Алтны лиценз цуцалсан нь арилжааны банкуудыг айдаст автуулжээ
Улс төрчдийн гаргасан популист шийдвэрийн уршгийг ард түмэн үүрдэг. Иргэн бүрт бэлнээр тараасан 70 мянган төгрөг инфляцыг хөөрөгдөж, Эрээн руу хөрөнгө оруулалт болсноос өөрөөр Монголын эдийн засагт, монголчуудын амьдралд эерэг нөлөөлөл авчраагүй. Инфляцын зөрүүг нь ард түмэн нуруундаа үүрсэн нь л үнэн юмдаг. Гэтэл одоо улс төрчид үндэсний аж ахуйн нэгжүүдэд дайн зарлах замаар ээлжит популизмаа эхлүүллээ. Олон лиценз цуцлах тусам олон нийтэд таалагдана гэж ойлгож л дээ, янз нь. Алтны шороон ордын 254 лицензийг эрх мэдэлтнүүд цуцалжээ. Гэхдээ энэхүү популизмын уршгийг нь бас л ард түмэн нуруундаа үүрэхдээ тулчихаад байна. Үүнийг тайлбарлахаасаа өмнө дөнгөж илааршиж буй дэлхийн эдийн засгийн хямралын талаар цухас сануулах нь зөв биз ээ.
2008 онд АНУ-аас эхэлсэн санхүүгийн хямрал дэлхий нийтийнх болтлоо гүнзгийрсэн нь тус улсын Засгийн газраас 1980-аад онд явуулсан алдаатай бодлогоос үүдэлтэй байдаг. Бага орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор АНУ-ын Сангийн яам арилжааны банкуудаараа дамжуулж их хэмжээний үл хөдлөх хөрөнгийн зээлийг урьдчилгаа төлбөргүйгээрээ олгосон нь эргээд банкуудын санхүүгийн чадварыг үгүй хийжээ. Тодруулбал, арилжааны банкуудад зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш нь унах тусам банкуудын үүрэх эрсдэл нэмэгдэж, эхнээсээ дампуурсан. Тиймээс ч АНУ-ын бүх банкны 12 хувь дампуурна гэсэн прогнозыг хямралын эхэн үед судлаачид хийж байв. Санхүүгийн хямрал даамжирч, эдийн засгийнх болтлоо өргөжсөн нь Монголд ч сүүдрээ тусгасан. Дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ 8000 ам.доллараас огцом доошлон 3000 болж, Монгол Улсын төсвийн орлогод ихээхэн цоорхой гарч байсныг хүмүүс мартаагүй байх. Тухайн үед хямралыг хохирол багатай даван туулах тогтоол хүртэл баталж хэрэгжүүлж байсан УИХ, Засгийн газар одоо өөрсдөө хямралын галыг өрдөөд сууж ч байх гэж. Өөрөөр хэлбэл, АНУ-аас эхэлсэн хямрал Монголд хэрхэн нөлөөлсөн талаар бус, улс төрчдийн алдаатай бодлогоос үүдсэн хямрал Монголыг нөмрөхөд ойрхон байгааг сануулах гэлээ. Бүр тодруулбал, Монголын арилжааны банкууд улс төрчдийн бодлогогүй шийдвэрээс болж ихээхэн айдас дунд амьдарч байгааг өгүүлье.
УИХ-аас баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай “урт нэр”-тэй нэгэн хууль үйлчилж эхлээд жил тойрох гэж байна. Энэ хуулийг хэрэгжүүлэх нэрээр алтны шороон ордын 254 лицензийг саяхан цуцалсан. Эдгээр лицензийг эзэмшиж байсан компаниудад ямар эрсдэл учрах, хэдэн хүн ажлын байргүй болох, эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх талаар бодохыг ч хүсэлгүй шийдвэрээ гаргасан гэхэд болно. Цаашид ч энэ зарчмаараа 1800-гаад лиценз цуцална гэсэн мэдэгдэл нь үүнийг гэрчлээд өгч байгаа юм. Гэтэл 254 лиценз цуцалсан сайдын шийдвэр дэлхийн хэмжээнд биш юм гэхэд Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх хэмжээнд тулчихаад байгаа ажээ.
Алтны шороон ордын 254 лицензийг цуцлахтай зэрэгцэн арилжааны банкууд айдаст автсан гэдгийг дахин тодотгоё. Учир нь, эдгээр лицензийг эзэмшиж байсан 130 гаруй аж ахуйн нэгж бүгдээрээ арилжааны банкуудад зээлтэй. Зээлгүй бизнес байдаггүй болохоор алтны компаниуд лицензээ барьцаалж үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг л дээ. Гэтэл арилжааны банкуудын барьцаа болгож авсан 254 лиценз хоосон цаас болчихоор яах вэ. Мэдээж чанаргүй зээл л болно. Чанаргүй зээл гэдэг хэзээ ч төлөгдөхгүй, алдагдал болно гэсэн үг. 254 лиценз барьцаалсан хэдэн зуун тэрбумын зээл эргэн төлөгдөх магадлал нь байхгүйтэй адил болж байгаа юм л даа. АНУ-д үл хөдлөх хөрөнгийн үнэ унаснаас болж арилжааны банкууд дампуурсан байхад, Монголын арилжааны банкуудын барьцаанд авсан бүх хөрөнгө нь хоосон цаас болчихоор юу болох вэ. Өмнө нь Олон овоотын алтны ордын лицензээс болж хоёр ч арилжааны банк дампуурч байсныг улс төрчид мартаагүй баймаар юм, уг нь. “Анод”, “Зоос”-ын дампуурлын гол шалтгаан нь 150 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан лицензтэй л холбоотой байсан шүү дээ. Тиймээс ч Засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, “Зоос”-д бүтцийн өөрчлөлт хийсэн. Харин “Анод”-ын хувьцаа эзэмшигчдийн асуудал нь өдгөө ч тодорхой шийдэлгүй байгаа. Гэтэл одоо хэдэн зуун тэрбумаар үнэлэгдэж, хэдэн зуун тэрбумын барьцаанд байсан 254 лиценз хүчингүй болсон нь Монголын бүх банкны хувь заяаг дээсэн дөрөөн дээр аваачлаа. Нөгөө талаас нь бодвол, банк бол итгэлцэл дээр тогтдог байгууллага. Хадгаламж эзэмшигчдийнхээ хадгалуулсан мөнгийг бусдад барьцаа аваад зээлтэл, тэр барьцаа нь хүчингүй болохоор юу болох билээ. Мэдээж энэ мөнгө нь их хэмжээнийх бол банк дампуурлаа зарлахаас өөр аргагүйд хүрнэ. Тэр тохиолдолд Хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төр татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулна биз. Харин эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь юугаар эмчлэх юм бол оо.
Ч.Гангэрэл
URL: