Монгол улс хүний наймааны “экспортлогч” төдийгүй “импортлогч” орон болжээ
Олон улсын байгууллагын судалгаанд үндэслэн “Human trafficktiborg” сайтад манай улсыг “Хүний наймаа хийхээр зорьж очих, дайран өнгөрч болох газар” гэж тодорхойлжээ. Тэгэхээр Монгол Улс зөвхөн хүний наймаагаар охид бүсгүйчүүдийг “экспортолдог” төдийгүй “реэкспорт” хийдэг түшиц нутаг болсон нь өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм.
Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгахын мэдээлснээр, 2003-2015 оны хооронд 620 орчим иргэн хүний наймааны золиос болсноо тус төвд мэдэгдсэн байна. Түүнээс 68 хохирогчтой 28 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Хүний эрхийн төлөө ажил-ладаг ТББ-уудын тооцоолсноор түүнээс хэд дахин олон иргэн хүний наймаа, хууль бус хэргийн хохирогч болсон, болж байх магадлалтай гэнэ.
Тухайлбал, Хятад, Макаод 3000 гаруй охид, бүсгүйчүүд биеэ үнэлэх, албадан хөдөлмөр эрхлэх зэргээр хохирсон гэх албан бус мэдээлэл ч байдаг. Тодорхой мэдэгдэж буй тоон мэдээллээс үзвэл Хятадад 295, Өмнөд Солонгост 45, Туркэд 29, Казахстанд 34, Макаод 11, Малайз, Хонконгод тус бүр 8-9 иргэн хүний наймааны золиос болж байжээ.
Тэдгээр нь янз бүрийн байдлаар хохирсон байх бөгөөд ер нь хүний наймаанд албадан хөдөлмөр эрхлэх, бэлгийн мөлжлөгөд өртөх, захиалгаар гэрлэх, хүүхэд хулгайлж худалдахаас гадна цус, эд эрхтнийг зарж борлуулах зэрэг гэмт хэргийг багтаадаг юм байна.
Эдгээр хууль бус ажил нь цаад этгээддээ асар их ашиг, орлого авчирдгийг АНУ-ын Хууль зүйн яамнаас хийсэн судалгаа харуулна. Тодруулбал, тус улсын Атланта мужид хүний наймаа эрхлэгчийн долоо хоногийн орлого 34 мянган ам.доллар байдаг талаар судалгаанд дурджээ.
Хүйсийн тэгш эрхийн төвийн хийсэн судалгаагаар хүний наймаанд хохирсон иргэдийн 70 хувь нь бэлгийн мөлжлөгт өртсөн байдаг бөгөөд 18-35 насны охид бүсгүйчүүд зонхилж байгаа гэнэ. “Өндөр цалинтай ажилд зуучилна”, “Царайлаг бүсгүйтэй танилцаж, хамтран амьдарна” гэхчилэн амар хялбар аргаар мөнгө олох, зугаа цэнгэл хөөцөлдөх дуртай эмэгтэйчүүдийг даллаж дуудсан сайхан зар олонтаа гардаг.
Түүний цаана заль мэх, худал хуурмаг үйлдэл нуугдаж байгааг мэдсээр, сонссоор байж манайхан гүйгээд оччихдог нь мөнгө цаасанд нь болоод амьдралын эрхээр эсвэл таагүй уур амьсгалтай орон гэрээсээ дайжихын тулд ийм замыг сонгодог байж ч магадгүй л юм. Гурван жилийн өмнө цэцэг цэврүү шиг сайхан охиноо хижээлдүү насны солонгос эрд өгөх гээд бичиг баримтыг нь хөөцөлдөж яваа эх хүнтэй Улсын бүртгэл мэдээллийн төв дээр таарч байж билээ.
Эхний удаа ээжид нь 5000 ам.доллар бэлнээр өгч, охинтой нь гэр бүлээ батлуулсны дараа Солонгост очоод дахин 5000-ыг дансаар шилжүүлнэ гэсэн гэрээ хийчихсэн явж байсан юмдаг. Манай бүртгэлийн байгууллага ч “Сайн дурын үндсэн дээр гэрлэж байна” гэсэн ам өчгийг нь авбал батлаад өгчихдөг бололтой юм билээ. Одоо чухам ямар болсон юм, бүү мэд. Иймэрхүү замаар олон монгол охин бүсгүй “экспорт”-д гарсан байх.
Хүний наймааны бас нэг томоохон төрөл нь хөдөлмөрийн мөлжлөг буюу албадан хөдөлмөр эрхлэлт байдаг. Хөдөлмөрийн зуучлах товчоогоор дамжуулан албан ёсоор ажил хийхээр Солонгост очсон манай иргэд “харлаж”, улмаар цалин мөнгөний ахиуг бодож өөр хувийн компанид шилждэг нь хөдөлмөрөө мөлжүүлэх эх үндэс болдгийг манай цагдаа хүчний болон холбогдох байгууллага нь анхааруулдаг ч ийм замыг сонгож хохирсон иргэд хэдэн зуугаараа бий.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд СУИС-д цагаар багшилдаг байсан гэх этгээд 10 гаруй оюутныг хууран мэхэлж, хилийн чанадад бүжиглүүлэн цалин хөлсийг нь завшсан явдал гарсан. Тэдгээр оюутан ямар орчин нөхцөлд очиж, хэдэн төгрөгийн цалин урамшуулал авахаа ч мэдэхгүй хилийн чанадыг “харанхуй”-гаар зорьсон иргэдийн нэг хэсэг нь болж хохироод л үлдэж байна.
Иймэрхүү байдлаар манай улсын иргэд санаатай болон санамсаргүй тохиолдлоор өөрсдийгөө гадаад ертөнцөд бага үнээр “худалдаж” байгаа бол дотоодод ч дээр дурдсанчлан хүний наймааны төрөл зүйл цэцэглэж байгааг Хүйсийн тэгш эрхийн төвийнхөн хэлж байсан юм. Үүнд, бага насны хүүхдээр хурдан морь унуулах, айлын мал маллуулах, хотод тэрэг түрүүлэх, машин угаалгах, гуйлга гуйлгах, хулгай хийлгэх зэргээр өсвөр үеийнхний хөдөлмөрийг мөлжих явдал хавтгайрсан байна.
Түүнээс гадна тээгч эхийн асуудал эрчимтэй яригдах болжээ. Манай улсад үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй бөгөөд хууль бусаар хүүхэд тээж төрүүлбэл бусад улс оронд ч бэлгийн мөлжлөгт тооцдог байх юм.
Муу нь муудаа дээрэлхүү гэдэгчлэн манай иргэд гадаад, дотоодод энэ мэтчилэн бэлгийн болон эдийн засгийн дарамт дор мөлжлөгт өртөж байгаа бол сүүлийн үед Хятад зэрэг ажиллах хүчин хямд улс орноос ажилчдыг олноор “импортолж” барилга, уул уурхайн салбарт ажиллуулан, цалин хөлсийг нь зуучлагч компанитай хуваан завших замаар хөдөлмөрийн мөлжлөг явуулдаг болсон байна. Барилгын салбарт олон сараар цалин хөлсгүй илжиг мэт зүтгэсэн хятад ажилчид багахан хэмжээний бослого гаргаж байсан нь үүний баталгаа болно.
Мөн Филиппин мэтийн ядуу буурай орноос гэрийн үйлчлэгч, хашааны цэвэрлэгч хийлгэхээр иргэдийг зуучлуулан авчир гэр орондоо “зарцлах” хандлага нэмэгдэж байгаа нь манай улсыг гадаад ертөнцөд муухайгаар харагдуулж, “хүний наймааны түшиц газар” гэж үнэлэхэд хүргэж буй хэрэг юм. Энэ байдал улам даамжирч хүний наймааны “экспорт” болон “импорт” зохион байгуулалттай болж, хүрээгээ тэлж байгаад хууль хяналтынхан анхаарлаа илүү их хандуулж, төр засгийн зүгээс ч энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, хэлтэс бий болгож, төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.
Түүнээс гадна хувь иргэн ч өөрийгөө элдэв халдлага, дарамтаас хамгаалах аливаа төрлийн мөлжлөгөд өртөхгүй байхын төлөө урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, ухамсар төлөвшилтэй болох учиртай. Хамгийн наад зах нь өөрийн тухай нарийн мэдээллийг интернэтийн орчинд байршуулахгүй, гоё сайхан нөхцөлтэй зар сурталчилгаанаас татгалзах зэрэг энгийн “хамгаалалт” байж болох юм. Хүний наймаа эрхлэгч бүлэглэлийн арга улам нарийсч, олон нийтийн сүлжээ, онлайн зарыг ашиглахаас илүү тухайн хүнийг судалж, танил талаар нь дамжуулах, биечлэн уулзах зэргээр бидэн рүү улам ойртсоор байгааг ч санахад илүүдэхгүй.
Д.Мөнхжаргал
URL: