Гацууртын ордод “Сентерра гоулд Монголиа” компани олборлолт хийнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох УИХ-ын Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Чуулганд оролцсон гишүүдийн 61 хувь нь тогтоолын төслийг дэмжлээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог Гацууртын ордны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” компани юм. Засгийн газар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай ярилцсаны үндсэн дээр Гацууртын орд дахь төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах шийдэлд хүрсэн юм.
Уул уурхайн сайдын хэлснээр уг ордыг ашигласан нөхцөлд Монгол Улс рояльтын гурван хувийн татвар авах юм. Энэ нь 432.3 тэрбум төгрөг буюу нийт ашгийн 68.2 хувь оногдоно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Мөн жилдээ таван тонн алтыг төв банкинд тушаах юм байна. Своп нөхцлөөр тушаасан нөхцөлд 189 сая ам.долларын орлого бүрдэх юм байна. Мөн ордоос 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдана. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох урьдчилсан тооцоо байгаа аж.
URL: