ОХУ-ыг тогтоон барих нь Пентагоны гол зорилго

- АНУ-ын БХЯ Ойрын ирээдүйд хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргажээ -

АНУ-ын Зэвсэгт хүчин ирэх зургаан жилд Европ тивд баримт­лах бодлогоо тодорхойлжээ. Түүн­дээ зургаан асуудалд төвлөрч ажиллана хэмээн эрэмбэлсний нэгдүгээрт ОХУ-ын аюул заналыг тогтоон барих зорилт бичигджээ. Хойд хөршийн “Взгляд” сонинд энэ талаар мэдээлсэн байна.
Төлөвлөгөө боловсруулагчид АНУ-д гаднаас учирч болох аюул заналыг зүг чигээр нь “Өрнө”, “Дорно”, “Хойд” хэмээн гурав хуваажээ. Өрнөөс ирэх аюул за­нал гэдэг нь ойлгомжтой, алан хядаг­чид, дүрвэгчид бол “Дорно”, “Хойд” зүгээс ирэх хамгийн том аюул занал нь ОХУ-ын геополи­тикийн ашиг сонирхолтой холбоо­той аж. Тодруулбал, Зүүн Европт явуулж байгаа газар нутгаа тэлэх бодлого, Арктикт цэрэг зэвсгийн хүч хуримтлуулж байгаа зэрэг нь голлон нөлөөлсөн байна.
АНУ-ын БХЯ-ны Европын асуу­­дал эрхэлсэн албаны захирагч, генерал Филип Бридлав энэ талаар хийсэн мэдэгдэлдээ ОХУ-ыг “даагаа нэхэхийг хүссэн” гэж тодотгосон нь анхаарал татсан. Тэрээр энэ үгээрээ Ерөнхийлөгч Б.Обамагийн “ОХУ ЗХУ-ыг сэр­гээн босгохыг санаархаж байна” гэдэг шүүмжлэлийг сануулсан бололтой. Учир нь төлөвлөгөөнд 2015 оныг “АНУ, ОХУ-ын харил­цааны хувьд, “Хүйтэн дайн”-аас хойшхи хам­гийн хүнд жил байсан” гэж тодорхойлсон байсан юм.
ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдэж болзошгүй гэсэн яриа доод төвшинд олонтаа сонсогддог байсан бол саяхнаас илүү дээд төвшинд шилжлээ. ОХУ-ын Үндэс­ний аюул­гүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев ойрмогхон өгсөн ярилцлагадаа “АНУ ОХУ-ын байгалийн баялагт шунаж, задлахыг оролдож бай­на. Тэд дэлхийд ноёрхох байр суу­риа үүрд хадгалахыг хүсэх нь ойлгомжтой, тиймээс ОХУ хүчирхэг байх нь тэдэнд ашиггүй. Харин ч сул дорой байж,  задран унах нь илүү хэрэгтэй” хэмээн өрсөлдөгчөө ил шулуунаар шүүм­жилсэн. В.Путины хамгийн ойрын итгэлт хүн, залгамжлагчаар нь тодрох өндөр магадлалтай хүн ингэж хэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

Эх сурвалж: Ардын эрх


URL:

Сэтгэгдэл бичих