Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахыг хүлээж байна

tost_700x700

Тост, Тосонбумбын нуруунд дэлхийд ховордсон цоохор ирвэс 22-24 орчим, янгир 800-1200, аргал, угалз 240 орчим байдаг гэсэн судалгаа байна. Мөн уулынхаа бэл хоолойгоор “Улаан ном”-д орсон хулан, хар сүүлт зэрэг амьтад олноор амьдардаг. Тостын нуруунаас эх авсан Хөвдийн баянбүрдэд тоорой болон жигд сухай зэрэг ховор мод ургамал ихээр ургадаг.

Хөвдийн орчны цөлөрхөг бүсэд Монгол орны 12 зүйлийн алаг дааганы 10 зүйл нь амьдардаг ажээ. Үүнээс устаж болзошгүй ангилалд орсон Козловын атигдаахай, Соотон алаг даага гэдэг хоёр зүйл мэрэгч амьтан цөөн тоогоор амьдардаг юм байна. Мөн Жороо тоодог, Хулан жороо зэрэг ховор төрөл зүйлийн шувуунаас гадна зөвхөн Тост ууланд ургадаг потанини улаан тулам гэдэг цэцэг байдаг.

Энэ мэтчилэн ховор ан амьтан, ургамлыг дурдаад байвал дуусахгүй. Тост ууланд олборлолт хийж эхлэх л юм бол энэ бүх амьд байгальд аюул учирна гэж нутгийн иргэд хэлж байна. Булаг, шандын ойролцоо газар ашигт малтмалын олборлолт хайгуул явуулах нь эрсдэлтэй гэж үздэг . Гэтэл Тосонбумбын нуруу орчмын зарим газарт булаг, шандыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайдаа авчихсан газар ч байна.

Байгалийн тогтоц, хүн амьтны амьдрах нөхцөлийг харгалзалгүйгээр олгосон эдгээр тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал Тост багийн иргэдийн  тулгамдсан асуудал болоод байна. УИХ-аас Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад бүтнээр нь авах тогтоол гаргахыг тэд итгэж найдан хүлээж байгаа юм.

Ц.Баяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих