Хилийн боомтуудын ачаалал ихэсчээ
Манай улсын хэмжээнд жилд 4 сая иргэн хилээр зорчдог. Иргэдийн олонх нь БНХАУ-тай хиллэдэг боомтоор зорчдог байсан бол харин сүүлийн үед ОХУ-д зорчих нь нэмэгдсэн байна. Тухайлбал, Алтанбулагийн боомтоор өдөрт 2800-3000 хүн зорчдог. Их ачаалалтай үедээ 4000-д ч хүрдэг тухай тус боомтын дарга хэлж байна.
Манай улсын хэмжээнд 22 хилийн боомт байнгын үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хэмжээнд хоёр хөрштэй хиллэдэг нийт 28 боомт байгаагаас 22 нь байнгын үйл ажиллагаатай. Тэдгээрээс хамгийн их ачаалалтай нь Замын-Үүд, Алтанбулагийн боомт юм. Энэ хоёр боомтоор давхардсан тоогоор өдөрт 2000 орчим тээврийн хэрэгсэл хил нэвтэрдэг бол аливаа баяр ёслолын үеэр, тэр дундаа Цагаан сарын баярын үеэр энэ тоо 40 гаруй хувиар нэмэгддэг байна.
Хөл хөдөлгөөн ихтэй энэ үеэр хилийн боомт дээр гарах зөрчил ч мөн нэмэгддэг. Тухайлбал, өнгөрсөн нэг сарын хугацаанд 69 зөрчлийг илрүүлжээ. ОХУ-тай хиллэх боомтууд дээр хулгайгаар галт зэвсэг оруулж ирэх тохиолдол их байдаг бол урд хөрш рүү манай улсын иргэд хууль бусаар агнасан амьтны эд эрхтэн, ангийн үс гаргахыг завддаг байна.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас “Удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн”-ийг энэ сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. Энэ сургалтаар хууль бусаар хил нэвтрэхийг завдсан зөрчлийг илрүүлэх, хүн худалдаалахтай тэмцэх талаар Монгол Улсын баримтлах бодлого зэрэг сэдвээр зөвлөлджээ. Сургалтад эх орны өнцөг булан бүрт албан үүргээ гүйцэтгэж байгаа Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчдын төлөөлөл оролцож байна.
URL: