“Хонь, чоно” хоёрын найзлах санал

2071ae02e80508dfab52d8f6f4536e769f2d71f5

АН-ын  Гүйцэтгэх зөвлөл өнгөр­сөн арваннэгдүгээр сарын 25-нд хуралдахдаа сонгуулиас өмнө намдаа ИЗНН, МҮАН-ыг нэгтгэх талаар ярилцсан. Түүнээс хойш эдгээр нам нэгдэнэ, нэгдэхгүй гэх яриа л гарч байсан болохоос биш албан ёсны санал хүсэлт, уулзалт болоогүй. Харин өчигдөр өглөө АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж үүнийг жинхэнэ бодит ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзжээ.

Улмаар АН-ын дарга З.Энхболд нэгдэх  саналаа ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын  гишүүн Н.Батцэрэг нарт гардууллаа. Мөн АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр ИЗНН-ын байранд очиж тус   намын   генсек  Б.Хүдэр-Янд   саналаа гар­дуулж өглөө. Намуудад өгсөн албан хүсэлтийн утга, агуулга ижил  бөгөөд  Н.Батцэрэг   гишүүнд өгсөн саналдаа “Монгол Улсад ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг бай­гуулах үйл хэрэгт МҮАН чухал үүрэг гүйцэтгэж, бодит хувь нэмэр оруулан ажиллаж байгаа ардчилсан үзэл баримтлал бүхий улс төрийн нам гэж АН үнэлж, дүгнэдэг. МҮАН нь УИХ-ын сонгуульд амжилттай  оролцож, тус намын гишүүд Улсын Их Хурал болон Засгийн газарт хамтран ажиллаж ирлээ.

Ялангуяа 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд АН-тай хамтран Засгийн газар байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийг хөг­жүүлэх чухал шийдвэрүүдийг хамтран гаргаж, бүтээн байгуулалтын чухал төслүүдийг хэрэгжүүлэн ажил­лаж байна. Энэхүү хамтын ажил­лагааны үр дүнг үндэслэн Монгол Улсад хууль дээдэлсэн, ардчилсан тө­рийн тогтолцоог бэхжүүлэх, төр, нийгмийн ирээдүйн хөгжлийг хан­гах зорилгоор танай намыг АН-д нэгдэн ажиллах саналыг хүргүүлж байна. Энэ асуудлаар хэлэлцээр хийх зорилгоор АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлээд байгаа болно. Иймд Улс төрийн намын тухай хууль болон тус тусын намын дүрмийн хүрээнд ажлын хэсэг томилон хэлэлцээр хийхийг АН-аас МҮАН-д санал болгож байна” гэжээ.

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс бай­гуулсан ажлын хэсгийг Р.Амаржаргал гишүүн ахалж, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарийн бичгийн даргаар нь ажиллах бол гишүүдээр нь УИХ-ын гишүүн Г.Батхүү Д.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нар ажиллах юм байна. Тус ажлын хэсэг өчигдөр үдээс хойш ИЗНН-ын ажлын хэсэгтэй анхны хуралдаанаа хийлээ. ИЗНН-ын ажлын хэсгийг тус намын дарга С.Оюун ахалж, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй Р.Булгамаа нарийн бичгийн даргаар нь ажиллаж байна. Бүрэлдэхүүнд нь ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян, дэд дарга М.Хүрэлсүх, М.Энхтайван, Ч.Базар нар багтжээ. Тэд анхны уулзалтаараа уг саналыг намуудынхаа шийдвэр гаргах төвшний бүтцээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Уг саналыг анх сонсоод нийлнэ, нийлэхгүй гэж дотроо хоёр хуваагдаад байсан ИЗНН албан ёсны саналыг  нь хүлээж авсан даруйдаа ийнхүү нааштай гэж хэлж болохоор хариу өглөө.

Одоо МҮАН ямар хариу өгөх нь л сонин байна. Учир нь, яг одоогийн байдлаар АН-ын дарга З.Энхболд, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар таагүй харилцаатай байгаа. “Хонь, чоно” хоёроос ялгаагүй, нэг нь нөгөөгөө хөөсөн байдалтай байгаа нь нууц биш. АН-ын дарга З.Энхболд орон сууцны зээлийг үргэлж­лүүлээд  зогсохгүй  хүүг  нь  таван хувь болгож оноо авахаар ажилласан бол М.Энхсайхан сайд “Ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэх хөрөн­гийн эх үүсвэр Засгийн газарт байхгүй. Монголбанк дахин мөнгө хэвлэх бараг боломжгүй” хэмээн үгүйсгэсэн юм. Үүнтэй холбоотойгоор дөнгөж 10 гаруй хоногийн өмнө чуулганы индрээс УИХ-ын дарга З.Энхболд “Засгийн газрынхаа эсрэг зүйл ярьж байгаа М.Энхсайханыг хал. М.Энхсайхан МАН-тай хамтаръя гээд явж байгаа юм билээ” гэж хэлж байв. Гэвч түүнийг “МАН-тайгаа нийлнэ үү, яана маньд хамаагүй” гээд орхилгүйгээр гишүүдийнх нь  хамт намдаа нэгтгэх нь зүйтэй  гэж үзсэн бололтой. Тиймээс 2016 оны сонгуулиас өмнө намуудаа нэгтгэх уг саналыг нь “хонь, чоно” хоёрын  найзлах  санал хэмээн нэрлэж болох юм.

С.Шийлэгтөмөр

Эх сурвалж:Ардын эрх” сонин


URL:

Сэтгэгдэл бичих