Улстөрч дээрэмчид

Оюу толгойн хувьцаа таван доллараар унав. Улс дамнасан том компаниудын мөнгө босгох үндсэн хэлбэр болсон хувьцааны үнэ унана гэдэг бусад оронд дээр доргүй түгшүүр төрүүлнэ. Тэр тусмаа улстөрчдөд хүндхэн цохилт болдог. Учир нь төсөвт орох татвар буурахаас эхлээд ажлын байр хорогдоно. Энэ нь эрх баригчдыг унагах сайхан боломж болно. Гэхдээ коммунист, социалист орнуудад энэ зарчим эсрэгээр үйлчилнэ. Төр нь хэр их дээрэм хийнэ, тэр хэрээр удаан оршин тогтноно. Ирак, Венесуэль зэрэг орнуудад хувийн өмчид халдах нь хэрээс хэтэрч олон улсын тавцанд ганцаардаж эхэлж байна, эдийн засаг нь хурдтай унаж байгаа. Иранчууд америкуудын ямар ч хүсэлтийг хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдэж байгаа бол Уго Чавес эх оронч царайлж хөөж гаргасан компаниудаа царайчлахдаа тулж байна.

Энэ үзэгдэл манай оронд давтагдах аюул нүүрлэж эхлэв. Саяхан 21 эрхэм гишүүн эх орныхоо эдийн засгийг гадны компаниудаас хамгаалах аян өрнүүлэв. Гэхдээ тэд “Онги гол”-ынхон шиг буу, шийдэм болохгүй. “Хулхи”-ны хуулиа өөрчлөх замаар дээрэм хийнэ. Тэдний энэ санаагаа хэрэгжүүлэх сэдэл нь ч хүний санаанд оромгүй. Баригдаж байгаа үйлдвэрлэлийн ашгаас 50 хувийг нь хүртэнэ гэнэ. Төр гэрээ хийгээд хуулиар баталгаажуулчихаад гэнэт цуцалж ашгийн тал хувийг нь хүртэнэ гэдэг нь ямар ч алуурчин, дээрэмчдээс дор харагдана. Мэдээж хулгайч, дээрэмчид УИХ-д үүрлэсэн бол гайхаад байх юм алга. Хэдхэн жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулалтаар ард түмнээ жаргаана гэж байсан эрхмүүд тэр жаргаах хөрөнгө оруулалт ороод ирэхээр дээрэмдэх гэж байгаа нь сонирхол татна. Хэргийн учир 34 юм уу 50 хувьдаа байгаа юм биш. Хэдий хэр хэмжээний хөрөнгө төрд очих вэ гэдэгт байж таарна. Дахиад л нэг Эрдэнэт төрнө. Эрдэнэт монголчуудыг хүнд үед нэмэр болж байсан нь үнэн боловч өнөөдөр эрх баригчдын хувийн шахаа, сонгуулийн санхүүжүүлэгч болсон нь хэнд ч нууц биш. Тэд хэнтэй, ямар үнэтэй, хэн гэдэг эрхэм гэрээ хийсэн нь нууц. Ялсан нам Эрдэнэтийн удирдлагыг авна. Үүнтэй адил Оюу толгой ч эрх баригчдын зоогийн газар, пиарын хөрөнгө болж хувирна. Төр гэдэг нь дарга нар. Дарга нарын булаасан 50 хувь ард түмэнд хүртээлгүй болж хувирна. Дарга нарт ашгийн 50 хувь очсоноос Рио Тинтод тал нь байх нь мөнгө босгохоос эхлээд Монгол Улсын нэр хүндэд ашигтай. Эрх баригчид өдөр ирэх тусам дарангуйлагч төрхөд хувилж байна. Өмчтэй хүн эрх чөлөөтэй байдаг. Ард түмэн өмчгүй бол хэний ч хатгаасаар бослого гаргахаас өөр ямар ч чадваргүй болдог нь Арабын ертөнцийн жишээнээс харагдаж байна. Эдгээр орнууд асар их баялагтай, тэр нь ихэнх тохиолдолд төрийн мэдэлд байсан. Тэр хэрээрээ дэлхийн шившиг болоод зогсохгүй эрх баригчид орох орон, оочих аягагүй болж хувирав. Одоохондоо дэлхий дээр хувийн өмчийг хамгаалсан төр л иргэдээ сайхан амьдруулж чадаж байгаа. Эндээс харахад төр өмчтэй байх, тэр тусмаа хувийн өмчид халдах нь 1917 оны пролетарийн хувьсгал, 1921 оны ардын гэх мэтээс эхтэй, дэлхийн тал хүн амыг хүн төрхөөс салгасан хувьсгалаас өөр үр дүн авчрахгүй гэдэг нь харагдана. Оюу толгойн хөрөнгө оруулалтыг төр өөрөө урьж авчирсан.

Гэрээ хийж хуулиар баталгаажуулсан. Гэтэл яагаад өнөөдөр хуулиа цуцалж 50 хувийг эзэмших хүсэлтэй болов. Эрх баригчид ийнхүү сэтгэж байхад, Төрийн ордонд хөл тавих эрхгүй, мэдээлэл муутай иргэний хөдөлгөөнүүд эх оронч царайлахыг буруутгах аргагүй. Эрхэм гишүүн-эх орончдын Оюу толгойг сонгосон нь ч учиртай гэнэ. Түүнд хөрөнгө оруулагч Рио Тинто компани нь үндэстэн дамнасан аварга аж ахуйн нэгж. Гэхдээ тэдэнд нэг ч илүү ногоон байхгүй. Харамсалтай нь Эрдэнэтийг хууль дүрэмгүйгээр, дураараа сааж хурсан эх орончид энэ бүхнийг мэддэггүй бололтой юм. Эх оронч дүрд хувилж байгаа цаг нь ойлгомжтой. Өнгөрсөн сонгуулиар тэд иргэн бүрт 1.5 сая төгрөг амласан. Ард түмэн өнөөдөр амлалт нэхэх цаг нь ирсэн. Энэ нь тэднийг эх оронч дүр эсгэхийг шаардсан. Эрхэм гишүүдэд эх оронч дүр эсгэх олон сайхан боломж бий. Хэдэн жил хатаж яваа Хадгаламж зээлийн хоршооны хохирлыг барагдуулж болно. Хашаагаар хүрээлчихээд УИХ-ын гишүүдийг оруулахгүй байгаа хужаа нартай хариуцлага тооцож болно. Монголчуудын өдөр, шөнийн мөрөөдөл болсон бензиний үйлдвэрийг барьж өгч болно. Гахай шиг газар ухаж, нохой шиг эсгий нөмөрч хэвтээ нийслэлийн 180 өрхөд орон сууцыг зээлээр өгч болно. Харамсалтай нь энэ бүхнээс дөлж, дэлхийн түвшинд монголчууд дээрэмчин мэт сэтгэгдэл төрүүлж, монголыг шившиглэж байна.

Х.БАТТӨГС

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих