Ардын баатар Д.Сүхбаатараа адалсаар дуусах уу
-Манайх шиг Ардын баатараа адалдаг ард түмэн байхгүй-
Өнөөдөр Монголчууд биднийг өнөөгийн хөгжилд хүргэх үйл хэргийн хамгийн гол чухлыг нь оройлон боссон хүмүүсийн нэгнийх нь төрсөн өдөр.
Гэвч энэ хүний төрсөн өдөр өөрсөд нь “хэрэггүй” зарим хүмүүс гар хөл бологчдын хамт 124 жилийн өмнө төрсөн түүнийг гутаахын төлөөх аянд мордоно.
Энэ бүхэн сүүлийн 25 жилд “уламжлал” бас улиг болж дээ. Гээд яахав, үнэнийг ихэнх хэсэг нь нөгөө багахан хэсэг нь худлыг улиглаад л дуусах биз. Бид хэний тухай өгүүлж байгааг та бүхэн гадарлаа биз. Энд өгүүлэгдэн буй хүн бол жанжин Д.Сүхбаатар билээ.
Тэрбээр 1893 онд төрсөн ба Монголын түүхийн гурван чухал үеийг 30 наслахдаа туулж үзсэн нэгэн. Түүний бага, идэр нас Манжийн дарлалын үед өнгөрсөн бол залуу халуун нас нь дараагийн үед өнгөрч, тэр ч тухайн үеийн олон Монголчуудаа оройлон зогссон цөөн хүмүүсийн магнайд бичигдсэн бөлгөө.
Гэвч 100 орчим жилийн өмнөх түүний түүх энэ цаг үед ирээд баахан гажуудахад хүрснийг сануулах нь зүйтэй болов уу.
Монгол улсад 1921 оны Ардын хувьсгалын ялалтыг авчирсан Ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатарыг Олноо өргөгдсөн Богд Хаант Монгол улсын цэрэгт алба хааж байх үеэс нь “Гоймон” баатар гэж нэрлэсэн гэдэг.
Түүнтэй хамт Хужирбуланд цэрэгт алба хааж 1917-18 онд Хятадын хар цэрэг болон хунхууз нартай тулалдаж явсан нөхдүүд нь өндөр туранхай түүнд гоймон шиг хэмээн ийн нэрлэжээ.
Д.Сүх тухайн үедээ цэргийн эрдэмд гавшгай, модон морин дээр 3-5 малгай давхарлаад давж харайдаг байжээ. Мөн савлуур зэрэг дээр цэргийн норм хийхдээ эгээ л гоймон мэт гулбилзан хийчихдэг байж. Тухайн үед нийслэл хүрээнд Хятад хоолны газар олон байсан учраас монголчууд гоймон хэмээх урт нарийн гурилтай хоолыг иддэг байсан нь тодорхой. Өөрөөр хэлбэл, гоймонг сайн мэддэг байсан учраас гоймон шиг гулилзан сургууль хийдэг Сүхийг “гоймон баатар” хэмээжихүй.
Цэргийн бага тушаалын дарга Д.Сүх цэргүүдээ орос сургагч нар болон дээд тушаалын дарга нарын харгислалаас хамгаалж, эрүүл хоол хүнсээр хангахыг шаарддаг байжээ. Тиймээс түүнийг ардын баатар гэж нэрлэсэн хэрэг юм болов уу. Юутай ч Ардын жанжин тэрбээр өөрийн аав ээжийн хайрласан Сүх нэрэн дээр баатар нэр залгах хувьтай л нэгэн байсан нь тодорхой юм.
Ардын хувьсгалыг хийсэн гол арга нь зэвсэгт тэмцэл. 1920-1921 оны эхэн үеийн Монгол улсын байдлыг аваад үзэхэд Хятадын гамин цэрэг цаашлаад эх орон ч үгүй болсон цагаан Оросын цэргийн хөлд талхилагдаж гүйцээд байв. Одоогийн зарим түүх “сонирхогчид” гаминг Барон хөөж Монгол төрийг сэргээсэн гэцгээж тархи угаахыг оролддог. Тиймээс тухайн үеийн хувьсгалчид, тэр тусмаа Д.Сүхбаатарт хийсэн гавьяа гэж үгүй гэх. Үүнийг тухайн үеийн бодит түүх няцаадаг. Гамин Монгол улс даяар л цэргээ байрлуулсан байсан ба тухайн үеийн их Хүрээг цагаантнууд чөлөөлөх нь чөлөөлж.
Гэхдээ цагаантнууд өөрсдөө эх орноосоо хөөгдөөд хаа ч үгүй болсны хувьд буцаж цэргээ нэгтгэн эргэж дайрч Монголд орогнох боломжийг л эрэлхийлж явжээ. Өөрөөр хэлбэл, цагаантнуудын хувьд Монгол улсыг чөлөөлөх нь “эрхэм зорилго” биш байсан нь ойлгомжтой.
Чухам харийнхнаас эх орноо нэг мөсөн чөлөөлөхөөр Ардын журамт цэрэг, түүний жанжин Д.Сүхбаатар товойн гарсан нь бодит түүх юм. Барон Унгерн фон Штейнберг гэгч манай нийслэлийг чөлөөлсний хариуд ард түмнээс татвар, агт морьд, цаашлаад идэр залуусыг дайчлан тухайн үеийн Зөвлөлт Орос руу дайраад сөнөсөн нь үнэн түүх.
Д.Сүхбаатар Ардын хувьсгалыг ялалтад хүргэхэд 200 гаруй том, жижиг тулаан болсны 42-ыг нь удирдсан тухай түүхэнд үлджээ. Эндээс харсан ч, цэргийн эрдэмд бусдаас гарамгай байсныг нь бодолцсон ч Д.Сүхбаатар яах аргагүй тэр цагийн зэвсэгт тэмцлийн лидер байжээ. Цаг үе цаг үеийнхээ баатрыг төрүүлдэг учраас өнөөдөр түүнийг баатар мөн бишийг маргах нь үнэндээ утгагүй юм.
Г.Хуяг
Эх сурвалж: Gereg.mn
URL: