Цагаан идээгээр тавгаа засах сонирхолтой болжээ

Монголчуудын уламжлалт Сар шинийн баяр хаяанд ирлээ. Баярын бэлтгэлээ базаах гэсэн иргэд зах, худалдааны төв, энд тэнд гарсан үзэсгэлэн худалдааг тасралтгүй зорих болов. Нэг үеэ бодвол монголчууд гадаадын чихэр боов гэхээс илүүтэйгээр цагаан идээгээр баярын ширээгээ дүүргэж, тавгийн идээгээ засах сонирхолтой болжээ.

Энэ эрэлт хэрэгцээг дагаад цагаан идээний үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбай болон нийслэлийн зургаан дүүрэгт зохион байгуулж байгаа юм. Жанжны нэрэмжит талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа гараад долоо хонож байна. Энд голдуу Архангай аймгийн малчид цагаан идээгээр хийсэн бүтээгдэхүүнээ дэлгэжээ.

Цагаан идээний нэр төрлийн тухайд хорхой, сүүн, чихэртэй ааруул, шар тос, аарц, хөлдөөсөн сүү, цагаан тос, айраг, хоормог зэрэг монголчуудын өдөр тутам хэрэглэдэг цагаан идээнээс гадна чацаргана, аньс, хэвийн боовыг дэлгэжээ.

Ингэхдээ хээтэй, хэвтэй, орчин үеийн хэв маягтай гээд нийслэлчүүдийн сонирхож, хайсан болгон энд байв. Үнийн хувьд хорхой ааруул 8-12 мянган төгрөгийн хооронд, сүүн ааруул 15-20 мянга, өрөм 10-15 мянган төгрөгийн үнэтэй байна. Шар тос нэг кг нь 10 мянга, таваг засах хэвтэй ааруул нэг кг нь 16000 төгрөг бөгөөд кг-даа дөрвөн ширхэг, жижгэвтэр нь есөн ширхэгийг савлаж бэлтгэсэн харагдав. Хөлдөөсөн сүү нэг кг нь 2500, дугуй хээтэй ааруул нэг кг нь 12000, тогооны өрөм 12000 мянган төгрөгийн үнэтэй байна.

Сүүлийн үед ааруулаар зассан тавгийн идээ “модонд” орох болсон. Харин төрөл бүрийн хээтэй ааруулаар зассан тавгийн идээ хэмжээнээсээ шалтгаалаад 120-180 мянган төгрөгийн үнэтэй байна. Малчид өөрсдийн хийсэн цагаан идээгээ борлуулж байгаа гэдэг утгаараа харьцангуй уян хатан үнээр худалдаалж байв. Хэдийгээр боломжийн үнээр цагаан идээгээ худалдаалж байгаа ч өнгөрсөн жилтэй харьцуулахад иргэдийн худалдан авалт сайнгүй байгааг тэд хэлж байна.

Архангай аймгийн Цэнхэр сумын иргэн Ц.Батсайхан “Энэ жил иргэдийн худалдан авалт муу байна. Үзэсгэлэн худалдаанд 250 орчим кг ааруултай ирлээ. Өнгөрсөн жил өдий хэмжээний ааруултай ирээд хоёр өдөрт борлуулаад дуусчихдаг байсан бол энэ жил долоо хоног зогсоход 150 кг-ыг борлууллаа. Үнийн хувьд нэмэгдсэн зүйл байхгүй. Өнгөрсөн жилийнхтэй ижил үнээр л худалдаалж байна. Гэвч иргэд цагаан идээг маш бага хэмжээгээр авч байна” гэв. Тус аймгийн Хотонт сумын иргэн Б.Золзаяа “Энэ жил зун хожуу болсон болохоор цагаан идээний гарц бага байлаа. Хэдий тийм ч цагаан идээгээ нэг их үнэд хүргээд, өсгөөд байсангүй. Багахан хэмжээний цагаан идээтэй, харин айраг ахиутай ирсэн. Айраг нэг литр нь 3000 төгрөгөөр зарж байна.

Өнгөрсөн жил 3500-аар зарж байсан айргийг энэ жил 3000-2500 төгрөгөөр зарж байхад худалдан авах хүн цөөн байна. Монголчуудын уламжлалт баяр болж байхад үнээ өсгөөд яах вэ гэж бодлоо. Тэгээд ч худалдан авагч тааруухан байхад бид нэг их үнэрхээд ч яах билээ. Хүмүүсийн цалин хөлс, хүүхдийн мөнгө, тэтгэвэр нь буугаагүй бололтой. Хоёр, гурван хоногоос ирж авна гээд л явах юм” гэв.

Үзэсгэлэн худалдаа нийслэлийн Төв талбайд болж байгаа учир иргэдэд ойр байв. Гадаа жиндүү хүйтэн байгаа ч цагаан идээний худалдааг зорьж ирэх иргэдээс гадна түүгээр явж буй хүмүүс үзэсгэлэнг сонирхож, хөл ихтэй байна. Тэд цагаан идээнээс амталж үзээд, хэр хэмжээндээ тааруулан худалдан авалт хийж байлаа. Хүмүүс сэтгэлд хүрсэн худалдаа, үйлчилгээ үзүүлж байна хэмээн ам сайтай байв.

Иргэн Б.Баасан “Сар шинийн бэлтгэлээ базаагаад явж байна. Үзэсгэлэн худалдаа цомхон хэдий ч үйлчлүүлэгч олон байна. Хэд хоногийн өмнө ирэхэд ч зөндөө л хүнтэй байсан. Амт чанар, үйлчилгээ сайхан санагдлаа. Ер нь энэ жил мах, цагаан идээний үнэ боломжийн байна шүү дээ. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нэмэгдсэн зүйл алга.

Гадаа талбайд байгаа болоод ч тэр үү хэлсэн үнээсээ буулган худалдаалж байгаа нь зүгээр санагдлаа. Харин ноос, ноолуур, гар урлал, мах, гурил чихэр зэрэг бүтээгдэхүүний худалдаа бараг байхгүй байна. Тиймээс өрөм, ааруул, аарц худалдаж аваад явж байна” гэв.

Ийнхүү нийслэлийнхэн цагаан идээний худалдаанд ам сайтай байлаа. Үүнээс гадна уламжлал болгон зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа үүдээ нээгээд байгаа юм. Энэ жилийн хувьд энэ сарын 8-ныг хүртэл “Хүннү Молл”, “Шөнийн зах”, “Хархорин” хороолол дахь “Монгол аулет” худалдааны төвдүүдэд үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа юм.

М.Энхцэцэг


URL:

Нэр: ЦАГААН САР Огноо: 8 February 2016

БАЯРЛАА

Нэр: Miguelsledo Огноо: 8 March 2020

Thank you. Valuable stuff!

Нэр: Miguelsledo Огноо: 8 March 2020

You reported that well.

Нэр: Miguelsledo Огноо: 10 March 2020

Awesome posts. Kudos.

Сэтгэгдэл бичих