Эдийн засгийн хөөс ба үнэн

“Үсгэн дотор тоо цохиж явдаг өгүүлбэртэй бодлого хэцүү юм байна” гэдэг шиг эдийн засгийн тоо баримтуудыг улс төр эрээн цоохор болгоно. Эмээлийн хоёр бүүрэг шиг салгах аргагүй хүчин зүйлийг нэгийг нь орхиж, нөгөөг нь үлдээж, тал еэвэн болгоно. Өрх бүрийн аж амьдралын тусгал болсон эдийн засгийн тоо, үзүүлэлт өнгөөр будагдаж, үнэнээс холдуулна. Гар утсанд ертөнц багтах болсон цаг үед хөрөнгө оруулалт, бизнесийн ажил, шийдэл мэдээнээс шууд хамаарч байна. Хямралтай, хүндрэлтэй үед муу дээр нь муухай болгон, давс үрнэ. Мууг хүч оруулж тараах, тайрч танах, зүгээр л зохиох, үнэр танар оруулах нь анхаарал татаж, айдас түгшүүрт автуулна.

Жишээ нь, Ерөнхий сайдыг огцруулах товчлуурын тоо хүрэхгүй ч дайны хажуугаар дажин үүсгэж, “Муу л бол сайн” болгон, гадаад, дотоодод эргэлзээн үйлдвэрлэж, монголчууд бүгдээрээ төлөх хөрөнгө оруулалтын хүү өсөв. Чуулганы “Шөнө дундын жүжиг” үүний тод үйлдэл. Шинэ оны эхний сараас эдийн засагчдын биш улстөрчдийн ухуулж сэнхүүлсэн, зурагдсан пянз шиг давтаж буй хоёрхон, тоо үзүүлэлтийн өнгийг нь арилгаад үзвэл эрс өөр дүр зураг гарч ирнэ.

