“Ачтан” эмнэлгийн алдааг өөгшүүлэх ёсгүй”

1sdf21sd31f23s

“Ачтан” эмнэлэгт 2013 оны есдүгээр сард цөсний хүүдийн чулуу авах хагалгаанд ороод эрүүл мэндээрээ ноцтой хохирсон иргэн О.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй хэргийг саяхан Баянгол, Хан Уул, Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцсэн. Шүүхээс их эмч Б.Төмөрбаатарыг эрүүгийн хуулийн 106.2 т зааснаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс О.Түмэндэмбэрэлийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзжээ. Гэвч уг хэрэг нь 2015 оны долдугаар сараас өмнө үйлдэгдсэн учир анхны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин хохирогчийн Улаанбаатар сонгдо, Японы анагаахын их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хагалгааны төлбөрт зарцуулсан 119 сая төгрөг нэхэмжилснээс 104 сая төгрөгийн бодит хохирлыг “Ачтан” эмнэлэг барагдуулах ёстой гэж шийдвэрлэжээ.

Гэвч “Ачтан” эмнэлгийн удирдлага шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдээд байгаа аж. Энэ асуудлаар уг хэргийн хохирогч иргэн О.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа.

Ачтан” эмнэлэгт хагалгаанд ороод хохирсон асуудлаар шүүхэд хандсан юм байна. Шүүхээс чухам ямар шийдвэр гарсан бэ?

-Юуны түрүүнд анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдсэн гэж бодож байна. Надад хагалгаа хийсэн Б.Төмөрбаатар эмчийг буруутай гэж үзсэн ч өршөөлийн хуульд хамрагдсан. Харин иргэний хариуцагч болох “Ачтан” эмнэлэг шүүхээс тогтоосон хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээгээр Б.Төмөрбаатар эмчийг ажиллуулж байсны хувьд, мөн би анх Б.Төмөрбаатар эмч дээр биш “Ачтан” эмнэлгийг сонгож, хагалгаа хийлгэсэн гэдэг утгаараа ийм шийдвэр гарсан болов уу.

-Эмч алдаа гаргаснаас таны эрүүл мэнд ноцтой хохирсон гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр баталгаажиж байгаа юу?

-Шүүх хуралд Монголдоо эрхтэн шилжүүлэх мэс заслаар мэргэшсэн, тэргүүлэх зэрэгтэй хоёр шинжээч эмч оролцсон. Хагалгаа хийхдээ алдаа гаргасныг нь тогтоосон.

Хөдөлшгүй баримтаар нотлогдсон учраас шүүхийн шийдвэр миний талд гарсан гэж ойлгож байгаа. Хагалгааг хийсэн их эмч Б.Төмөрбаатар нар миний цөсний ерөнхий сувгийг гэмтээснээс цөсний шалтгаант гялтангийн үрэвсэл үүсч, амь насанд нь аюултай нөхцөл байдал үүссэн нь тогтоогдсон.

- “Ачтан” эмнэлгийн удирдлагууд тантай биечлэн уулзаж, хохирлыг барагдуулах талаар ярьсан уу. Ер нь уучлал гуйсан уу?

-Одоогоор “Ачтан” эмнэлгээс надтай уулзсан зүйл алга. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд хандана гэсэн байсан. Надад учирсан хохирлыг барагдуулахгүй байх үүднээс гарц гаргалгаа хайж, хуралдаа бэлдэж байгаа байх.

“Ачтан” эмнэлгийнхэнд надаас уучлал гуйхаас илүү давж заалдах шатны шүүхэд яаж ялах вэ гэдэг нь илүү чухал байгаа юм болов уу даа.

-Хагалгаа хийсэн Б.Төмөрбаатар эмчийг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслаар мэргэшсэн сайн эмч гэж сонссон. Алдаа гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Би ч өөрөө эмч мэргэжилтэй. Энэ салбарын хүмүүсийн жаргал зовлонг мэднэ. Б.Төмөрбаатар эмчийг энэ салбарт насаараа ажиллаж, олон хүний амь нас аварсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ сайн эмч гээд алдааг нь зүгээр уучилж болохгүй. Нөгөө талаас тэр эмчийг өөрийнхөө эмнэлэгт урьж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаагийн хувьд “Ачтан” эмнэлгийн удирдлагууд хариуцлагаас мултрах боломжгүй. Хагалгаанд орсноос хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Миний хувьд үхэлтэй тэмцсэн, ар гэрийнхэн маань намайг амьд үлдээхийн тулд бүхнээ орхисон хүнд үеийг тууллаа.

Энэ хугацаанд Б.Төмөрбаатар эмч өнөөдрийг хүртэл надаас албан ёсоор уучлал гуйгаагүй байна. Тэгэхээр өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байх. Хүн өөрийгөө яаж ч хамгаалж болно. Гэхдээ шинжээч эмч нарын дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг гээд олон талын нотлох баримтаар буруутайг нь тогтоочхоод байгаа шүү дээ. Алдаагаа хүлээн зөвшөөрөөд миний хохирлыг барагдуулах тал дээр “Ачтан” эмнэлгийн удирдлагууд ямар ч сэтгэл гаргахгүй байгаа нь харамсалтай. Үнэхээр олон нийтэд өөрсдийгөө сурталчилдаг шигээ чанартай үйлчилгээтэй юм бол алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой биз дээ.

-Хохирлыг тань төлөхгүй бол танд хандах газар байна уу?

-Нэгэнт шүүх алдаа гаргасныг нь тогтоосон учраас хагалгаа хийсэн эмч болон “Ачтан” эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай эрхийг нь түдгэлзүүлэх ёстой. Энэ асуудлаар Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын байгууллагад хандана. Бас санхүүгийн хувьд учирсан хохирлоо барагдуулахын төлөө тууштай явна. Би зөвхөн Япон улсад өндөр төлбөртэй хагалгаанд орсны зардлаа л нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохирол, ажил төрлөө хийж чадаагүйн хохирол гээд тоочвол энэ байтугай тоо гарна.

“Ачтан” эмнэлгийн удирдлагууд намайг хэдэн цаас салгах гээд л ингээд яваад байна, тэрийг нь яаж ийгээд өгөхгүй дээ л гэсэн байдлаар асуудалд хандаад байх шиг байна. Тэдний гаргасан алдаанаас нэг айлын амьдрал, мөрөөдөл, зүтгэл үгүй болсон гэдгийг ойлгох чадвар алга.

Нөгөө талаас энэ эмнэлэгт итгэж, эрүүл мэнд амь насаа даатгаж үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдийнхээ өмнө хариуцлага хүлээх чадваргүй, алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй гэдгээ л харуулж байна. Миний сонссоноор “Ачтан” эмнэлгийн ард Пума констракшн, Хүннү молл байдаг гэсэн. Бас эрүүл мэндийн даатгалаас их хэмжээний татаас авдаг. “Ачтан” эмнэлгийн цаад эзэд нь бизнесийн салбарт хөлөө олсон, ах дүү нараа эмнэлгийнхээ удирдлагаар томилсон хүмүүс юмуу даа. Миний хохирлыг барагдуулах санхүүгийн бүрэн чадамжтай байгууллага. Хамгийн гол нь алдаа гаргачхаад хариуцлагаас мултарч болдог гэдэг ойлголт, буруу хандлага энэ салбарт тогтчихож. Би одоо бүрэн эдгэрчихсэн хүн биш. Байнга Япон руу явж эмчилгээнд явдаг. Тэр болгонд зардал маш их гарна шүү дээ. Үнэндээ л хэцүү байна.

-Одоо таны биеийн байдал ямар байна вэ?

-Амь нас аврагдсан ч эрүүл саруул байсан шигээ яаж байх вэ. Эрүүл хүний хажууд нэг хагас хүн л байж байна. Үхээгүй нь зол боллоо гээд энэ асуудлыг чимээгүй орхих нь эмчийн буруутай үйл ажиллагаа, хариуцлагагүй байдлыг улам л өөгшүүлнэ. “Ачтан” эмнэлгийн ч хариуцлагагүй байдлыг шүүх өөгшүүлэх ёсгүй. Тэгээд ч би эрүүл мэндээрээ маш ноцтой хохирсон хүн.

Гэр бүлийнхэндээ ээжийн, ханийн үүргээ биелүүлж чадахгүй л явна. Дахин дахин хагалгаанд орж, элгээ хүртэл тайруулсан. Үүнээс болоод одоо хоолоо боловсруулах үйл ажиллагаа их муу, байнга хямардаг. Хүн харахад сохор, доголон биш болохоос эрүүл мэндээрээ маш их хохирсон. Ажлаа хийж чадахгүй, группийн 200.000 төгрөгөөрөө л амьдарч байна. Хамгийн аймшигтай нь би залуу насандаа эмч нарын алдаанаас болж бүхнээ алдчихаад байна.

-Ярилцсанд баярлалаа.

Тэрбээр ийнхүү ярилаа. “Ачтан” эмнэлгийн удирдлагууд давж заалдах шатны шүүхэд хандсан ч нийслэлийн шүүх хэргийг үнэн бодитоор шийднэ гэдэгт найдаж байна. Эмч, эмнэлгийн байгууллагатай холбоотой хэрэг маргаан тэгсгээд замхардаг, алдаа гаргасан эмч, эмнэлгийн байгууллага алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй, хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээдэггүй, хохирогч хохирсон хэвээр үлддэг буруу жишгийг халах цаг болсныг энд онцлоё. Уг асуудалд салбарын яам, холбогдох мэргэжлийн байгууллагууд анхаарлаа хандуулахыг хүсч байна.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих