Барилгын тухай хуулийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Барилгын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Өнгөрсөн 2015 онд нийслэлд баригдаж байсан хэд хэдэн барилгын ажлын явцад хүний амь нас эрсдэх, гэмтэж бэртэх зэрэг ноцтой хэрэг зөрчил удаа дараа гарсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд, тэдгээртэй холбоотой бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан билээ. Тус ажлын хэсэг Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулсан.

УИХ-ын гишүүн  Ж.Батзандангаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг мэргэжлийн хяналтын байгууллага, Улаанбаатар хотын удирдлагатай хамтран нийслэлд явагдаж байгаа барилга байгууламжийн ажлыг шалгаснаар барилга, барилгын үйлдвэрлэлтэй холбоотой 15 мянга гаруй зөрчил илрүүлсэн байна.

Дашрамд онцлоход, энэхүү хуулийг хэлэлцэн баталснаар барилгын зөвшөөрөл олгох хугацаа хүчин төгөлдөр мөрдөж буй хуультай харьцуулбал бараг ес дахин, гарын үсгийн тоог 3.5 дахин багасах юм байна.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж тусгайлсан ажлын хэсэг гаргах шаардлагатай гэж үзэн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Д.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих