Н.Энхбаяр уснаас хуурай гарч чадах уу

Нохойн дуу ойртоод улс төр нэлээд хүчтэй өрнөж байгааг хэн хүнгүй анзаарч буй биз. Саяхан гэхэд л засаг унах гээд ганхаж байсан бол энэ үйл явдалтай цаг хугацааны хувьд хол зөрүүгүй ард түмний “хайртай” улс төрч намтартаа боловсролоо худлаа бичсэн нь телевизийн ярилцлагаар нотлогдсон. Эдгээр үйл явдлыг дуулиан шуугианаараа давсан   шинэ үзэгдэл монголын улс төрд “хөшиг”-өө нээж, тухайн үзэгдлийн гол дүр болон эсрэг дүрд МАХН-ынхан тоглож байна. Гэхдээ телевизийн мэтгэлцээн болон хувирсан энэхүү үзэгдлийн хэн нь гол дүрийн баатар, хэн нь эсрэг дүр гэдэг тайлал тайлагдахгүй байсаар байгаад хариу байхгүй оньсого болж магадгүй л юм.

МАХН-д сайдын үнэ хэд байдаг вэ

Ардчилсан намын дарга З.Энхболд ҮЗХ-оо цуглуулан, хуралдуулж чадахгүй байгаатай адил МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа зарим гишүүний амыг барьж дийлэхгүй байгаа гэлтэй. Тодруулбал, өнгөрсөн сарын 28-нд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын бичсэн ил захиадал буюу “Нууцыг задруулсан захиа”-нд МАХН-ын санхүүжилт болоод тус намын дарга Н.Энхбаярын тулган шаардалт, Шадар сайд Ц.Оюунбаатар өөрийг нь мэхэлсэн зэрэг “хөшиг”-ний цаана өрнөсөн улс төрийн амьдралын зарим үзэгдлийг илчилсэн. Тэрбээр өнгөрсөн даваа гаригт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ “Нууцыг задруулсан захиа”-г өөрийн гараараа бичсэн мөн тэнд бичигдсэн зүйлс үнэн гэдгийг хэлсэн. Үүнээс гадна намын даргатайгаа нэлээд таарамж муутай байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ сарын 4-нд (товлосон өдөр нь өнөөдөр) МАХН-д сайдын үнэ ханш хэд байдгыг илчлэнэ” хэмээн өөрийн твиттер хуудаснаа хэд хоногийн өмнө нийтэлсэн.

Норсон хүн

Хүн цагаа тулахаараа шагайгаар татсан усанд живж үхдэг гэдэг. Үүнтэй ижил ганц нэг санаатай болон санамсаргүй гаргасан хар толбоноосоо болж улс төрийн амьдрал нь дууссан болон зогсонги байдалд орсон улс төрчид бий. Гэтэл урьд толгой дээгүүр нь татсан их уснаас амьд мэнд гарч чадсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр улс төрийн амьдралдаа эргэн орж, хувцсаа хатааж дууссан. Гэтэл ахиад л усанд уначихлаа. Энэ унасан усных нь гүн хүзүүгээр нь татах болов уу. Монгол тулгатны 100 эрхэмд багтдаг энэ эрхэм урьд толгой дээгүүрээ татсан уснаас гарсан юм чинь хүзүүгээр татсан уснаас гарч чадах байх. Гэхдээ шагайгаар татсан ус хүнийг үхэлд хүргэдэг гэхээр хүзүүгээр татсан усны түвшин жаахан нэмэгдэхэд л Н.Энхбаяр аюулд орно. Гэтэл нөхцөл байдлыг ажиглаад байхад тэрбээр живэх тухай бодох нь битгий хэл уснаас хуурай гарахаар зүтгэж эхэлсэн бололтой. Яагаад ийн бодов оо гэвэл, МАХН-ын дарга Н.Энхбаяр “ТВ5” телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй. Гэхдээ би намын санхүүжилтийн мөнгийг цуглуулах ажлыг шахаж байсан нь үнэн. Намайг сонгуульд оролцуулахгүй гэж хэн нэгний үгээр худлаа ярьж байна” гэлээ. Мөн “Намын нөхдүүд намайг Шадар сайдын албыг хаш гэсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Ардчилсан намын дарга З.Энхболд нар ч намайг Шадар сайд болохыг дэмжиж байгаа гэж хэлж байгаа. Миний ял шийтгэлийн асуудал дууссан. Цагаадаад явсан. Тиймээс хуулийн хувьд ч ямар  нэгэн асуудал байхгүй”  гэсэн юм. Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын бичсэн “Нууцыг задруулсан захиа” болоод телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан зүйл үнэнч бай худалч бай ямартаа ч намын даргаа ус руу түлхээд унагаачихсан нь үнэн. Гэхдээ хоёр дох удаагаа норсон тэр эрхэм энэ уснаас хуурай гарч чадах болов уу.

Ч.Сүх


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 February 2016

Энхбаяр уснаас хув хуурай гарахгүй юм бол хэн уснаас хув хуурай гарах юм бэ айн !!!!

Нэр: Батаа Огноо: 8 February 2016

Энхбаярыг оролдохоо болиочээ. Арай л дэндээд байна. Энэ хүн чинь хийсэн юмтай хэлэх үгтэй, Мянгэны замыг санаачилж байсан. Одоо мянганы төмөр зам, 8-н хот, цахилгаан станц байгуулъя. Эрүүл мэнд, боловсролыг үнэ төлбөргүй болгох гээд ирээдүй, хөгжил яриад байгаа юм бишүү. Захиалгаар хор, хов найруулахаа болиочээ. Энэ хүнээс юундаа ингэтлээ айцгаагаад байгаа юм бэ.

Сэтгэгдэл бичих