“Алтжин бөмбөгөр” түрээслэгчдээ алдаж эхэлсэн үү
Одоогоос таван жилийн өмнө “Алтжин” группын “Бөмбөгөр” худалдааны төв шатаж, эндээс амьдралаа залгуулж байсан түрээслэгчдийн голыг харлуулж, Ж.Алтан захирлын сэтгэлийг ч гонсойлгож байсан билээ. Тэгвэл одоо “Бөмбөгөр” худалдааны төв “Алтжин бөмбөгөр” нэрийн дор дахин сүндэрлэжээ.
Гэтэл уржигдар буюу энэ сарын 25-нд худалдааны шинэ төвийн үүдэнд 400 гаруй хүн дараалал, их нүргээн үүсгэв. Чухам энд юу болов?
Бид өчигдөр өглөө сурвалжлахаар очиход тийм ч олон хүн байсангүй. Харин бухимдсан, энд тэнд шүүмжлэл өрнүүлсэн хэдэн хүн холхилдоно. “Алтжин бөмбөгөр”-ийн үүдэнд очиход шилэн хаалган дээр гурав, дөрвөн зар хадаастай байлаа. Түүнийг тойрсон олон хүмүүс. Уг зарлалд “нэг сарын барьцаа метр квадрат нь 250 мянган төгрөг, гурван сараар 750 мянган төгрөг авна, павильоны барьцаа төлбөр 250 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Жич: “Түрээсийн доод хэмжээ дөрвөн метр квадрат” гэсэн байх юм. Харин нөгөө зарлал нь “Мөнгөө буцааж авах сонирхолтой хүмүүс өргөдлөө бичиж ирнэ үү” гэжээ. Сонирхолтой нь энэ зарыг харсан хүн бүхэн бухимдаж байлаа. Тэд яагаад ийн уцаарлаж байгаа юм бол.
Энэ сарын 25-ны өглөө “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн үүдэнд гэнэтхэн “павильон түрээслэнэ” гэсэн зар гарахад хажуу “Бөмбөгөр” худалдааны төвд лангуутай наймаачид болон зарыг харсан хүмүүс бие бие рүүгээ утасдацгаан бусдыгаа дуудаж, павильоны номер авахаар ийнхүү дараалал үүсгэсэн аж. Үнэ нь 100 мянган төгрөг. Гэтэл тэр өдөр 400 хүнээс ердөө 20 хүн л павильон түрээслэх эрх авчээ. Удалгүй эрэлт их байгааг мэдэрсэн борлуулалтын менежер Б.Сарантуяа түрээсийн үнэ 100 мянга байсныг 250 мянга болгож, цугларсан хүмүүсийн чихийг дэлдийлгэв. Үүнд түрээслэгчид нэлээд бухимдан, хэл ам болж байсан аж.
Энэхүү худалдааны төвийг анх баригдаж байхад талбайгаас хүмүүст зарна гэж байсан боловч борлогдоогүй учраас ийн гэнэт түрээслэх зар тавин дараалал үүсгэсэн нь энэ гэнэ. Тэнд байсан иргэдээс энэ талаар тодруулахад түрээслэгч Д.Батдорж “Бид бараан дээрээ байтал гэнэт найз маань “Шинэ бөмбөгөрийг түрээслэх юм байна” гэж хэлсэн. Би яваад очтол үдийн цайны цаг болчихсон байлаа. Тэд удалгүй ирсэн ч дарааллаас болоод хүмүүсээс материал авч чадаагүй. Гэтэл өнөө өглөө үнэ нь тэнгэрт гартлаа өсчихсөн. Одоо авах ямар ч боломж алга. Бараг түрээс, барьцааны мөнгө энэ тэр гээд доод тал нь тав зургаан сая төгрөг төлж байж авах юм байна. 100 мянга байвал болох л байлаа.” гэсэн юм. Үнэхээр түрээсийн мөнгө нь хэний ч ой тойнд арай багтамгүй өндөр санагдана. Хамгийн доод тал нь дөрвөн метр квадрат гэж байгаа. Тэгэхээр нэг түрээслэгч багаар бодоход метр квадрат тутамд нэг сая, дээрээс нь павильоны түрээсийг гурван сараар авах учраас 750 мянган төгрөг, барьцаа төлбөр нэмж 250 мянгыг өгнө гээд бодоход доод тал нь хоёр сая төгрөг төлөх нь байна.
“Дөрөвхөн метр талбайд бид юугаа зарахав дээ, нэмээд авчихъя гэхлээр тэнгэрт хадсан үнээс нь хальширах юм” гэсэн түрээслэгчдийн гундангуу үгс олонтаа сонсогдоно. Тэд ч бас амьдрах гэж, үр хүүхдээ тэжээх гэж хөлс, хүчээ баран зүтгэж яваа хүмүүс.
Эднийхтэй адил хажуугийн “Бөмбөгөр” худалдааны төвийн талбайн түрээс давхараасаа хамаарч метр квадрат нь сард 30-40 мянган төгрөг байдаг байна. “Нарантуул” зах ч иймэрхүү байдаг аж. Тэдгээр түрээслэгчид “Эдний үнийг харчихаад бусад худалдааны төвүүд үнээ нэмэхгүй байгаа даа” хэмээн хүүрнэлдэнэ.
Борлуулалтын менежер Б.Сарантуяатай ярилцсан юм.
-Танайх өчигдөр метр квадрат талбайн түрээсийн төлбөрөө 100 мянга байснаа яагаад гэнэтхэн 250 мянга болгочихов?
-Уг нь манай захирал, менежер бид гурав өчигдөр хуралдаж 100 мянгаар тохирсон л доо. Харин 250 мянга болгосныг би өөрөө нэмсэн асуудал. Захирал энэ тэр, бусад хүмүүсийн оролцоо энд хамаагүй. Учир нь та ч гэсэн ойлгож байгаа байх. Мэдээж эрэлт ихэссэн. Түүнээс болоод энэ байдалтай уялдуулж нэмсэн.
-Өчигдөр зарим хүн 100 мянгаар авсан байх. Хэдэн хүнд энэ үнээр зарсан бэ?
-20 хүнд өгсөн.
-Тэгэхээр тэр 20 түрээслэгч нэмж 150 мянгыг өгөх үү?
-Өгөлгүй яахав. Хэрвээ зөвшөөрөөгүй тохиолдолд мөнгийг нь буцааж өгч болно. Өчигдөр Хадгаламж банкинд шилжүүлчихсэн байгаа.
-Түрээслэгчдийн хэлж байгаагаар гурван сар болоод түрээс нь бүрмөсөн дуусна. Түүний дараа худалдан авах чадвартай нь мөнгөө төлөөд худалдаж авна. Чадахгүй нь шууд гарна гэж байсан. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Энэ хүмүүс ерөөсөө л гурван сар түрээслэнэ. Учир нь бүх талбай болох 1500 хэсгээ нэг метр квадратыг нь 10 мянган доллараар зарна. Худалдан авах чадвартайд нь үүд хаалга нээлттэй.
Л.Баатархүү
“Улс төрийн тойм” сонин
URL: