ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ЭДИЙН ЗАСАГТ УЧРАХ ҮР ДАГАВАРААС СЭРГИЙЛЭХ САНАЛ

1gl5ta1r0hq456j2gcm2tfjokuҮндсэн хуулийн цэцийн 2016.01.28-ний өдрийн шийдвэр нь хууль эрх зүй, эдийн засагт олон талт сөрөг үр дагаварууд үүсгэхээр байх тул олон зүйл нуршилгүй дараах хувилбарыг санал болгож байна. Үүнд :

Нэгдүгээр хувилбар : УИХ-аас Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг нэр томъёо, утга агуулгаар нь тайлбарласан зүйл, заалт нэмэх, мөн Давж заалдах шатны шүүх хуралдаанд “цахим сүлжээ”-г ашиглах, шүүх нүүдэллэн ажиллах зэрэг тухайн хуулийг хэрэгжүүлэх журам бүхий “Шүүх байгуулах тухай хуулийг дагаж мөрдүүлэх журмын тухай” хууль батлах

Үндэслэл 1 :  Шүүх байгуулах тухай хуулийг дагаж мөрдүүлэх журмын тухай” хууль батлах нь Үндэсний аюулгүй байдлын тогтвортой байдлын үүднээс зайлшгүй хийх бодлогын зохицуулалт.

Цэцийн дарга “Монголын үнэн” сонинд ярилцлага өгөхдөө…З.Энхболдын хувьд хууль бусаар томилогдсон дарга. Үүнд Цэц улс орны үндэсний аюулгүй байдлын тогтвортой байдлыг анхаарч аль болохоор хүлээцтэй хандсаар ирсэн гэжээ.

Гэтэл Үндсэн хуулийн цэц нь нэг хүний томилгоог Үндэсний аюулгүй байдлын үүднээс хүлээцтэй хандсан гэх атлаа Монгол Улсын хувьд улс орны санхүү, эдийн засгийн онцгой хүнд нөхцөл байдал буюу Дефолтын эрсдэл нүүрлэсэн, ядуурал газар авсан, “олуулаа” болно гэх боловч төрөх эмнэлгүүд хүрэлцээгүй зэрэг үй түмэн “нэн тулгамдсан” асуудлыг шийдвэрлэх “хөрөнгө санхүү”-гийн дампууралд орчихсон байхад хувийн, бүлгийн явцуу эрх ашиг, өөрт таалагдаагүй гэх сэдлээр “Үндсэн хууль зөрчсөн” гэх хэлбэрийн, явцуу үндэслэлээр шүүхийн шинэчлэлийг ухраахад чиглэгдсэн шийдвэр гаргасан нь Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд шууд сөрөг нөлөөлөл  үзүүлэхээр болов.

Үндэслэл 2 : “Шүүх байгуулах тухай 2015.06.29-ний өдрийн хууль нь Үндсэн хуульд заасан Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгээгүй.

Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь гагцхүү Монгол Улсын шүүхийн тогтолцоо (анхан, давах, хяналтын шат)-г, мөн шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болохыг тус тус заасан зөвхөн “шүүхийн тогтолцооны нэршил, шүүн таслах ажлын төрлөөр дагнах хэлбэр”-т хамаарах үндсэн гол утга агуулгыг илэрхийлнэ, харин шүүхүүдийг заавал “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  хуваарь”-ийн дагуу байгуулах утга санааг илэрхийлэхгүй байх ба шүүхээс хэрэг маргаан хянан шийдвэрлэх газар зүйн байршил буюу шүүхэд харъяалагдах хэрэг маргааны харъяаллын тойргийн зураглалыг хэрхэн хийж, энэ дагуу шүүхүүдийг хаана, яаж, хэрхэн байгуулахыг “шүүхийн үндсэн тогтолцооны нэршил”-ийг харгалзан, нийгмийн  эрэлт, шаардлага буюу хэрэг маргааны төрөл, гаралтын түвшин, хүн амын төвлөрөл, эдийн засгийн чадавхи, үр ашиг зэргийг үндэслэл болгон УИХ шийдвэрлэх бүрэн эрхтэй.

Үндэслэл 3 : “Шүүх байгуулах тухай 2015.06.29-ний өдрийн хууль нь иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулаагүй.

Үндсэн хуулийн цэц шийдвэрт “иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулсан” гэж зөвхөн хэлбэрийн (таамаглал) төдий бичсэн болохоос “яагаад” гэдэг асуултад хариулах хангалттай үндэслэл, судалгаа баримтад үндэслэгдсэнгүй.

Анхан шатны шүүхүүдийн иргэдэд үйлчлэх үйлчилгээ иргэдээс холдоогүй ба төв, орон нутагт анхан шатны шүүхүүд ажиллаж байгаа.

Үндсэн хуульд заасан нэршлээр орон нутагт Аймгийн төв бүрт Сум буюу сум дундын шүүх ажилладаг, гэхдээ тус шүүхээр зарим сумдын иргэд үйлчлүүлэхийн тулд 500 км болон түүнээс хол зайнаас үйлчлүүлэх тохиолдлууд байгаа, үүнийг төрийн үйлчилгээ иргэдээс холдсон гэж үзвэл ямар сумдыг харъяалуулан дахин шүүх байгуулах эсэхийг УИХ шийдвэрлэх боломжтой.

Харин дүүргүүдийн хувьд Үндсэн хуульд заасан нэршлийг хадгалан улмаар шүүн таслан ажиллагааны төрлөөр дагнуулан 2-3-н дүүргийн нутаг дэвсгэрийн дунд “дүүргийн эрүү, иргэний шүүх” байгуулсныг, Давж заалдах шатны шүүхийн хувьд орон нутагт мөн Үндсэн хуульд заасан нэршлийг хадгалан улмаар шүүн таслан ажиллагааны төрлөөр дагнуулан 2-3 аймгийн нутаг дэвсгэрийн дунд “Давж заалдах шатны эрүү, иргэний шүүх” байгуулсныг тус тус төрийн үйлчилгээг иргэдээс холдуулсан гэж үзэх үндэслэлгүй ба эдгээр зохицуулалт нь тухайн шүүхүүд, шүүгч нарын  хувьд ажлынх нь харилцан адилгүй ачааллыг[1] харьцангуй жигд буюу тэнцвэртэй болгож, улсаас гарах төсөв санхүү, зардал хэмнэсэн буюу том төрөөс ухаалаг төрийн бодлого, зарчмыг хэрэгжүүлэх мөн тухайн шүүхүүдэд нөлөөлөх хөндлөнгийн нөлөөлөл, үр дагавараас урьдчилан сэргийлэх үзэл санаа, зорилгыг л агуулсан байдаг.

Дүүргийн иргэд харъяалах дүүргийн шүүхээр үйлчлүүлэхэд 1 буюу хэдэн автобусны буудал л дамжина, харин дээр дурдсан зарим сумдын иргэд шиг хэдэн зуун “км” хол зам туулахгүй.

Давж заалдах шатны шүүх гагцхүү эрх бүхий этгээдийн гомдол, эсэргүүцэл бичигдсэнээр л анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хянадаг учраас тухайн шатны шүүх хуралдаанд гомдол, эсэргүүцэл бичсэн этгээд заавал оролцох шаардлагагүй, харин гомдол, эсэргүүцлээ хууль ёсны ба үндэслэлтэй бичсэн байх нь чухал байдгаас гадна  хэрэв оролцохыг хүсвэл биечлэн очих, хэрэв очих бололцоогүй бол “цахим засгийн цахим сүлжээ”-г   ашиглан тухайн шүүхийн шүүх хуралдаанд байр сууриа илэрхийлж оролцох боломж бүрдсэнээс гадна давж заалдах шатны шүүх нүүдэллэн ажиллаж буй учраас тэдгээр шүүхүүдийг “иргэдийн шүүхээр үйлчлүүлэх эрхийг зөрчсөн, иргэдээс холдсон” гэж үзэх үндэслэлгүй юм.

Үндэслэл 4 : УИХ-аас Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааны төрлөөр дагнасан шүүх байгуулсан нь Үндсэн хууль, хуульд нийцсэн.

Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “шүүхийн үндсэн тогтолцоо, түүний нэршил”-ийг харгалзан, нийгмийн эрэлт, шаардлага, хэрэг маргааны төрөл, гаралтын түвшин, хүн амын төвлөрөл, эдийн засгийн чадавхи, үр ашиг зэргийг үндэслэл болгон УИХ дагнасан шүүх байгуулах бүрэн эрхтэй, тийнхүү эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааны төрлөөр дагнасан шүүх байгуулсан нь Үндсэн хуулийг зөрчөөгүй.

Үүнийг нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжид гарсан захиргааны бүх хэрэг маргааныг харъяалан шийдвэрлэх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж дэх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан магадлах Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулсан явдал тус тус нотолно.

2004 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүх,  2010 онд Захиргааны хэргийн давж заалдах шүүх тус тус байгуулснаар тухайн шүүхүүд иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэсээр байгаа нь Үндсэн хуульд нийцсэн, үйл ажиллгаа нь нэгэнт төлөвшсөн болохыг нотолж байна.

Эрүү, иргэний анхан болон давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхтэй нэг адил бүгд дагнасан шүүхүүд юм.

Гэтэл Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулсантай нэг адил зарчмаар зарим Эрүү, иргэний анхан болон давж заалдах дагнасан шүүх байгуулсныг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн хуулийн цэц үзсэн нь тухайн шийдвэр үндэслэл, нотолгооны логик зөрчил, алдаатай, УИХ-ын бүрэн эрхэд халдсан гэж ойлгогдохоор байна.

Хэрэв Захиргааны хэргийн шүүхтэй холбоотой тухайн асуудлаар зарим иргэд        Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан тохиололд Үндсэн хуулийн цэцийн 2016.01.28-ний өдрийн шийдвэрийг түдгэлзүүлэх үндэслэл бүрдэнэ.

Хоёрдугаар хувилбар : Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль дахин боловсруулж, батлуулах

Орон нутаг дахь Иргэний хэргийн болон Эрүүгийн хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн зохион байгуулалтыг Улсын дээд шүүхийнхтэй төсөөтэйгээр  дахин өөрчилж болно. Жишээ : Шүүхийн нэршлийн хувьд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Давж заалдах шатны шүүх гэж өөрчлөх, уг шүүх дотроо эрүү, иргэний хэргийн танхимтай байж болно.

Мөн анхан шатны шүүхүүдийн хувьд, тухайлбал, Архангай аймаг анхан шатны шүүх гэж байгуулах, уг шүүх дотроо эрүү, иргэн, захиргааны танхимтай байж болно.

Уг өөрчлөлтүүд нь шүүхийг эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааны төрлөөр дагнан байгуулах хуулийн үндэслэл, утга агуулгыг алдагдуулахгүй ба харин “Том төрөөс ухаалаг төр рүү” бодлого, зарчимд нийцсэн, төсөв, зардал хэмнэх, ачааллыг тэнцвэржүүлэхэд ач холбогдолтой байх юм.

 

СЭТГҮҮЛЧ Д.ЭНХБАЯР



URL:

Сэтгэгдэл бичих