Татвар өсөөд ганц хоноогүй байхад ченжүүд ханшийг хөөрөгдлөө
Өнгөрсөн баасан гарагт болсон Гаалийн тарифын зөвлөлийн хуралдаанаас импортын барилгын материалын гаалийн албан татварыг улирлын ялгаваргүйгээр 20 хувиар нэмэх шийдвэр гаргасан.
Манай улсад 500 гаруй барилгын материалын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас импортын бүтээгдэхүүнээс шалтгаалан үндэсний үйлдвэрлэгчид бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа тул ижил нэр төрлийн импортын бараанаас хамгаалахаар үндэсний үйлдвэрлэгчдээ шийдсэн нь энэ аж.
Гэтэл шийдвэр гараад ганц хоноогүй байхад үнэ өссөн байна. Энэ оны долдугаар сарын байдлаар хятад цемент тонн нь 148 мянга байснаас 220 -240 мянга болж, элс портер нь 60 мянга байсан нь 80 мянгад хүрсэн байна. Барилтын материалын гаалийн албан татвар нэмэхээр болсон ч хараахан ажил болж амжаагүй байна. Энэ хэвээр барилгын материалын үнэ өсвөл шинээр барьж байгаа орон сууцны үнэ “тэнгэрт гарах” биз.
“Орон сууцны үнэ өсчихвөл яаж гэр хороолол багасах юм” хэмээн иргэд ярьж байсан. Яагаад барилгын материалын үнийг нэмсэн талаар ченжүүдээс тодруулахад “Бид сайн мэдэхгүй. Гаалийн татвар нэмэгдэнэ гэхээр нэмсэн” хэмээсэн. Энэ талаар эдийн засагчдын бодлыг хүргэе.
Эдийн засагч Ц.Даваадорж: Гаалийн татвар нэмэх нь буруу
Гаалийн албан татварыг нэмнэ гэдэг нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөхийн эхлэл. Барилгын материалын гаалийн албан татварыг нэмсэнээр барилгын материал, орон сууцны үнэ өсөх суурийг тавьж байна. Ийм шийдвэр нэгэнт гарсан бол удахгүй орон сууцны үнийг нэмэх байх. Энэ өсөлт нь иргэдэд хүндээр тусна. Иргэдийн орлогыг нэмээгүй атал ингэж гаалийн албан татварыг нэмэх нь буруу.
Гаалийн ерөнхий газраас улсын төсөвт хөрөнгө оруулсан гэж хэлэхийн тулд ийм ажил хийж байна. Гэхдээ бүх эрсдлийг урьдчилан тооцсон байх.
Эдийн засагч Н.Дашзэвэг: Уг нь үнэ хямдрах ёстой
Гаалийн албан татвар нэмж байгаа нь үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж байгаа хэрэг. Тодруулбал, импортын барааны үнэ 20 хувиар өсч, дотоодын бүтээгдэхүүний үнэ 20 хувиар хямдарна гэсэн үг. Тэгэхээр энэ нь манай дотоодын үйлдвэрлэлд ашигтай.
Гаалийн албан татварыг нэмж байгаа учир барилгын компаниуд ч мөн орон сууцны үнээ нэмнэ. Гэхдээ гадаадын бүтээгдэхүүн үү, дотоодынх уу гэдгээс хамаарч иргэдэд нөлөөлнө.
О.Гэрэлцэцэг
URL: