Мэндчилгээ
Тусгаар тогтносон, эрх чөлөөт Монгол Улсын эрхэм хүндэт ард иргэд ээ! Азай буурлууд аа, идэр залуусаа, ирээдүй болсон хүүхэд багачууд аа. Та бүхэн маань сайхан өвөлжиж байна уу.Дөрвөн улирал ээлжилдэг дэлгэр сайхан эх оронд минь хүйтэн өвөл харьж, урин хавар айлчлан ирж байна. Хэдхэн хоногийн дараа Монгол Үндэсний Сар шинийн баяр болно.
Өвөг дээдсээс өвлүүлэн ирсэн Монгол түмний үндэсний Сар шинийн баяр бол өвлийг өнтэй давж, элгэн саднаараа учран золгож, билэгтэй үг хэлэлцэж, бие биедээ сайхныг ерөөдөг гайхамшигт баяр, өв соёл билээ.
Улиран одож буй модон хонин жил монголчууд бидэнд сорилт бэрхшээл, сургамж ухаарал олныг үлдээж хүн бүхэн нэгийг бодож хоёрыг тунгаан улс орныхоо ирээдүйд сэтгэл чилээсэн цаг үе байлаа.
Байгалийн баялгаас хамааралтай өрийн дарамттай эдийн засаг, намчирхал, талцалд хуваагдсан улс төр, ядуурч бухимдсан ард түмэн өнөөгийн нийгмийн бодит төрх болжээ. Бид Монгол гэдэг ганцхан нэртэй, монгол хүн бүхэн нэг л эх оронтой, Монголын иргэн бүгд нэгдмэл зорилготой байх учиртай. Төрийн жолоог атгасан хэн нэгэн эрх мэдэлдээ эрдэн эх орны хувь заяаг өөрийн дур зоргоороо залуурдахын горыг Монголын ард түмэн өнөөдөр амсч байна.
Хоёр зууныг өртөөлөн 95 жилийн турш эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын түүчээ болж ирсэн Монгол Ардын Намын улс орон, ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага өнөө үед улам бүр өсөн нэмэгдэж байна. Монгол Ардын Нам цаашид хариуцлагатай төр, чинээлэг иргэн, шударга нийгэм бүхий хүчирхэг Монголыг цогцлоохын төлөө хичээн ажиллах болно.
Өгөөж баялаг, өргөн уудам эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа ахмад буурлууд, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол ахан дүүс нийт ард иргэддээ билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” гал бичин жилийн Сар шинийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Угтан ирж буй гал бичин жилдээ айл бүхэн аз жаргалтай, инээд хөөртэй элбэг хангалуун, хүн бүхэн итгэлийн галтай, хийморийн цогтой, төвшин амгалан амьдарч, тэнгэрийн энтэй мөрөөдөлтэй, дэлхийн дайтай бүтээлтэй, уужим сэтгэлтэй, ухааны цартай, тэгш дүүрэн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Монгол түмний минь ой ухаан саруул, оюуны мэлмий гэгээн тунгалаг, өлмий бат орших болтугай! Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
МОНГОЛ АРДЫН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
Ж.МӨНХБАТ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монгол түмний минь ой ухаан саруул,????
Olon yum gutsalgui avsandaa ortsgoo!!!!