Улсын харцага Ц Содномдоржийг арслан Мөнхбаатар зодож бэртээжээ
Уран хурц барилдаанаараа үзэгч түмнээ баярлуулдаг харцага Содномдоржийг арслан, тэр ч бүү хэл аварын энтэй бөх гэцгээн харцага цолноос ч илүүтэй амжилт хүлээдэг. Гэвч тэрээр бөхийн хорхойтнуудын хүсэн хүлээж байгаа шиг нь барилдаж чадахгүй байгаа. Учир нь 2009 онд Хөвсгөл аймагт болсон “Хотгойдын хурд” даншиг наадамд түрүүлснийхээ төлөө тэрээр нутгийн ах улсын арслан Мөнхбаатар, харцага Ганхуяг нарт зодуулж хөлөндөө хүндхэн бэртэл авсан байна. Содномдорж бүтэн жилийн турш юун бэлтгэл сургуулилт манатай, эмнэлэг эмчилгээ хөөцөлдсөн байна. Харин өнгөрсөн жилээс бэлтгэлдээ гарснаар энэ зуны наадмаар харцага цолонд хүрсэн билээ. Хөвсгөлийн бизнесмэнүүд “Хотгойдын хурд” даншиг наадамд нутгийн хамгийн том цолтон Мөнхбаатарыг түрүүлэх нь гарцаагүй, тэгээд ч арслан болсноос хойш дорвитойхон бэлэг өгөөгүй юм хойно гээд түүнд бэлэглэхээр lexus 470 зэхээд байсан аж. Мөнхбаатар арслан ч нутгийн ах нарын бэлгийг зүгээр нэг авахгүй, нутгийн наадамдаа түрүүлнэ гэж хичээсэн хэдий ч залуу халуун Ц Содномдорж начныг “барахгүй” байв. Ногоон дэвжээнээ арслан маань начинг унаж өгөхийг хүсэхэд тэрээр “нутгийн олон түмнээ цэнгүүлэх энэ том наадамд үнэн хүчээрээ л барилдъя” гэж хэлээд арсланг давжээ. Ингээд наадам ч өндөрлөж. Орой нь баярын хүлээн авалт дээр залуу начинг арслан ах Мөнхбаатар, харцага Ганхуяг нар дуудаж ирүүлээд нэвширтэл нь зодсон гэнэ. Арслан “унаж өгсөнгүй, эрэмбээ мэдэхгүй” гэх зэргээр загнаж ирээд л начны өвдөг рүү дэвсэж хөлийг нь ийнхүү бэртээсэн байна. Энэ явдлыг сайн мэдэх нутгийн олон түмэн Мөнхбаатарт хөлөө хүнд гэмттэл зодуулаагүй бол өдийд манай Содномдорж аварга, арслангаа байг гэхэд, гарьд, заан бол болчих байсан хэмээн харамсцгаадаг байна. Монгол бөхийн ёс жудгаар бол сайн сайхан барилдаж буй залуусаа нутгийн ах, том цолтнууд нь дэмжиж туслан, цолыг нь ахиулахад нөлөөлдөг байтал Мөнхбаатар арслан, Ганхуяг харцага нар харин нь ч эсрэгээрээ нутгийн дүүгийнхээ амжилтыг нь бууруулах хэмжээнд хүнд бэртээсэн нь бөхийн ёс жудгийг уландаа гишгэсэн балмад хэрэг болжээ. Нэг нутгийн эгэлгүй хүчтнүүд эв түнжинтэй байж , хотол олноо уран мэх, сайхан барилдаанаараа бахдуулах аваас нутгийн түмэн, уул ус нь хүртэл баярлаж хийморь юу нь өөдөө байх учиртай билээ.
URL: