Хурдан морины уралдааныг 5-р сарын 1 хүртэл хориглов

Хөвсгөл аймгийн  Засаг дарга А.Эрдэнэбаатар аймгийн хэмжээнд 2016 оны 05-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хориглосон захирамж гаргажээ.

2016 он гарсаар хүйтний эрч олон жилийн дундажтай харьцуулахад эрс хүйтрэлттэй, цас ихтэй байгаа нь хүүхэд осгох, гар, хацар, хөл нь хайрагдах, хөлдөх зэрэг эрсдэл нэмэгдэх  нөхцөл үүсч байгааг харгалзан уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, урьдчилан сэргийлэх зорилгоор урин дулаан ортол хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хоригложээ.

Уралдаанч хүүхдүүдийн эрх зөрчигдсөөр байна

Хөвсгөл аймагт уралдаанч хүүхдүүдийн эрх зөрчигдсөөр байгааг аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс мэдээлж байна.  Тус аймгийн хэмжээнд 2013- 2015 онуудад 112 морины уралдаан явагдаж 7-18 насны 1300 гаруй уралдаанч хүүхэд оролцсон ба  уралдаануудын 18 нь хуулийн хугацааг зөрчин явагдсан байна. Уралдаануудын үеэр 59 хүүхэд мориноос унаж, 17 хүүхэд хүнд, хөнгөн гэмтэл авсан, 21 хүүхэд эмнэлэгийн яаралтай тусламж, үйлчилгээнд хамрагдаж, даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авчээ. Уралдаанд зөвшөөрөгдсөнөөс бусад насны буюу 6 настай 2 хүүхэд оролцсон, уралдааны явцад хүнд гэмтэл авч 2 хүүхдийн амь нас эрсэдсэн нь уралдаанч хүүхдийн эрх зөрчигдөх явдал тасрахгүй байгааг харуулж байгаа ажээ.

Б.Гантуяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих