг үе. Тиймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар нэр бүхий хүлээлттэй хуулиадаа баталж, эцэг хуулиндаа халдах ажлаа ч сайтар амжуулахгүй бол эрх баригчийн хувьд сонгуулийн оноо алдах магадлалтай.
Ийнхүү цагаан сардаж, гишүүд нь тойргоо хэсэж, ирэх сонгуульд намууд хэрхэн оролцох нь ерөнхийдөө тодорхой болсны дараах ээлжит бус чуулган хуралдах нь.
Ж.Мядагбадам
URL: