“Сарнай” сахил хүртээд шал дордов
Манайхны дийлэнх нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чин хүсэлтэй. Урлаг соёлынхон, загварын акулууд, нэртэй тамирчид, утга зохиолын салбарынхан, улс төрчид гээд үндэсний бүтээгдэхүүнийхээ рекламанд тоглоогүй хүн байхгүй. “Монос” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Сарнай” гоо сайхны бүтээгдэхүүнд залуу жүжигчин Т.Мино амжилттай тоглож, нэлээд хэдэн жил хамтран ажиллажээ. Анхилуун сарнайн дэлбээ “Плейбой” Миногийн цасан цагаан царай, ааш ялдам инээмсэглэл, эрх танхи дуутай нь нэн сайн зохицдог. Харин очиж очиж дотоодын бүтээгдэхүүний рекламанд тоглоод байх даа яах вэ дээ гэж түүнийг шүүмлэх хүн олон. Хүүхдэрхүү зантай, тусч сэтгэлтэй Мино “Үндэсний үйлдвэрлэлээ хүн бүхэн дэмжих ёстой” гэж хэвлүүхэн хариулж, амыг нь тагладаг байж. Гэтэл саяхнаас охидын Anemone хамтлагийнхан “Сарнай”-г рекламдах боллоо. Чухам яагаад Т.Мино “Монос”-той гэрээгээ цуцалсан тухай лавласан юм. “Монос” ХХК-д шинээр орсон амбиц ихтэй маркетингийн ажилтан Т.Мино руу утасдаж гэрээгээ сунгахыг хүсчээ. Тэрээр киноны зураг авалттай яваагаа хэлээд, даруйхан утасдаж гэрээгээ сунгана гэдгээ амласан байна. Том компанийн маркетингийн ажилтан гэж өөрийгөө дөвийлгөсөн түүнд бол Т.Мино далайсан газар нь далд орж, далласан газар нь ил байх ёстой “мангар бацаан” мэт харагдсан бололтой. Утасдсан даруйд нь ирээгүй гэдэг шалтгаар Т.Минод уцаарласан маркетингийн ажилтан “Anemone”-той гэрээлж орхисон гэнэ. Хаанаас нь ч харсан газар тэнгэр шиг ялгаатай хүмүүс нэг бүтээгдэхүүнийг рекламдахад үр дүн нь ямар вэ гэдгийг тус компанийнхан тооцоолж үзээгүй бололтой.
Н.Сэргэлэн
www.shock.mn
URL: