Г.Бандицэрэн: Магадгүй би энэ лекцийг уншихын тулд 10 жил хичээллэсэн байх

Монголын үг урлаачдын нийгэмлэгийн тэргүүн, олонд “Чилаа” нэрээр танигдсан лектор Г.Бандицэрэн энэ сарын 14-ний өдөр буюу гэгээн хайрын өдрөөр залуустаа зориулсан “Зүрхний цоорхойд минь амьдраач” хайр сэтгэл, уярал, урам сэтгэмжийн лекцийг  Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордоны бага танхимд ганцхан удаа унших гэж байна. Тиймээс лектор Чилааг сониныхоо зочны хойморт урьж ярилцлаа.
df3392fba4763c84original
-Энэ сарын 14-ний өдөр буюу гэгээн хайрын өдрөөр танай нийгэмлэгээс “Зүрхний минь цоорхойд амьдраач” сэдэвт лекцийг зохион байгуулах гэж байна. Сэдэв нь өвөрмөц юм. Яагаад ингэж нэрлэх болов. Энэ сэдвээс хоёулаа ярилцлагаа эхэлье?

-Гэгээн Валентины баяр  буюу энэ сарын 14-ний өдөр “Зүрхний минь цоорхойд амьдраач” лекцээ уншина. Өнөөгийн хэцүү нийгэмд зүрх нь цоороогүй хүн гэж байдаггүй байх. Зүйрлэж хэлбэл шүү дээ. Зүрх сэтгэлдээ ямарваа нэг эмзэглэлийг тээсэн, өөртөө итгэх итгэлээ алдсан хүмүүс их болж. Гэхдээ энэ чигтээ  гуньж гутраад явбал хорвоод тэсч амьдарч чадахгүй. Тиймээс нэг зүйлийн төгсгөл, шинэ зүйлийн эхлэл болж байдаг гэдгийг залуучууддаа хэлэхийн тулд, маргааш руугаа амьдраасай, залуу гэр бүлүүд битгий салж сарниасай  гэсэн үүднээс хайр гэдэг зүйлийн үнэ цэнийг ойлгуулахын тулд “Зүрний минь цоорхойд амьдраач” гэж нэрлэсэн.  Мөн зориуд хоёрдугаар сарын 14 буюу гэгээн хайрын өдрийг сонгосон. 
-Цоорхой, ямар нэг эмзэглэлийг тээчихсэн хайр сэтгэл, түүний үнэ цэнийн тухай лекцээрээ дамжуулан залуучуудад ойлгуулахыг эрмэлзэж байгаа юм байна. Магадгүй энэ сэдвийг сонгосон нь  өөрөө өнөөгийн  нийгэмтэй  ямар нэг сэжмээр холбоотой  юм болов уу?

-Олон мянган хүн зөвлөгөө авахаар надад ханддаг. Шөнийн 02.00 цаг хүртэл би чатаар эсвэл утсаар залуучуудад зөвлөгөө өгдөг юм. Өөрөө ч гэсэн залуу хүн. Оюутан, шилжилтийн насны хүүхэд байхдаа янз бүрийн зүйл үзэж,  зүрхэндээ шарх авч явсан удаа бий. Тэр үед надад зааж зөвлөх хүн байсан бол алдахгүй, алдсан ч айхтар шархлахгүй байх боломж байсан. Өнөөгийн нийгэмд амьдарч буй хүмүүст сэтгэлийн тэнхээ дутагдаж байна. Хайр, шохоорхол хоёрыг андуурч, амьдрал зохиогоод алдаж буй залуус олон байна. Монгол Улсын хэмжээнд жилд 600 орчим гэр бүл салдаг гэсэн судалгаа байдаг. 2013-2014 онд хамгийн их буюу 3600 орчим гэр бүл гэрлэлтээ хуулийн байгууллагаар цуцлуулсан гэсэн тоон баримт ч бий. Үүнд залуу хосуудад улсаас олгож байсан 500 мянган төгрөгийн урамшууллыг буруутгах хүн  олон байсан. Ёс суртахууны үүднээс аваад үзэхэд,  500 мянган төгрөгний төлөө хүнтэй гэрлэж байна гээд бодоод үздээ. Гэрлэлт гэдэг тоглоом, хайр зугаа ч юм шиг нийгэм ойлгох болжээ. Сэтгэл байвал нэг банзан дээр амьдарна, сэтгэл байхгүй бол гурван өрөө байранд ч эр эм хоёр багтдаггүй гэх үг бий. Хүн хэтэрхий материаллаг зүйлд анхаарлаа хандуулж, сэтгэлийг орхигдуулах болсноор үндсэн ёс суртахуун гээгдээд байна уу даа. Арваад жилийн өмнө аавтайгаа хөдөө явж байхад айлын гэр онгорхой л байдаг байлаа. Ороод цай уугаад сууж байхад,  тэр гэрийнхэн орж ирээд юу ч хэлдэггүй харин ч баярладаг байж. Гэтэл өнөөдөр тийм биш болжээ. Саяхан баруун хязгаар Увст томилолтоор ажиллахдаа айлд цай ууя гээд очиход гэртээ оруулахгүй байх жишээний. Эсвэл үүдэнд нь том цоож зүүлттэй. Монголчууд хаашаа яваад байна даа гэж би боддог. Зах зээлийн нийгэм, аяга цайг хүртэл мөнгөтэй болгочихжээ. Үүнийг дагаад монголчуудын ёс суртахуун арилж байна. Би ганцаараа зүтгээд монголчуудын ёс суртахууныг сэргээнэ гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Өөрөө  залуу хүн алдаж, онож л яваа. Харин өөрийнхөө хэмжээнд би залуусаа сайн сайхан зүйлд  уриалж чадна. Ер нь өндөр байшин барилга баригдаж, хүн бүр гоё машин унаж, идэж ууж байгаа нь хүртэл элбэг дэлбэг болсон нь хөгжил биш шүү дээ. Төр засаг харагдах байдалд бус, харин   хувь хүн, сэтгэлгээ  тал руу нь ард түмнээ чиглүүлэх, ёс суртахууныг нь хөгжүүлэхэд  илүүтэй анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг.

-Лекц хаана болох вэ. Тасалбарын үнэ ханшийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордоны бага танхимд 17.00 цагт болно. Танхим 264 хүний суудалтай, үйл ажиллагааг дэмждэг, хамтран ажилладаг байгууллагууддаа 100 гаруй  урилга тараачихсан байгаа. Гаднаас оролцох хүсэлтэй хүмүүст цөөхөн тасалбар бий. Баяр дөхчихсөн учир том зайтай, олон хүний суудалтай танхим олдсонгүй. Бүгд жилийн өмнөөс захиалгаа авчихсан байдаг юм билээ. Гэхдээ явуулах л учиртай арга хэмжээ болохоор бага танхимд зохион байгуулж байгаа.  Мөн хоёрдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж байна гэдэг утгаараа тасалбарынхаа үнийг 24700 гэж тогтоосон. Тасалбар ерөнхийдөө зарагдаад дуусч байна. Билетийг 1900-1188 дугаарт залгаж, үнэгүй хүргүүлэх боломжтой. Үүнээс гадна “easyticket.mn”  вэб сайт руу ороод суудлын дугаараа сонгон, билетээ захиалах боломж бий.  Бидний хувьд бэлтгэл ажлаа бүрэн хангасан. Би өөрөө лекцээ унших учир хувийн бэлтгэлээ ч гэсэн сайтар базаасан. Магадгүй би энэ лекцийг уншихын тулд 10 жил хичээллэсэн байх.  Лекцээ унших бүртээ би тоолж явдаг юм. Хоёрдугаар сарын 14-нд 3024 дэх удаагаа тайзан дээр гарч, лекцээ унших юм билээ.

-“Монголын үг урлаачдын нийгэмлэг”-ийг та тэргүүлдэг.  Нийгэмлэгийн  үйл ажиллагааны зорилго, чиглэлийн талаар яриач?

-Монголын үг урлаачдын нийгэмлэг байгуулагдаад  жил болж байна. Монголын үндэсний хэл, соёл сүүлийн жилүүдэд нэлээд алдагдах болсон. Тиймээс залуучуудыг зөв цэгцтэй ярьж сургах, зөв цэгцтэй үг хэллэг хэрэглэж, хоорондоо харилцах харилцаандаа хүртэл эерэг уур амьсгал бүрдүүлэх, эх хэлнийхээ өв соёл, аугаа үнэт зүйлийг хадгалж үлдэхийн тулд өөрөө ч гэсэн илтгэх урлагтай 10 гаруй жил амьдралаа холбосон хүний хувьд Монголын үг урлаачдын нийгэмлэгийг байгуулсан юм.  Өмнө нь Монгол улсаа есөн удаа тойрсон. Энэ жил ч гэсэн нийгэмлэгийнхээ ажлаар Монголоо бүтэн тойрохоор бэлтгэлээ базааж байна. Нийгэмлэг маань зөв цэгцтэй ярьж сургахаас гадна эх хэлний яруу тансаг үг хэрхэн амилдаг вэ гэдгийг хүмүүст таниулах сурталчлах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Би энд нэг жишээ дурьдмаар байна. Нэрт зохиолч Шэйкспир өөрийн зохиол бүтээлдээ 15 мянга орчим үг хэрэглэдэг бол эгэл жирийн үгийн баялаг сайтай, нэлээд өндөр төвшний лектор 8000 орчим үг хэрэглэж лекцээ уншдаг. Ажиглаад байхад өнөөгийн залуус сайн ярьж чаддаггүй. Үгийн баялагт нь өдөрт 200 үг хэрэглэгдэж байвал их юм. Гадаад үг хэллэг их хэрэглэнэ. Зүрхний баялагаар ам ярьдаг. Тархинд нь хэр хэмжээний мэдлэг байна түүнийхээ хэрээр  ам нь эвэлж ярьдаг болохоор  хүмүүстэй буруу ярьж, буруугаар ойлгогдох тохиолдол байдаг. Нэг үгээр хэлбэл, өөрийгөө илэрхийлэх чадвар сул, үүнээсээ болоод бусдад дорд үзэгдэх, хэрүүл маргаан хийх, үл ойлголцох гэх мэт асуудлууд олон гардаг. Монгол хүн монгол хэлээрээ ярьж чадахаа болино гэдэг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн явдал гэж би хувьдаа үздэг.

-Нийгэмлэгээ яагаад үг урлаачдын нийгэмлэг хэмээн нэрлэх болсон юм бэ?

-Үгийг урлана гэдэг нь зүгээр нэг хэлэх бус, тухайн үгээ амилуулж ярих, яруу тансгийг нь гайхуулах юм. “Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл чин зоригт өвөг дээдсийн өв эх эрдэнэ” хэмээн Б.Ринчен гуай зүгээр ч нэг хэлчихээгүй л болов уу. Үндэсний аюулгүй байдалд хэл маш чухал байр суурийг эзлэх  учраас өв соёлыг нь авч үлдэх, судлах, залуучуудад өвлүүлэхийн тулд хүчин чармайлт гарган ажилладаг байгууллага даа.

-3024 дэх удаагийн лекцээ уншина гэж та дээр дурьдсан. Чилаа лектор хувь хүнийхээ хувьд ямар хүн юм бол. Аль сургуулийг дүүргэсэн, ямар мэргэжилтэй юм бол гэж хүмүүс сонирхож байж болох юм. Та өөрийнхөө тухай яриач?

-Би арваннэгэн хүүхэдтэй айлын зургаа дахь хүүхэд. СУИС-ийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн. Мисс Ц.Пүрэвсүрэн, “Орхидос” киноны жүжигчин Г.Отгонцэцэг, жүжигчин Э.Ууганбаяр, Э.Мөнхтөр нартай нэг ангид сурч байлаа. Төгсөөд ангийнхан маань Хувьсал продакшнд жүжигчнээр орж, харин би ОХУ-д сэтгэл судлаач мэргэжлээр суралцсан. Сургуулиа төгсөөд эх орондоо ирсэнийхээ дараа хэсэг хугацаанд тодорхой эрхэлсэн ажилгүй явж байгаад “Манлайлан удирдагч” холбоонд орж ажилласан. Тэр байгууллагаас маш олон зүйлийг сурсан. Харин одоо өөрийнхөө зорилго зорилтыг хэрэгжүүлж, өөрийнхөө боловсруулсан төсөл дээр ажиллах зорилго тавьж, хүмүүстэй хамтран “Монголын үг урлаачдын нийгэмлэг”-ийг байгуулсан. Эх хэлнийхээ арвин баялагийг хадгалж үлдэхийн төлөө зүтгээд явж байна. Ярих ур чадварыг СУИС-ийн тайзны ярианы танхим, МУГЖ Н.Мягмар, МУГБ Р.Уртнасан багш гээд тайзны ярианы акулууд надад зааж сургасан. Хайр сэтгэл, ээж аавын тухай лекц уншихад зарим хүмүүс бүр ихэр татаад уйлдаг. Уйлж уйлсныхаа дараа сэтгэл сайхан болчихлоо, одоо ээж аавдаа очиж хайртайгаа хэлнэ гэж хэлээд явах  нь  надад сайхан санагддаг юм.  Лекц зохион байгуулахын зэрэгцээ манай нийгэмлэг  “Ээждээ хүрэх зам” нэртэй кино хийхээр төлөвлөсөн байгаа. Зохиолыг нь бичээд дуусгасан. Миний бичсэн тав дахь кино зохиол байгаа юм. Өмнө нь “Хувь заяаны төөрөг” гээд ангийнхаа багшийн охинд зориулан кино бичиж байсан. Харин өнгөрсөн жил “Надад итгээч” гэдэг киног бичсэн. Гэхдээ кино бичихдээ арилжааны кино гэдэг утгаар биш, үг бүрт нь ач холбогдол өгч туурвидаг.

-Илтгэх урлагтай амьдралаа холбоод 10 гаруй жил болсон энэ хугацаанд “би лектор болчихжээ” гэж өөртөө урамшсан үе байгаа  болов уу?

-Хэзээ ч байгаагүй. Би анхныхаа лекцийг төрсөн нутаг   Баянхонгор аймгийн Өлзийт сумаас эхлүүлж байлаа. Нутагтаа очоод сумын төвийнхнийг цуглуулж,  лекц уншиж байх тухайн үед танхимд сууж байсан халамцуу эр сандлын хөл шидээд миний  тархийг хагалчихсан юм. Нүдэнд нулимс бүрхээд л ирсэн.  Тэгээд хүмүүстээ “түр хүлээж байгаарай одоохон гараад ирье” гэж хэлчихээд тайзны ард уйлж байтал,  миний мөрөн дээр нэг эгч гараараа дарсан юм. Эргээд харсан чинь над руу дулаахан инээмсэглэсэн. Заалны үйлчлэгч байсан юм болов уу гэж одоо боддог юм. Тэр эгчийн нүдийг хараад надад яагаад ч юм зориг төрөөд явчихсан. Тэгээд шууд тайз руу гарч, лекцээ дуусгасан. Миний амьдралын хамгийн мартагдашгүй, хамгийн гайхамшигтай лекц байсан. Ёстой чин сэтгэлээсээ ярьж, лекцээ дуусгаж байлаа.  Дараа нь буцаад нөгөө эгчдээ баярласнаа хэлэх гээд олоогүй. Тэр эгчид дандаа л баярлаж явдаг.

-Жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн атлаа яагаад сэтгэл судлаач мэргэжлээр дахиад сурсан юм бэ?

-Миний эзэмшсэн хоёр мэргэжил хоорондоо салшгүй холбоотой. Жүжигчний мэргэжил өөрөө хүн судлал. Жүжигчин хүн тайз, кинонд хүнээ судлахгүйгээр дүр бүтээнэ гэж байдаггүй. Магадгүй сэтгэл судлаач мэргэжлээр суралцсан нь жүжигчний ур чадвараа илүү дээшлүүлэхэд минь тусалсан байх. Зохиол бичих арга барил минь нарийсахад ч  тусалсан гэж боддог. Ер нь олон давуу талыг надад бий болгож өгсөн. Яг оносон хоёр чиглэлээр суралцсан гэж боддог.

-Эцэст нь залуучууддаа хандаж, зөвлөгөө өгөөч гэж хүсмээр байна?

-Ярилцлагынхаа төгсгөлд залуучууддаа хандаж нэг л зүйлийг хэлмээр байна. Хүний нүүрэн дээр долоон нүх байдаг. Чихний хоёр, нүдний хоёр, хамрын хоёр, амны нэг. Бусад нь бүгдээрээ хосоороо байхад ам ганцхан. Би олон хүнээс чамд хоёр ам байсан бол яах вэ гэж асууж байсан. Нэгийгээ захирч чадахгүй хүн хоёртой байвал бүр баларна биз дээ. Монгол ардын зүйр үгэнд “Монгол хүн дааганаас унаж үхдэггүй, даравгараас унаж үхдэг” гэх үг бий. Тиймээс би залуучуудыг ном их уншаасай, оюун ухаанаа хөгжүүлээсэй, ёс суртахуунтай байгаасай гэж хүсдэг. Тархинд байгаа хүн чанар амаар дамжин гардаг. Иймээс зүрхний баялагаар ам ярьдаг шүү залуусаа. Хүнд гомдож, уурлаж бухимдах үе байна.  Гэхдээ амнаас гарах үгээ  хянаж байгаарай. Амнаас гарах үг заримдаа бөмбөг тэслэхээс ч аюултай болох нь бий. Үгээр хүнийг алж болно, амьдруулж болно. Тиймээс юун түрүүнд зөв ярьж сурах хэрэгтэй. Зөв үйл хийж, зөв тийшээ явцгаая гэж уриалах байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваахүү

URL:

Сэтгэгдэл бичих