“Зи”-гийн идеал

olloo_mn_1429754643_z

“Зи” бол зангарагтай улстөрч. Матрёшка хүүхэлдэй шиг онгойлох тусам дотроос нь олон янзын зан гарч ирдэг нь түүний имиж. Олон нийтийн ой тойнд Төрийн өмчийн хорооны даргаар хадгалагдаж ирсэн ч одоо тэрбээр УИХ-ын эрх баригч Ардчилсан намын даргын хувиар илүү тод үлдэхээр хичээж байна.

Урьд хожид, өнгөрсөн хугацаанд бичиж ирсэн түүхийг нь сөхвөл автоматик, телемеханикийн инженер, эрхзүйч мэргэжилтэй тэрбээр монтёроос “Монел” фирмд инженер,

 “Эрэл”-ээс эхлүүлээд “Интер” компанид захирал хийж яваад Төрийн өмчийн хороотой холбогджээ. Ингэж тэр их улс төрд орж ирсэн юм. Цаг хугацаагаар шүүвэл АН анх удаа засгийн эрхэнд гарсан 1996-1999 оны үед. Бас АН-ын Засгийн газрын анхны албан тушаалын хуваарилалтаар Төрийн өмчийн хороо хэмээх шинэ байгууллага бий болоход анхны даргаар очсон хүн нь тэр. Тэгэхээр түүнийг Төрийн өмчийн хорооноос яаж ч холдуулж тайлбарлах боломжгүй юм.

Өмч хувьчлалын сүүдэр Монголыг нөмөрч, улсын үйлдвэрүүдийг үнэгүйлдсэн хэмээх хардлага дагуулдаг тэртээх он жилүүдэд Төрийн өмчийн хорооны даргын албатай явсан түүнийг Ж.Наранцацралг агсан Ерөнхий сайд болсныхоо дараа ажлаас нь чөлөөлж байв. Гэхдээ “Зи”-гийн улс төр ингээд эцэс болсонгүй. Харин эхлэл байв. Спикер Р.Гончигдоржийн бүрэн эрхийн сүүлчийн нэг жилд зөвлөхөөр нь ажилласаар сонгуультай золгосон байдаг. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын хаалгаар гарсан тэрбээр тооноор нь ороод ирсэн хэрэг. Улмаар ажлаас чөлөөлөх алх цохьсон Ж.Наранцацралтыг “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой “хэрэг”-т унагааснаар түүний тэргүүлсэн Засгийн газар 1999 оны долоодугаар сарын 22-нд огцорч байв. Эндээс л “Зи” өөрийгөө хэн болох, юу хийж чаддагаа бусдадаа хамгийн тод харуулсан юм.

Ардчилсан нам доторх хямрал туйлдаа хүрч гурван Заспшн газраа огцруулсан дэггүйтлийн үр дүнд сонгогчидмуу дүн тавьсан 2000 оны үед тэрбээр Ардчилсаи намын ерөнхий нарийн бичгийн даргаар нэг жил ажиллажээ. Харин дараагийн сонгуульд тухайн үеийн МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл эн тэнцүүхэн суудал авахад Өвөрхангайгаас нэр дэвшсэн “Зи”-гийн тойрог маргаантай байв. Жил тойрсон энэхүү маргаан эцэстээ нэг мөр болж “Зи” төрийн тушээ болох замаа зассан юм. Тангарагаа өргөхгүй жил дуншсан ч тэрбээр төрөлх Төрийн өмчийн хорооны даргаар дахин ажилласан сүүхэйтэй нэгэн. Үүнээс хойш УИХ-д тасралтгүй сонгогдож ирсэн тэрбээр АН хоёр дахиа засаглаж буй энэ үед карьерийнхаа хүрч болох хамгийн дээд албан тушаал буюу намын дарга, УИХ-ын дарга гэсэн хоёр албыг зэрэгцүүлэн хашиж байна. Магадгуй Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр Сү.Балболдын танхимд ажилласан сайд нараа нэгд нэгэнгүй “байцааж” байсан үетэй нь харьцуулахад одоо тэр зэрэг зиндаа, эрх мэдлээрээ хамгийн хүчтэй тоглогч болсон байж мэдэх. Учир нь, Ардчилсан хүчний холбоог байгуулж Н.Алтанхуягтай сөргөлдөж явсан “Зи” өдгөө АН доторх хамгийн хүчтэй “Алтангадас” фракцтай дүйцэхүйц “Шонхор”-ыг байгуулан өөрөө намын дарга, УИХ-ын даргын албыг давхар хашиж байна.

Гэхдээ “Зи”-гийн өнгөрсөн хугацаанд гэхээсээ өнөөдөр бий болгож буй идеал зарим талаараа түүнийг хэтэрхий жижигхэн улстөрч болгож харагдуулах юм. Матрёшка хүүхэлдэйг онгойлох тусам улам жижгэрдэг. Үүн шиг “Зи” даргын зангараг жижигрэх тусам УИХ-ын индэрийг сумын төвийн Соёлын ордны тайзны хэмжээнд харагдуулах болов.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай нэгэн үг хэлсэн байдаг. Тэр нь “З.Энхболд өнөөдөр эрх барьж байгаа намын дарга, дээр нь УИХ-ын дарга. Нам руугаа харж мундагдаад л, нөгөө тийшээ харж УИХ-ын гишүүд рүү зандчаад л. Намын бүлгүүдийг ингэ, тэг гээд л. Албан тушаал хэт төвлөрүүлэхийн хор уршгийг социализмын 70 жилд мэдчихээд тэргээсээ арайхийн салж ардчилсан нийгэм тогтоосон. Тэгээд буцаад нөгөө социализмын загвараараа явах ямар утга байна аа” гэж. Үнэндээ тийм.

Зарим тохиоддолд чуулганы нэгдсэн хуралдааны танхим “Зи” идеалд хөтлөгдөн СӨХ-ны хурлаас ч долоон дор болсон тохиолдол цөөнгүй. Уг нь намтай хүнд ёс суртахуун гэж байх учиртай. Тэр тусмаа гурван сая иргэн, хоёр сая сонгогчийг төлөөлж УИХ-д суугаа гишүүд, хууль тогтоох дээд байгууллагыг даргалж байгаа хүний хувьд асуудалд хүндэтгэлтэй хандах учиртай. Үүнийг 2005 оноос хойш тасралтгүй УИХ-д суусан “Зи” хэмжээний улстөрч эрх биш мэдэж баймаар. Гэвч З.Энхболд хэмээх автор спикерүүдийн тоонд орж эхэлсэн өдрөөс, АН-ын дарга болгосноос хойших хугацаанд хууль, тогтоомж, хуралд үг хэлэх эрх ганцхан энэ хүний үзэмжээр хязгаарлагддаг болов.

Эхлээд МҮОНРТ-ийн зөвлөлд нэр дэвшигчдийг хэлэлцэх үеэр ‘Та бүхэн хүндхэн газар очиж байна. Тэнд 100 хүний хийдэг ажлыг 700 хүн хийдэг, архидалт замаа алдсан, ядаж хулгайн кино гаргахаа болих хэрэгтэй” хэмээн 50 гаруй жилийн түүхтэй олон нийтийн телевизийн уран бүтээлчдийг доромжилж орхив.

Угаас Төрийн өмчийн хороонд байхдаа хэлэмгий дарга хэмээх нэр авсан түүний энэ үг телевизийн уран бүтээлчдийн бухимдлыг төрүүлж, уучлал гуйхыг шаардаж байсан нь ердөө л жилийн өмнөх үйл явдал. Ардын намыг Засгийн газраас гаргах асуудлыг хэлэлцэх үеэр Д.Лүндээжанцан гишүүнийг үг хэлэх үеэр уймраагаар нь дуудаж, “Чиний ярьж байгаа юм чинь таалагдахгүй байна” хэмээгээд Ё.Отгонбаяр гишүүний микрофоныг хааж байв. Тэр уг нь 76 гишүүний ангийн дарга болохоос багш нь биш. Хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу чуулганы хуралдааныг удирдах үүрэгтэй. Гэвч асуудалд УИХ-ын даргын бус АН-ын даргын байр сууриас хандах болсон нь түүнийг ангийн дарга гэхээсээ парламентын эзэн юм шиг харагдуулах болов. Өдгөө тэрбээр нэгэн цагт хамтрагч байсан М.Энхсайханаа орхиод сөргөлдөж явсан Н.Энхбаяртай хоршиж эхлээд байна.

М.Энхсайхан бол ардчиллыг анх бий болголцсон хүн. Н.Энхбаяраасаа шал өөр хүн. Хийсэн юмтай, хэлэх үгтэй. Тэр бол жинхэнэ утгаар нь сонгуулийн ялалтуудыг авчирч байсан. АН-ынхан түүнд талархаж, татаж авах ёстой хүн. Гэвч Тавантолгой хэмээх тамын тогооны үлгэрээс үүдсэн зөрчил М.Энхсайханыг үзэн ядах сэдлийг АН-ын шинэ даргад лав суулгаад удаж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд нэртэй болохоос УИХ, Бүлэг дотроос гарч буй шийдвэр бүр Засгийн газрын хувь чаяа “Зи”-гийн зураглалаар явж байгааг хэн бүхэн мэдэх. Харин “Зи” хэмээх идеал өдгөө Н.Энхбаяртай эвссэнээр үргэлжилж байна. Намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэсэн зарчим хоёр намд хадгалагдаж ирсэн ч “Зи” байрандаа байх буюу УИХ-ын даргын индэрийг ашиглан эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, хүссэнээ хийх нь чухал гэдгийг тэр хамгийн сайн мэдэх хүн. Улмаар намаа сонгуульд ялуулж, өөрөө Ерөнхий сайд болох төлөвлөгөө түүний халаасанд яваа.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Тавантолгойн асуудлыг дараагийн УИХ-д үлдээх, үүрэг болгох акц явж эхэлсэн энэ үед Н.Энхбаярыг түшээд ч болтугай намаа ялуулах арга сүвэгчлэхээ тэр төлөвлөж л суугаа. Тэр үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдэл томрох учир намаа ялуулсан тохиолдолд “Зи” эрх мэдлийг дахин өөртөө төвлөрүүлэх нь тодорхой.

Гэхдээ “Зи”-г АН-ынхан бүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй л байна. Н.Алтанхуягийгаа огцруулах замаар намын даргын сэнтийг “Зи”-д шилжүүлснээс хойш хуралдаагүй Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хурлыг Төрийн ордонд товлосон ч АН доторх фракцууд ажил хаялт зарласнаар хуралдаж чадаагүй хойшилсон. 200 орчим гишүүнтэй тус хорооны хуралд тал байтугай 40 гаруй гишүүн ирсэн нь намын даргаа жижигхэн харагдуулаад зогсохгүй АН-ынхан дотроо зөрчил дуусаагүй үргэлжилсээр байгааг харуулсан. Тэгэхээр чуулганы танхимд микрофон хааж, гишүүдийг загнадаг шигээ намынхнаа, фракцуудаа зангидаж нэг шугаманд оруулах зангараг “Зи”-д хараахан бий болоогүй бололтой. Тэр зальтай байж чаддаг шигээ зангарагтай байж чадахгүй л байна.

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих