Адууны тамгануудаа цагаан эсгий дээр дарж хадгалжээ

145437710856b008947f1abХулд сумын малчид үе дамжин хадгалж, өөрийн адуун сүргээ тамгалж ирсэн тамганыхаа дардасыг цагаан эсгий дээр мөнхлөн үлдээсэн байна. Ингэснээр сумынхаа бүх адуун сүргийн тамгыг мэддэг болох, монгол адууны тамгыг нэрлэж, таньж сурахад ач холбогдолтой төдийгүй түүх соёлын дурсгал болж хойч үед үлдэнэ гэж сумын Засаг дарга Ж. Цогтбаатар ярилаа.

Хулд сум Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны гол сум гэгддэг байсан бөгөөд энэ сумынхны адуун сүрэг нь давхар саран тамгатай байжээ. Олон үе дамжиж ирсэн энэ тамгыг сумын нутаг дэвсгэрийн зураг бүхий цагаан эсгийн төвд дарснаар түүнийг тойруулан малчид өөр өөрийн адууны тамгыг тамгалан үлдээсэн байна.

Энэ санаачлагыг сумын морин спорт уяачдын холбооны тэргүүн С. Мөнхбат гаргасан бөгөөд тамга тус бүрийг дэлгэрэнгүй танилцуулсан танин мэдэхүйн номыг ч хэвлэхээр зэхэж байгаа аж. Малчдынхаа уламжлан хадгалж яваа тамганы дардасыг ийнхүү үлдээж, дурсгал болгон хадгалснаар Хулд сумынхан улсдаа анхных болжээ.

Т. Отгонтуяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих