Намуудын “хэтэвч”-ийг шилэн болгооч…

8f53c485b1799cae10a6321ed6d20c4cУлс төрийн намуудын санхүүжилтийг ил болгоно гэж улстөрчид улиг болтол ярьдаг. Бараг мөнхийн сэдэв нь ч гэж хэлж болох. Хууль гаргах хугацаа ч өнгөрсөн жилүүдэд хангалттай байсан. Харамсалтай нь хэрэгжүүлэх болохоороо хойш тавьчихдаг нь хачирхалтай.

Өнөөдрийг хүртэл намууд хаанаас хэрхэн санхүүжиж ирсэн бэ гэвэл, гишүүдийн хандив, намын дэмжигчид. Дуучдаар бол фенүүдийн дэмжлэгээр явж ирсэн гэж байгаа. Дээр нь сонгуулиар авсан суудлын тооноос хамаарч төсвөөс санхүүжилт олгодог. Тэр нь олон, цөөн суудлаас хамаарч янз бүр байдаг. Намуудын санхүүжилт харилцан адилгүй учраас сонгуулиар ижил гараанаас гарах боломжгүй гэсэн гомдол, шүүмжлэл ч байнга гардаг.

Ийм учраас саяхан ба­талсан Сонгуулийн шинэ хуульд энэ асуудлыг нарийвчилж оруулах нь зүйтэй хэмээн парла­ментад суудалгүй намууд санал гаргаж байв. Гэтэл иргэнээс авах хандив нэг сая төгрөг байсныг гурван сая, аж ахуйн нэгжээс авах хандив гурван сая байсныг тав дахин өсгөж 15 сая болгосон гэсэн шүүмжлэл дагуулж, одоо ч цэц дээр маргаан өрнөж буй. Хэн ханш өсгөв, аль компани бидний өгдөг хандивыг тав дахин өсгөөд өгөөч гэж хүсэлт гаргасан юм бол гэсэн хардлага ч үүсээд амжсан. Энэ бүхнээс үзэхэд, намуудад хандив өгдөг явдлыг ил тод болгох шаардлага байна. Эрхзүйн зохицуулалтыг хуульчилж өгөхгүй бол болохгүй нь. Тэгэхгүй бол чи тэр намд хандив өгсөн, би өгөөгүй гэхчлэн эцэс төгсгөлгүй хэрүүл хийх, эсвэл аль нэг хүний алдар нэрийг цохон төдөн төгрөгийг тийм намд өгчээ гээд л сонин хэвлэлээр цоллоод зогсохгүй шалгуулна хэмээн хууль, хяналтын байгууллагаар заргалдах явдал газар авах нь. Хэрэв энэ байдлыг хуульчилж, хандивын хэмжээг нэг мөр болгон намуудын санхүүжилтийг ил тод болгочихвол хэрүүл гарахгүй байж болохоор. Үүнийг Ил тод байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль гээд олон хууль тогтоомжийн хүрээнд шийдэж болох л асуудал. Ийм болчихвол сонгууль ч, намуудын хоорондын өрсөлдөөн ч, хэн аль намыг дэмжиж, хэдэн төгрөгөөр санхүүжүүлсэн нь ч ил тод болох бус уу. Намуудын санхүүжилт ч шилэн, явуулж буй үйл ажиллагаа нь ч тунгалаг болно. Сонгуулийг шударга болгоход ч тустай. Тиймээс Улстөрийн намуудын тухай хуулиар намуудын “хэтэвч”-ийг шилэн болгооч, ийм зохицуулалтыг хийгээч. Энэ чиглэлд намууд зориг гаргаж, ялангуяа парламентад суудалтай улс төрийн хүчнүүд алхам хийвэл, ирэх сонгууль ярих юмгүй шударга болох биш үү?

Зууны Мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих