Хичээнгүй сайдын хөөргийг танилцуулна
Монголын Үндэсний музейн цуглуулгад буй86 үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг танилцуулсан “Хөөрөг, даалин” үзэсгэлэнг ирэх лхагва гаригт дэлгэх гэж байна. Үзэсгэлэнд Монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн төрийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэдийн барьж байсан хөөргүүд багтжээ.
Тухайлбал, Манж, Автономит Монгол Улс, Ардын засгийн буюу гурван төрд шадарласан Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн улаан шүрэн толгойтой гартаам судалтай алаг манан хөөрөг, Судар бичгийн хүрээлэнгийн дарга Ж.Цэвээний мөнгөн хөөрөг, Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ард “Өндөр” Гонгорын чүнчигноров толгойтой манан хөөрөг зэрэг багтсан байна.
Хэмжээ жингийн хувьд хамгийн том нь 575 гр, 14,7 см өндөр, 10,8 см өргөнтэй манан хөөрөг бөгөөд хамгийн бага нь Тайжийн хүүгийн 15 гр жин, 3,5 см өндөр, 2,4 см өргөнтэй хөөрөг аж. Даалингийн тухайд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Гарьдын хадаар нутагтай ард Шаравцоодолын гэргий Бүжмаагийн 1880-аад онд буга, согоог зүү ороож дүрсэлсэн торгон даалин зэрэг бүтээгч болон хэрэглэж байсан эзэн нь тодорхой даалингууд багтжээ.Х.Заяа
URL: