Спикер, цэц хоёрын хувь заяаг шийдэх ээлжит бус чуулган

УИХ1

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Сар шинийн өмнөхөн намрын отгон чуулганаа өндөрлүүлсэн. Цагаан сарын урт амралтын дараагаар  парламентчид гадаалах завгүйгээр үргэлжлүүлэн хуралдахаар УИХ-ын дарга захирамжилсан.  Ээлжит бус чуулган өнөөдрөөс энэ сарын 26-ны хүртэл ажлын 10 хоног үргэлжлэх хугацаанд нийтдээ 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Ээлжит бус чуулганыг хуралдуулах үүсээд байгаа  зайлшгүй нөхцөл  нь намрын чуулганд багтаан хэлэлцэн шийдвэрлэж амжаагүй, дутуу орхигдсон хуулийн төслүүд  гэвэл эндүүрэл. Намрын чуулганаар хэлэлцүүлж амжаагүй асуудлыг дараагийн чуулганаар хэлэлцдэг дэгтэй. Харин энэ удаад ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах хийгээд УИХ-ын даргыг хууль зөрчсөн эсэхээр ҮХЦ-д хүргэгдээд байгаа иргэний гомдлыг яаралтай нэг тийш нь шийдвэрлэх цаг үеийн шаардлагатай парламент тулсан.

 

Тиймээс ч ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг  эгүүлэн татах саналыг ээлжит бус чуулганы мягмар гаригийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Энэ асуудлаар МАН-ын бүлэг  хугацаа сунган завсарлага аваад байсан юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой хуульчдын холбооноос  УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүлээд байгаа. Уг уриалгад “Үндсэн хуулийг баталсан 1992 оноос эдүгээг хүртэл УИХ болон Цэц хоорондын харилцаанд үл ойлголцол гарч байсан хэдий ч тухай бүр Үндсэн хууль, бусад хуулийн дагуу шийдвэрлэгдсээр ирсэн. Учир нь Үндсэн хуулиар эдгээр байгууллагуудын эрх хэмжээг тодорхой зааж өгсөн бөгөөд үүнийг нэг мөр ойлгохуйцаар зохицуулсан юм. Гэтэл Цэцийг институци гэдгээр нь бус ямарваа нэг хувь хүн гэж харах, түүнд улс төрийн ашиг сонирхлоор хандах нь үндсэн хуулийн үзэл баримтлалыг ноцтой зөрчинө. Цэцийн шийдвэр УИХ-ын таалалд нийцэх ёсгүй, албагүй. Гэтэл Цэц хараат бус байдлаар ажиллаж УИХ-ын Үндсэн хууль зөрчиж баталсан шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул энэ институцийг улстөрийн байгууллага болгохоор санаархаж байгааг хэрхэвч зөвтгөх аргагүй юм” гэж дурдсан байсан.

 

ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах УИХ дахь МАН-ын бүлгийн завсарлагыг дахин сунгах боломжгүй. Хэрвээ парламент дахь бусад нам эвслийн бүлэг завсарлага авчихгүй бол  ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг мягмар гаригийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх биз. Хэрвээ Ж.Амарсанааг ҮХЦ-ийн гишүүнээс эгүүлэн татчихвал түүний суудалд очих дараагийн хүн нь тодорхой гэж мессэж эртнээс тархсан. Ж.Амарсанаагийн оронд Р.Гончигдоржийг ҮХЦ-ийн гишүүн, даргаар томилогдоно гэх бор шувуу нисч байгаа. Уг таамаглал биеллээ олвол ҮХЦ-ийн гишүүд нэг намын төлөөллөөс бүрдэж, улстөржилт давамгайлна гэж хуульчид төдийгүй иргэд үзэж байгаа юм.

 

Нөгөөтэйгүүр  иргэн Энхбаяр нь УИХ-ын дарга З.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны зарим гишүүнийг сэлгэн томилохдоо хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд өгсөн байна.   УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийг гадаадад томилолттой байхад нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс нь чөлөөлж, түүний оронд  Г.Батхүү гишүүнийг томилсон нь ийнхүү асуудал үүсгэсэн юм. Ирэх өдрүүдэд ҮХЦ хуралдан иргэн Энхбаярын гомдлыг хэлэлцэн дүгнэлт гаргасны дараагаар  ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх байх.  Хэдийгээр ҮХЦ-ээс УИХ-ын даргыг хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргасан ч парламент спикерээ огцруулах эсэх нь  шийдэгдэнэ. Хэрвээ спикер суудлаасаа унавал АН сонгуулийн өмнө бүдэрлээ гэсэн үг.   Тиймээс сөрөг хүчний гишүүд эсэргүүцсэн ч  Ерөнхий сайдыг огцруулалгүй аваад үлдсэн шигээ спикерийг ч “хамгаалаад” авч үлдэнэ улс төрийн шаардлага олонхид үйлчлэх байх.

 

Ээлжит бус чуулгантай зэрэгцээд сонгуулийн бэлтгэл ажил намуудад үргэлжилнэ. АН-ын ИЗНН, МҮАН-тай нэгдэх саналыг хүргүүлээд байгаа. АН-тай нэгдэх саналд энэ хоёр нам хүндэтгэлтэй хандаж, хамтрахад бэлэн гэдгээ илэрхийлж   байгааг харахад зам мөр нь шулуудсан бололтой. Үүнтэй зэрэгцээд МАН, МАХН хоёр нэгдэх яриа дахин  сөхөгдсөн.   Нэг угшилтай энэ хоёр намын удирдлагууд нэгдэх асуудалд толгой дохидог ч улс төрийн тохироонд  хараахан хүрээгүй байгаа даг.

 

Ийнхүү сонгуулийн мөчлөг давхацсан бичин жилийн  хаврын улстөр дээрээсээ  хатуухан эхлэх нь ээ.

 

Н.Энхбат


URL:

Сэтгэгдэл бичих