Шингэн алтны салбарынханд банкууд итгэхээ болив уу

alt1

Газрын тосны салбарын тэргүүлэгч компаниудын олон арван жилийн туршид хадгалж байгаа зээлжих өндөр зэрэглэлүүдийг үнэлгээний “S&P” агентлаг ээлж дараалан бууруулж эхэллээ.

Даваа гарагт “Shell” тэргүүтэй Европын олборлогчдын зэрэглэлийг шинэчилсэн бол сүүлийн 30 жилд өөрчлөгдөөгүй байсан “Chevron”-ийн “AA” зэрэглэлийг нэг түвшнээр бууруулжээ.

Үүнээс гадна “Hess”, “Continental Resources”, “Apache”, “Devon Energy” зэрэг АНУ-ын занарын тос олборлогч болон өрөмдлөгийн компаниудын зэрэглэлийг бууруулсан байна. Хамгийн гол нь АНУ-ын газрын тосны салбарын компаниудын жагсаалт салбарын тэргүүлэгч болох “Exxon Mobil”-оор үргэлжилж магадгүй гэдгийг анхааруулжээ.

“S&P”-ийн хамгийн дээд үнэлгээ болох “ААА” зэрэглэлтэй “Microsoft”, “Johnson & Johnson” болон “Exxon Mobil” гэсэн АНУ-ын гуравхан компани байдаг аж .

Мягмар гарагт танилцуулсан мэдэгдэлд “Exxon Mobil”-ийн зээлийн нөхцөл 2018 он хүртэл сул байх төлөвтэйг дурдаад тус компанийн зэрэглэлийг “ажиглаж байх” жагсаалтад оруулж, шаардлагатай бол 90 хоногт багтаан зэрэглэлийг бууруулах шийдвэрийг гаргана гэж тусгасан байна.

“Exxon Mobil” компани өнгөрсөн оноос бүсээ чангалах бодлого барьсан ч энэ нь салбарын уналтаас аварсангүй. Тиймээс мягмар гарагт “Exxon Mobil” компани төсвөө 10 жилийн доод цэгт нь хүргэх, хувьцаа эргүүлэн худалдан авахаа зогсоох арга хэмжээнүүд авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тодруулбал энэ оны төсвийг өмнөхөөс 25 хувиар бууруулж, 23.2 тэрбум ам.доллар болгосон байна.

Энэ нь 2007 оноос хойших хамгийн бага дүн болж байгаа ажээ. Тус компанийн 2015 оны бүтэн жилийн ашиг өмнөх оныхоос 50 хувиар буурч, 16.2 тэрбум ам.доллар болсон байна. Хэдий тийм боловч IV улирлын үзүүлэлтэд зарим эерэг үзүүлэлтүүд байгаа аж.

Тухайлбал жилийн сүүлийн гурван сард 2.7 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь зах зээлийн хүлээлтээс өндөр дүн болсон бөгөөд өөрөөр хэлбэл шинжээчдийн таамгаас давсан ашгийн үзүүлэлттэй цорын ганц газрын тосны салбарын тэргүүлэгч компаниудын нэг болсон байна.

Ж.Чимэг

 


URL:

Сэтгэгдэл бичих