“Мобиком корпораци” ХХК-нийг 2.3 тэрбум төгрөгөөр торгохоор болжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Мобиком корпораци” ХХК-ний урьдчилсан төлбөрт 94xx-тэй шинэ дугааруудыг 20 төгрөгөөр худалдаж, 2016 он хүртэл дотны нэг хүнтэйгээ хязгааргүй ярьж, мессэж бичих эрхийг бэлэглэхээс гадна үйлчилгээний 90 хоног дагалдуулж байгаа үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, 2.3 тэрбум төгрөгөөр торгохоор болжээ.

Шалгалтаар, 94xx-тэй дугаар авсан шинэ хэрэглэгчдэд үзүүлж буй урамшуулал нь бодит өртгөөс доогуур үнэтэй байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрсөн.

Мөн тус компани нь зах зээл дээр давамгайлагч байр суурьтай тул ингэх нь бусад үйлчилгээ эрхлэгчдийг боомилж байгаа хэрэг гэж үзжээ. Тиймээс ШӨХТГ-аас “Мобиком корпораци” ХХК-д 94xx дугаарыг 20 төгрөгөөр худалдаалж цэнэглэлт хийхгүй тохиолдолд дотны нэг хэрэглэгчтэйгээ 90 хоногийн хугацаанд үнэгүй ярих урамшуулалт үйлчилгээг зогсоож, зөрчлийг арилгах, бодит зардлаас доогуур бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгосон өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгааг таслан зогсоох тухай шаардлага хүргүүлж, 2.3 тэрбум төгрөгөөр торгохоор болжээ. Харин “Мобиком” компани энэ дүгнэлт, торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Захиргааны Хэргийн шүүхэд хандаад байгаа аж.

Т.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих