Ж.Батзандан: Эрүүл мэндийн салбарт эрх чөлөө олгоё

Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандантай ярилцлаа.

2-3-10_700x700-Өргөдлийн байнгын хорооны даргын ажлыг авснаас хойш төрийн болон хувийн эмнэлгүүдтэй танилцлаа. Энэ үеэр ямар гомдол, санал, хүсэлт ирж байна?

-Эмнэлгийн удирдлагууд, ажилтнуудтай биечлэн уулзаж санал солилцоход архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг хүлээн авахгүй байх, Энэрэл эмнэлгийн онцлог үйл ажиллагаанд нийцүүлэн тус эмнэлэгт ажиллах нөхцөлийг “хүнд нөхцөл”-д хамааруулах, сүрьеэгээр өвчилсөн орон гэргүй иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээн авдаг болгох саналыг хэллээ. Мөн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн статусыг тодорхой болгох, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу дотоодын нийт бүтээгдэхүүний таваас доошгүй хувийг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад зарцуулах хэрэгтэйг онцолж байна. Төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг мөрдөж ажиллах, Төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг уялдуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний өртгийг зөв, бодитой тогтоох механизмыг бүрдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг өвчтөнд үзүүлсэн бодит үйлчилгээгээр санхүүжилт авдаг байх, эм худалдан авах тогтолцоог сайжруулах, эм тээвэрлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгох зэрэг саналуудыг гаргаж байна.

-Эрүүл мэнд, спортын яамаар орлоо. Ямар арга хэмжээ, авч ямар асуудал шийдвэрлэв?

-Эрүүл мэндийн яамны удирдах албан тушаалтнуудтай эрүүл мэндийн тухай хууль тогтоомж болон Өргөдлийн байнгын хорооны асуудлаар уулзалт хийлээ. Өргөдлийн байнгын хорооны тогтоолын дагуу Эрүүл мэнд, спортын яамнаас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, шаардлагатай дүрэм, журам, эмчилгээний стандартыг баталж байгаа, тоног төхөөрөмжийн хангамж, эмч, эмнэлгийн ажилтны цалин, хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа, улсын эмнэлгүүдийн удирдлага, зохион байгуулалт, өмчлөлийн хэлбэрийг оновчтой болгох, өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг тодорхой болгох зэрэг асуудлын эрх зүйн орчныг сайжруулахаар хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Гэвч төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг хангаж ажиллуулах, нийгмийн эрүүл мэндийн төв, түргэн тусламжийн төв, клиникийн үйл ажиллагааны дүрэм, стандартыг баталж, мөрдүүлэх, эмнэлгүүдийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, иргэдэд үйлчилгээг ойртуулах хүртээмжтэй болгох, анхан шатны үйлчилгээ үзүүлж буй өрхийн эмнэлгүүдийн хувьд туршлагатай эмч нарыг ажиллуулах, залуу эмч нарыг мэргэжлийн чадвартай болгох, тогтвор суурьшилтай ажиллуулах, дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах зэрэг асуудлаар өгсөн чиглэлүүд хэрэгжээгүй байна. Эмч ажиллагсад, салбарын төлөөллүүдтэй уулзах үеэр мөн дээрх асуудлуудыг тавьж байлаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар зарим эмнэлгүүд тухайлбал, Клиник, Нийгмийн эрүүл мэндийн төв, Түргэн тусламжийн төв нь бүтэц үйл ажиллагааны стандартгүй ажиллаж байгаа, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж хүрэлцээгүй, барилгын урсгал засвар хийгдэхгүй, агааржуулалт, гэрэлтүүлэг хүрэлцээгүй, чийг хуримтлагдан хөгц, мөөгөнцөртсөн зэргээр хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 85 хувь нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг зэрэг дутагдлууд илэрсэн байдаг.

Иймд байнгын хорооны тогтоолын хэрэгжилт болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын дагуу салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн эмнэлгийн удирдлага, ажилтнуудын саналыг нэгтгэн Төрийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өглөө. Цаашид бүх саналууд дээр ажиллаж УИХ-р хэлэлцэж буй Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслүүдэд оруулах саналыг холбогдох байнгын хороонд хүргүүлнэ.

-Эрүүл мэндийн салбарын хуулийн хэрэгжилттэй танилцаж, эмнэлгүүдэд ажилласны дүнд та энэ салбарын асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

-Эрүүл мэндийн салбарыг мэргэжилтэй боловсон хүчний хувьд болон текник, технологи,тоног төхөөрөмжийн хувьд дэлхийн стандартад хүргэх, нэг эмчид ногдох үйлчлүүлэгчийн ачааллыг багасгаж, үйлчилгээний чанарыг сайжруулах, түүнчлэн эрүүл мэндийн салбарын 40 гаруй мянган эмч, сувилагч, асрагч нарын цалинг олон улсын жишигт хүргэх гэх зэрэг төр, засгийн бодлогын хүрээнд хийгдэх олон асуудлууд байна. Харин юун түрүүнд тулгамдсан дараах шинэчлэлт, өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж байна. Төрийн эмнэлгүүдийн удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх, бие даасан, хараат бус удирдлагын тогтолцоог бий болгох,Эдийн засаг, төсөв бүрдүүлэх, зарцуулах, хүний нөөцөө бүрдүүлэх эрх чөлөөг эмнэлгийн удирдлагад олгох,Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төсвийн тооцооны арга, аргачлалыг өөрчлөх шаардлагатай.Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг нь олгож хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн болон хувийн эмнэлгүүдийн дунд цэвэр өрсөлдөөнийг бий болгож эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, чанаржуулах шаардлагатай байна.

-Ер нь асуудал, гомдол саналыг шийдэх ямар гарц байна вэ?

-Энэ бүх асуудал, гомдлыг шийдвэрлэх гарц бол нэн тэргүүнд эмнэлгүүдэд бие даасан удирдлагын тогтолцоог бүрдүүлж, төсвийн эрх мэдлийг өгч, өрсөлдөх чадварыг олгох нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, эмнэлгийн зарим шинжилгээнээс орсон орлогыг эмнэлэг өөрөө зарцуулах боломжгүй байдаг юм байна. Энэ орлогыг эмнэлэг өөрсдөө өвчтөнүүдийнхээ өвчний байдлаас хамааруулан зохих эм, эмчилгээг сонгон түүндээ зарцуулах саналуудыг гаргаж байна. Төсөвгүйн улмаас өвчний байдалдаа тааруулан шаардлагатай эмчилгээг хийж чаддаггүй, байгаа нөөцөндөө тааруулж хийдэг асуудлыг эмнэлгүүд гаргаж байна.

-Өргөдлийн байнгын хороо цаашид ямар ажил хийх вэ?

 -УИХ-ын тухай хуулийн дагуу нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар гаргасан таван өргөдлийн дагуу иргэдийг сонсох, албан тушаалтнаас тайлбар авах уулзалтыг зохион байгууллаа. Улмаар иргэдийн өргөдөлд дурдсан асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хугацаатай чиглэл өгч шийдвэрлэлээ. Тухайлбал, Улсын Их Хурлаас 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг өөрчлөн тэтгэврээ тогтоолгох боломжийг иргэдэд олгосон байна. Гэвч энэ заалт хэрэгжихгүй байгаа, өндөр насны тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоолгож чадахгүй байгаа тухай Дорнод аймгийн өндөр настан Д.Пүрэвээс өргөдөл ирүүлсэн. Өргөдлийг судлан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны албан тушаалтнаас тайлбар авахад холбогдох Засгийн газрын гишүүд ажил, мэргэжлийн жишиг цалинг одоог хүртэл батлаагүй, Засгийн газрын ажил маш удаашралтай явж иргэд хохирсоор байна. Иймд хуулийн хэрэгжилтийг хангах хугацаатай үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайд нарт өглөө. Ирэх долоо хоногийн мягмар, лхагва гаригт нийслэлийн зургаан дүүргийн иргэнээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах асуудлаар санал авах, саналын хайрцаг байрлуулах Өргөдлийн байнгын хорооны уулзалтыг дүүргүүдийн Иргэний танхимд хийхээр төлөвлөн ажиллаж байна.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих