ХУУЛЬЧИД УРИАЛГА ГАРГАЛАА

db0ee1fd0b9a4569originalҮндсэн хуулийн цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь баримттайгаар баривчилсан тохиолдолд саатуулах буюу захиргааны шийтгэл ногдуулах боломжтой. Түүнээс бусад тохиолдолд цэцийн гишүүнийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах хуулийн заалт өнөөдөр манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд байхгүй. Гэтэл энэ бүхнийг зөрчиж, мөн УИХ дэгийн хуулиа зөрчин байж үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах албан бичгийг Улсын дээд шүүхээс УИХ-д хүргүүлсэн. Энэ асуудлыг ч УИХ яаралтай горимоор шийдвэрлэхээр зүтгүүлж эхэлсэн. Хачирхалтай нь энэ асуудлыг  ингэж яаравчлан зүтгүүлж байгаа нь улстөрийн шалтгаантай гэх хардлагыг төрүүлж эхлээд байна.  Харин хуулийн талаасаа эрх зүйн хямрал үүсгэх аюултай байгааг хуульчид сануулж, УИХ-д хандан уриалга гаргасан байна.

УРИАЛГА

Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-ийг зөрчиж Үндсэн хуулийн цэцийн дарга, нэр бүхий гишүүдийг хууль бусаар эгүүлэн татах гэж буйтай холбогдуулан Хуульчид бидний зүгээс энэхүү уриалгыг УИХ-ын эрхэм гишүүн Танаа сонордуулж байна.

Үндсэн хуулийг баталсан 1992 оноос эдүгээг хүртэл УИХ болон Цэц хоорондын харилцаанд үл ойлголцол гарч байсан хэдий ч тухай бүр Үндсэн хууль, бусад хуулийн дагуу шийдвэрлэгдсээр ирсэн. Учир нь Үндсэн хуулиар эдгээр байгууллагуудын эрх хэмжээг тодорхой зааж өгсөн бөгөөд үүнийг нэг мөр ойлгохуйцаар зохицуулсан юм. Гэтэл Цэцийг институци гэдгээр нь бус ямарваа нэг хувь хүн гэж харах, түүнд улс төрийн ашиг сонирхлоор хандах нь үндсэн хуулийн үзэл баримтлалыг ноцтой зөрчинө.

Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн “манаач”, түүнийг чандлан сахиулах баталгаа юм. Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхээ хэрэгүүлэх баталгаа нь гагцхүү Үндсэн хууль билээ. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн эрх зүйн байдлыг тогтоосон Үндсэн хуулийн заалтуудыг өргөтгөсөн нэмэлтийг ердийн хуулиар оруулж үүнээ үндэслэн гишүүдийг эгүүлэн татах гэж байгаа нь Үндсэн хуульчлагдсан институцийг буюу төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэмт хэргийн шинжтэй, төр ба ард түмний хоорондын дээд “гэрээ”-г цуцалж дарангуйлал тогтоох гэсэн ноцтой үйлдэл гэж бид үзэж байна.

Цэцийн шийдвэр УИХ-ын таалалд нийцэх ёсгүй, албагүй. Гэтэл Цэц хараат бус байдлаар ажиллаж УИХ-ын Үндсэн хууль зөрчиж баталсан шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул энэ институцийг улстөрийн байгууллага болгохоор санаархаж байгааг хэрхэвч зөвтгөх аргагүй юм.

Иймийн тул Цэцийн шийдвэр гараагүй байхад Улсын Дээд шүүхийн саналыг зохих ёсоор авалгүйгээр, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах хууль бус шийдвэрийг бүү гаргаач хэмээн УРИАЛЖ байна.

Үндсэн хуулиа дээдлэн сахигтун!

ХУУЛЬЧ:

Г.БАЯРХҮҮ             Ц.МОНГОЛ               О.АЛТАНГЭРЭЛ                 Д.МИЕЭГОМБО      Б.ЭНХБАЯР                       Б.ЦОЛМОН              Ч.АМГАЛАНБАЯР              Ч.ЖАДАМБА              Г.БАТБАЯР             Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ Н.ЭРДЭНЭБИЛЭГ             Б.ОЮУНТУУЛ                Г.УУГАНБАЯР        Б.ОЮУ                       Г.ТЭГШЭЭ                            Р.МӨНХЗУЛ                С.ЦЭНД                   Н.СЭРСЭНДЭМИД            Т.ТӨМӨРБААТАР         С.БАЯНМӨНХ                     Г.ЦЭРЭННЯМ           М.ДОЛГОРСҮРЭН Ц.ЖАРГАЛ                           И.ЧИМИДБАДАМ                  В.ОЮУН-ЭРДЭНЭ            Б.ӨЛЗИЙСАЙХАН                В.ЕСӨНТӨМӨР


URL:

Сэтгэгдэл бичих