“Болор цом”-ын эзнээр Ц.Эрдэнэбаатар тодорлоо

bolor3

Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч цолтой яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны санаачилсан яруу найргийн ээлжит 33 дахь удаагийн Болор цом соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө.

Энэ удаагийн Болор цом наадам 150 орчим шүлэгч,яруу найрагчид уран бүтээлээ ирүүлснээс 33 яруу найрагчийг эхний шатанд шалгаруулж оролцуулснаас 2 дугаар шатанд 15 яруу найрагчийг шүүгчид шалгарууллаа.

2- дугаар шатанд Төв аймгийн харъяат яруу найрагч Базарсад овогтой Баттулга, яруу найрагч Баянмөнх овогтой Болорцэрэн, яруу найрагч Харнууд Гансүрэн, яруу найрагч Цэвээночир овогтой Эрдэнэбаатар, яруу найрагч Хөөдэйн Эрдэнэбаатар, яруу найрагч Л.Ганзул, М.Уянсүх, яруу найрагч О.Цэнд-Аюуш, өвөрмонгол яруу найрагч Энххад нарын яруу найрагчид тунаж үлдлээ.

Гуравдугаар шатанд 2-дугаар шатны 15 яруу найрагчаас Л. Ганзул, О.Цэнд-Аюуш, Н.Эрдэнэбаатар, Ц.Эрдэнэбаатар, М.Уянсүх нар тунаснаас яруу найрагч Ц.Эрдэнэбаатар энэ жилийн Болор цомын эзэн болж урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхны хөргийг,болор цомын хамт гардан авснаар энэ тэмцээний ялагч тодорлоо.

Тус тэмцээнийг МЗЭ-ийн шагналт, Төрийн шагналт,соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, модернист яруу найрагч Б.Галсансүх, яруу найрагч Болор цомын шагналт яруу найрагч Г.Мөнхцэцэг, монголын хайкугийн холбооны тэргүүн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Моломжамц нар шүүж явуулав.

Мөн монгол улсын ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч П.Бадарч, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Тангадын Галсан, төрийн шагналт зохиолч Дөнгөтийн Цоодол, яруу найрагч Цоодлын Хулан, Ичинхорлоо нар шүлэгнүүдээ уншиж үзэгч олныхоо сонорыг мялааж,сэтгэлийг нь баясгав.

Зохиолч Ойдов ах маань болон Сүхбаатар нар элэглэл шүлэг уншиж үзэгч олноо баясгаж,инээд бэлэглэж чадсаныг дурдах нь зүйтэй болов уу.

Тус яруу найргийн тэмцээний тусгай байрын шагналыг яруу найрагч Б.Баттулга авсан бол Болор цом тэмцээнийг санаачлагч Д.Пүрэвдорж гуайн нэрэмжит сангийн шагнал,өргөмжлөлийг эх орон,тусгаар тогтнолын тухай шүлэг бичиж, оролцсон өвөрмонголын яруу найрагч Энххадад гардуулав.

Яруу найрагч Л.Ганзул тавдугаар байр,дөрөвдүгээр байрыг О.Цэнд-Аюуш, гуравдугаар байрыг М.Уянсүх, хоёрдугаар байрыг Х.Эрдэнэбаатар нар тус тус эзлэв.

bolor1

Болор цом тэмцээнийг монгол улсын ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч П.Бадарч өөрийн хамтрагч монголын радиогийн нэвтрүүлэгч Бямбаа гуайн хамт хөтөлж ирсэн бөгөөд өнөөдөр ээлж халаагаа монгол телевизийн хөтлөгч Гантигмаа болон монголын радиогийн нэвтрүүлэгч залуу нарт ажлаа хүлээлгэж өгсөн юм. Болор цомын шагналт яруу найрагчид мөн шүлэг бүтээлээ уншиж сонирхууллаа.

Б.Цэцэг

URL:

Сэтгэгдэл бичих