Шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-наас зогсооно
Хууль санаачлах эрх бүхий нөхөд Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн төслийг өргөн барьж, сүүлдээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан улс төрийн намуудын төлөөлөлтэй ажлын хэсэг гарч байж “нэгдсэн” гэх тодотголтой хуулийн төсөл боловсруулж, ямартай ч батлаад авлаа. Сонгуулийн нэгдсэн хууль өмнөхөөсөө хэд хэдэн ялгаатай болсон талаар СЕХ-ноос мэдээлэл өгсөн. Тэр ялгаа, өөрчлөлт хэр зөв, бодитой болсныг энэ оны зургадугаар сарын 29-нд болох УИХ-ын сонгууль харуулах биз. Юуны өмнө сонгуулийн өдөр санал хураалтыг 07.00-22.00 цагт явуулах бөгөөд энэ нь хоёр цагаар уртасгасан өөрчлөлт юм. Үндсэндээ иргэдийн сонголтоо хийх, бодож тунгаахад боломж олгоно гэхээсээ илүү 10 сонгогч ч болов нэмж ирэхийг хүлээнэ гэсэн үг. Мөн санал хураах үйл явцыг автоматжуулсан болохоор урьдчилсан дүнг хоёр цагийн дараа гаргачихна гэж тооцоолж байгаа юм билээ. Нэр дэвшигч хэн нэгэн гомдолтой байх аваас “но”-той байж болзошгүй зарим газарт гар тооллого хийж, гомдол саналыг барагдуулахаас гадна автомат тоолуурын машины “үнэнч” эсэхийг шалгаж баталгаажуулахаар хуульд заачихсан. Нэр дэвшигчдийн хувьд зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ албан ёсоор гардан авах боловч 11-ний өдөр сонгуулийн сурталчилгааг улс орон даяар эхлүүлж, нэгэн зэрэг гараанаас гарах юм. Өмнөх сонгуулиар нэр дэвшигч үнэмлэхээ авмагц СЕХ-ны босгыг даваад л сурталчилгаагаа эхэлдэг байлаа. Түүнтэй харьцуулбал нэг дэвшил болсон байна. Нам эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хэмжээг энэ удаад Үндэсний аудитын газраас тогтоож өгөхөөр болжээ. 2012 оны сонгуулиар СЕХ ийм босго тавьсан боловч хяналт сул байснаас мөнгөтэй нэг нь баруун солгойгүй цацаж байсан билээ. Монголын хууль гурав хоног гээч болчихгүй бол энэ жилийн сонгууль “мөнгөний уралдаан” болохгүй байх боломж бүрдсэн гэж ойлгож болохоор юм. Өмнөх сонгуулиар УИХ-д 540, орон нутгийн ИТХ-д 2200 горилогч “тоосоо өргөж” байсан бол энэ удаагийнхад түүнээс ч олон хүн нэр дэвших нь тодорхой. Түүний дээр тойрогт нэр дэвшигч, нам эвслийн нэрсээс гадна намын жагсаалтад магнайлах хүмүүсийн нэрийг сонгогчийн саналын хуудсанд бичих учраас нэлээд том овортой болох байх. Ялангуяа сүүлийн үед бие дааж нэр дэвших нь сонгогдох магадлалтай гэж үзэх горилогчид олон болсон болохоор саналын хуудас нэг метр гаруй урттай байх тухай яриа нь онигоо биш, бодитой байж магадгүй л юм. Сонгогчдодоо анхааруулахад ганцхан өдөр төр барих эрхээ эдлэхийн тулд ийш тийш нүүж суух, хөдөө гадаа явахаар бол ажлаа зохицуулах хэрэгтэй. Учир нь, гуравдугаар сард багтааж сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хуудсанд байрлуулна гэж байгаа. Улмаар дөрөвдүгээр сарын 30-наас гадаад, дотоод аливаа шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Харин тавдугаар сарын 20-ноос бие даагч болон нам, эвслээс нэр дэвшигчийг бүртгэж эхлэх бөгөөд бүртгэхгүй байх ч үндэслэлтэй гэнэ. Хуульд заасанчлан бэлэн мөнгө тараах, хөнгөлөлттэй болон үнэгүйгээр төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, дайлж цайлах, гадаад дотоодод аялуулах, амралт сувилалд амраах зэргээр сонгогчдод ая тал засч, нөгөөх нь хуулийн байгууллагад баримттайгаар “гардуулсан” байвал нэр дэвшихээр горилогчийг буцаах эрх нь СЕХ-нд байгаа юм. Гэр хороололд шуудайтай нүүрс, айл өрхөөр бидон сав тарааж явсан улс нэгийг бодохгүй бол болохгүй нь. Тийм мэдээллийг баримт нотолгоотойгоор хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн хүнийг өндрөөр үнэлж, урамшуулахаар болсон нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бас нэг боломж ч юм шиг. Нөгөө талаар сонгуульд оролцох нам эвсэл, нэр дэвшигчдийнхээ 30-аас доошгүй хувьд эмэгтэйчүүдийг багтаахаар хуульд заасан. Хэрэв энэ квотод хүргэхгүйгээр эмэгтэйчүүдийг “гадуурхсан” байвал тухайн нам, эвслийн нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх бас нэг үндэслэл болно. Сонгуулийн тойргийн хувьд онцгой өөрчлөлт оруулаагүй, УИХ-ын 48 тойрогт олонхийн санал авах магадлалтай “акулууд” хүч үзэж, намуудаас азтай 28 нөхөр гулссаар гишүүний сэнтийд заларна. Харин орон нутгийн сонгуулиар сум бүр нэг тойрог, аймгийн төвийн баг болгон бас нэг тойрогт тооцож, санал хураалтыг явуулах болжээ. УИХ-ын сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 17-19-ний өдөр хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчуудын дунд явагдах бол 28-ны өдөр хэвтрийн өвчтэй, өндөр настан зэрэг хүндэтгэх шалтгаантай хүмүүсийн саналыг зөөврийн хайрцгаар авахаар болсон байна. Дээрх арга хэмжээ нь сонгуулийн насны хоёр сая орчим хүнээ бүгдийг санал хураалтад оролцуулж, төр түшилцүүлэх гэсэн санаа гэж бодохоор баярламаар ч юм шиг. Дараагийн сонирхолтой асуудал нь сонгуулийн хандив байгаа юм. Өнгөрсөн сонгуулиар иргэн нэг сая, компани таван сая хүртэл төгрөгийн хандив өргөж байсан бол ирэх сонгуулиар босгыг өндөрсгөж иргэн гурван сая, компани 15 сая хүртэл төгрөгийн өглөг өгөх боломжийг хуулиар зөвшөөрлөө. Үүнийг мөнгөний ханш унасан, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байсан. Сонгуулийн шинэчилсэн хуулийн 77.7-д зориулалтын зарлалын самбар, нийтийн эзэмшлийн хашаа хайс, гэрлийн шонд нэр дэвшигч, нам эвслийн сонгуулийн сурталчилгааг үнэ төлбөргүй байрлуулж болохоор заажээ. Энд ч харин “дажин” болно доо гэж болгоомжилж байтал дараагийн заалтад …“эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-ний дотор тухайн сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид байршлыг тогтооно” гэчихсэн байлаа. Гэхдээ эрхтэй, эрхгүйгээ дуудалцаж, шат шатны ИТХ-ын тэргүүлэгчдийн дунд “хөөрхөн дажин” болох нь тодорхой. Хамгийн гол нь нийтээрээ шударга сонгууль болоосой гэж бодож, хүсч суугаа. Тэр сонголт дөрвөн жилд иргэн бүрт ганц л олддогийг санаж, хожим харамсахгүйгээр мэргэн сонголт хийхийг эрхэм танд үлдээлээ.
Д.Мөнхжаргал
URL: