Олон нийтийн зөвлөл авлигатай тэмцэх үү, АТГ-тай тэмцэх үү?
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг тус газрын үйл ажиллагаанд яг ямар чиг үүрэгтэй оролцдог юм бол гэсэн асуулт иргэдийн дунд байдаг. Тэгвэл Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд баталсан тус зөвлөлийн журамд Авлигатай тэмцэх газар хараат бус, ил тод нээлттэй ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, АТГ-ын бодлого, үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлыг АТГ-т уламжлах чиг үүрэгтэй ажиллахаар тусгажээ. Эндээс харвал Олон нийтийн зөвлөл нь авлигатай ч, АТГ-тай ч “тэмцэх” чиг үүрэгтэй гэж ойлгогдож байна. Тус зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй байх ба бүрэлдэхүүнийг дөрвөн жилд нэг удаа шинэчлэн Ерөнхийлөгчийн зарлигаар томилж байхаар хуульчилсан байна. Хамгийн анхны бүрэлдэхүүнийг 2009 онд томилсон ба бүрэн эрхийн хугацаа нь 2013 онд дууссан ч зөвлөлийн дараагийн бүрэлдэхүүнийг 2014 онд томилжээ.
Тухайлбал, Олон нийтийн зөвлөлийн одоогийн бүрэлдэхүүнийг 2014 оны тавдугаар сарын 28-ны өдөр баталж, энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд их хариуцлагатай ажил хийдэг.
Ард түмний, нийтийн эрх ашгийн өмнөөс ажиллаж буй АТГ хэрхэн яаж ажиллаж байна гэдэг дээр хяналт тавих үүрэгтэй. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд АТГ-ын байр суурь нийгэмд нэлээн зөрчилтэй байна. Үнэхээр сайн ажиллаж байвал түүнийг нь, саар ажиллаж байвал түүнийг нь хэлэх үүрэгтэй. Олон нийтийн зөвлөлийн шинэ гишүүд хариуцлагатай энэ ажилд хоёргүй сэтгэлээр зүтгээрэй” хэмээж байв.
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн хоёргүй сэтгэл
АТГ-ын үйл ажиллагаа сүүлийн хэдэн жилд эрс идэвхжсэн юм. Энэ хэрээрээ сайн муу, буруу зөвийн дунд шүүмжлэлийн бай болох нь ихэссэн. Өнгөрсөн 2015 оны эхний хагас жилд АТГ харьяаллын 232 үйлдэл, 211 холбогдогчтой 156 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байх юм.
Нэгэн үе Авлигатай тэмцэх бие даасан байгууллага шаардлагатай тухай улстөрчид ярьж ухуулдаг байсан бол өнөөдөр тэр байгууллагын эрх мэдэл хэрээс хэтэрч буйг тэд шүүмжлэх болжээ. Юутай ч АТГ өнөөдрийн байдлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 10 зүйл ангиар хэрэг үүсгэн мөрдөн шалгах эрхтэй, тэрчлэн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын урьдчилсан ба жинхэнэ мэдүүлгийг хянах үүрэгтэй чухал байгууллага болсон гэдэгтэй маргах аргагүй юм. Ийм лут байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, нөгөө талаас тэдний авлигатай хийж буй тэмцэлд туслах чиг үүрэгтэй Олон нийтийн зөвлөл үүнийгээ хэрхэн яаж хэрэгжүүлдгийг нийгмийн тодорхой хэсэг улам бүр сонирхох болжээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар томилогддог Олон нийтийн зөвлөл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны сануулсанчлан “хариуцлагатай ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж” чадаж байгаа болов уу?
Мэдэгдэл 1. Олон нийтийн зөвлөл анх байгуулагдсан 2009 оноос хойш хоёр дахь бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа ба нийт хугацаандаа лав л хоёр удаа мэдэгдэл гаргаж байжээ. Эхнийх нь Н.Энхбаярыг баривчилсны дараа 2012 оны дөрөвдүгээр сард гаргасан мэдэгдэл. Энэхүү мэдэгдэлдээ “Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь хуульд заасны дагуу авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх, олон нийтэд авлигын хор хөнөөлийн талаар ухуулан таниулах, авлигаас ангид нийгмийн орчинг бий болгох, авлигыг үл тэвчих ёс суртахууныг төлөвшүүлэх, төрийн байгууллагуудын ил тод нээлттэй байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилготой” гэж юуны өмнө дурдаж байв. Үүнд өөрийн үйл ажиллагааны чиг, үүргээ зөвхөн нэг талын байр сууринаас тодорхойлсон нь тод харагдана. Уг нь тус зөвлөлд журмын 3.1.2-д заасанчлан “Авлигатай тэмцэх газар хараат бус, ил тод, хууль дээдлэн ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих”, 3.1.3-д тусгасан “Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих”, мөн журмын 3.1.5-д дурдсанчлан “Авлигын талаар болон Авлигатай тэмцэх газрын бодлого, үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлыг Авлигатай тэмцэх газарт уламжлах” чиг үүрэг бас бий юм. Гэтэл өөрсдийн үйл ажиллагааны чиг үүргийг “хоёргүй” байдлаар ойлгосон гэмээр Олон нийтийн зөвлөл маань Н.Энхбаярын баривчилгааны дараах мэдэгдэлдээ “Энэ үйл явцад шүүхийн захирамжийн дагуу ажиллагаа гүйцэтгэхээр очсон Авлигатай тэмцэх газрын ажилтнуудын эсрэг галт зэвсэг гарган эрх чөлөөнд нь халдсанд харамсаж байна… Түүнчлэн сэжигтэн Н.Энхбаяр нь өөрийгөө хамгаалах улс төрийн нам байгуулж, албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж TV9 хэмээх арилжааны телевизийг байгуулж, олон нийтэд нэг талыг барьсан тэнцвэргүй мэдээлэл түгээсээр өнөөдрийг хүрлээ…” гэхчлэн дүгнэлтүүдийг өгөөд эцэст нь АТГ-ын удирдлагуудад талархал илэрхийлсэн байлаа. Яг энэ мэдэгдэл гарч байх үед дээрх баривчилгааны үеэр хүний эрхийг зөрчсөн талаар энэ чиглэлийн иргэний нийгмийн нэг бус байгууллага дуугарч, нийгмийн тодорхой хэсгийн сэтгэл зүй төрийн хүчний байгууллагын эсрэг чиглэж байв.
Мөн 2012 оны долдугаар сард хэвлэлийн мэдээлэл гаргаж, үүндээ 2013 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлах уриалга гаргасан ба “төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэргийг шалгах үйл явц удаан байна” гэж дүгнээд “ёс зүйгүй зарим хуульчдын балгаар авлигын шинжтэй хэргүүд хуулийн хүрээнд шийдэгдэхгүй байх хандлагатай болж байгаад сэтгэл түгшиж” буйгаа илэрхийлсэн байна. Үүндээ АТГ-ын шалгаж тогтоосон хэргүүд прокурорын шатанд хэрэгсэхгүй болдгийг хамааруулан хэлсэн бололтой.
Байгуулагдсанаасаа хойш хэд, хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийсэн Олон нийтийн зөвлөл иргэдийн гомдол, хүсэлтийг АТГ-д уламжилж байгаагаа дурдаж, мөн уг байгууллагын үйл ажиллагааг сайжруулах талд хамтран ажиллаж буйгаа онцолж байжээ.
Мэдэгдэл 2. Харин Олон нийтийн зөвлөлийн хоёр дахь бүрэлдэхүүн томилогдсоноосоо хойш 2015 оны зургадугаар сарын 17-нд мөн нэг удаа мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэл ч бас арай биш, төрийн өндөрлөгүүдэд хандсан ил захидал бичив. Энэ нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн санаачилсан нэгэн хуулийн төсөлд өгсөн дүгнэлт байлаа. Үүндээ “…маш яаравчлан мэдүүлсэн төслүүдийн агуулгыг нь нягтлан авч үзвэл АТГ-ын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг харьяаллын хэргүүдээс хээл хахууль өгөх, авах, зуучлахаас бусад албан тушаалын гэмт хэргийг цагдаагийн байгууллагын харьяалалд, Мөрдөн байцаах албыг Улсын ерөнхий прокурорын газарт тус тус шилжүүлэх тухай ноцтой, өрөөсгөл саналыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гаргаад зогсохгүй УИХ-аар батлуулах эхний алхмыг хэдийнэ хийгээд амжсан байна… Энэхүү өргөн барьсан төслүүд батлагдвал Монгол Улсад бүрэлдэн бий болсон авлигатай тэмцэх тогтолцоог эвдэж, АТГ-ыг татан буулгахтай дүйх ноцтой үр дагаварт хүргэх юм” гээд “…цаашдаа улстөрчийн зүгээс хүссэн цагтаа өөрсдийн явцуу эрх ашигт нийцсэн шийдвэрийг төрийн дээд байгууллагаар гаргуулж дураараа авирлаж байх сэдлийг нь улам бүр өдөөж, шударга ёсны тогтолцоог бий болгоход саад учруулах тул Та бүгдийг энэхүү ноцтой үр дагавар бүхий асуудалд зохих анхаарал хандуулна гэдэгт найдаж байна” гэжээ.
Дээрх баримтуудаас харвал юутай ч, АТГ-ын Олон нийтийн зөвлөл маань авлигын эсрэг тэмцэлд АТГ-тай хамтран хоёргүй сэтгэлээр, мөн тус газрыг эрх мэдэлтнүүдээс хаацайлах байдлаар ажиллаж ирсэн байгууллага гэсэн ойлголт төрөхөөр байна. Харин сүүлийн үед АТГ улстөрийн зорилго, захиалгаар хэрэг үүсгэж, үүндээ бусдыг хэлмэгдүүлж, хилс хэрэг тохож байгаа талаар янз бүрийн түвшинд нээлттэй ярьж, бичих нь ихэссэн. Тэдний үнэн, худал ярьж буйг нотлох амаргүй. Гэвч тийм тал байж болохыг нотлох бас бус баримтууд бий. Өмнө нь манай сайт нэр бүхий улсын үйлдвэрийн газрын захирлыг олон тэрбумын хэрэгт сэжиглэн хоёр жил шахам хорьж шалгаад эцэст нь цагаатгасан ба энэ хооронд тухайн үйлдвэрийг хувьчилсан “түүхийг” сөхөж байсан. Энэчлэн үүсгэн шалгасан хэргээ нотолж чаддаггүй, эсвэл үнэхээр гэмгүй хүнийг нэр төр, эрүүл мэнд, сэтгэл зүй, цаг хугацаагаар нь хохироодог тал байж болохыг тухайн жишээгээр харуулсан. Өнөөдрийг хүртэл АТГ-ын үйл ажиллагааг дэмжих байдлаар авлигын эсрэг тэмцэлд хүч өгсөөр ирсэн Олон нийтийн зөвлөл маань цаашид хэрхэн яаж ажиллахаа эргэн харах цаг болсон ч байж магадгүй юм.
politik.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Элбэгдоржийн томилсон шахуу Цагаан гэж хүн байхад олон нийтийн зөвлөл гэхэд үнэндээ инээдэмтэй юм . Элбэгдоржийн захиалгаар ажилладаг нь тодорхой болсон шүү дээ.