1.17,5 хувийн хөөс буюу шилэн хоргоны үзмэр

2012 оноос өмнөх Заасгийн газруудын мэргэн бодлогын үр өгөөж биш дэлхий дахинд түүхий эдийн үнэ нэмэгдсэн мөчлөг тохиож, Оюутолгойн хөрөнгө оруулалт дээр шороон замаар түүхий нүүрс тээсэнтэй нийлээд, Монголын жижиг эдийн засаг 2011 онд 17,5 хувь, 2012 онд 13 хувиар өссөн юм. Эдийн засгийн энэ гайхамшиг энгийн олонхид зурагтаар харахаас хэтрээгүй, үзмэр, үзүүлэн болгоод өнгөрсөн нь ямар учиртай вэ? Тэр үеийн Монголын Засгийн газар нүүрсний гол олборлогч Австралийг үерт авахуулж, үнэ өсгүүлэв үү? Хөөс байсан учраас хагарсан. Хөдөлмөрийн бүтээмжээр биш гадаадын хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнэ өссөн боломжийг ашиглалгүй алдаж, айл өрхүүдийн хаалгыг нь ололгүй өнгөрсөн дурсамж. Хайр, халамж, хишиг буяны дүрээр хоёр их наядыг бэлэндэн тарааж, хуримтлуулахын оронд үрж, найрлаж наадсаны хордлого шарталт одоо ч биеэс гадагшлаагүй байна. Хөдөлмөрлөхийн оронд хөлөө жийж суухыг өөгшүүлж, халамжлуулах сургалт болсон. “Ерөөл”-өө голж, “Грэйгүүс” шилж, ажил хийж цалин авах барилгачин олдохгүй ховордсон үе. Муу нэртэй гадаадын хөрөнгө оруулагчдын авчирсан мөнгө, төлсөн татвар, ноогдлоос үүссэн орлогоос эрүүл мэнд, боловсрол, ирээдүйд хэрэглэх нөөц болгож хураасан юм арслантай авдарт үртэс ч алга. Үүлэн чөлөөний завсрын алтан үеийг хуримтлал, өсч үржих, өөр салбаруудаа хөгжүүлэхэд зориулсан бол сүү болгоод уухгүй 17 хувь хэмээх хоосон дурдатгалтай хоцрохгүй байсан юм. Солонгост эмчлүүлэх мөнгө гуйсан заргүй, хүүхдүүд гэртээ цоожлогдохгүй болох боломж хөөстэйгээ цэг замхрав. Эрээнд ганцхан жилд цутгаж найрласан хоёр их наяд төгрөг мянган сургууль, эсвэл 2000 мянган цэцэрлэг босгох, уул уурхайн хамаарлаас гарч, долларын олон эх үүсвэртэй болох үйлдвэр, бизнесийг дэмжих мөнгө байв. Сард 80 тэрбумын бэлэн мөнгө тарааж найрлан, тэр бүхэн Эрээн рүү урсаж байсан юм. 2012 оны сонгуульд  өөрийнхөө тойрогт эх орны хишиг тарааж сонгогдсон тэр үеийн Сангийн сайд үргэлж санах сургалтын материал юм. Их өсөлт иргэндээ наалдаагүй, шилний цаадах мөхөөлдөс, шилэн хоргоны үзмэр болохыг нотлох тоо баримт хангалттай. 2009-2012 онд хамгийн чинээлэг айл өрхийн хэрэглээний өсөлт 21.7 хувь, энэ үзүүлэлт ядууд нь дөнгөж 8.3 хувь, нэн ядууд нь 7,7 хувь болжээ. Дундаж орлоготой хоёр ангилалд нийлээд 22 хувийн өсөлт гарсан байна. Баян, ядуугийн ялгаа энэ гурван жилд улам ихсэв. Тэр үед том байшин, том машин шажигнаж байсан үе. Хямд, дунд зэргийн орон сууц худалдан авах чадвар, зээлийн боломж байсангүй. Хуримтлалын оронд хэрэглээг өдөөсөн, инфляц өндөр, импорт ихтэй, үрэлгэн цамаан байсны өртөг төлөөс их. Унасан өдрөөсөө үнээ алдаж эхэлдэг машин авахад 2011 онд тэрбум доллар зарцуулж, Улаанбаатарт 6 тэрбумын тансаг машин түгжрээнд зогсдог болсон нь хөндлөнгийн судалгаагаар илрэв. Дийлэнх нь ахиад л бензин болгоод валют ууршуулах данхар том машины хоолоор хойшоо урссан. Өнгөрсөн онд монголчууд 200 сая долларын машин худалдаж авсан нь хэрэглээнээс хуримтлалд шилжсэний, том явдлаас ухаалаг хандлагатай болсоны үр дүн юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээрээ 10,6 тэрбум доллар болж байсан оргил цаг үүлэн чөлөөний завсрыг төсвөөс хэрэглээг өөгшүүлж, хэрэглээний зээл зөвхөн 2011 онд 99 хувиар өсч, инфляцийг 10.2-оос 14 хувьд хүргэж алтан боломжоо алдсан. Айл өрхийн дундаж орлого 2009-2012 онд 387 мянган төгрөгөөр өссөн мэт боловч мөнгө үнэгүйдүүлсэн инфляцийн үр дагаварт ердөө 130 мянгаар нэмэгдсэн юм. Эдийн засаг өссөн ч иргэндээ хүртээлгүй, хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн ч хүндээ хамаагүй алдагдсан боломжийн жилүүд байв. ЯВААГҮЙ.

Хэрэглээний боолчлолоос хуримтлалаар чөлөөлөгдөх нь

С.Баярын Засгийн газрын үед тохиосон 2009 оны хямралаар эдийн засаг өсөөгүй, хасах 1,3 хувь болж унаснаас яаж гарсан бэ? Бүх зүйлээ царцааж, бүсээ чивчиртэл чангалж, ОУВС-ийн хяналтад орж байж гэтэлсэн. Эдийн засаг -1,3 хувьтай байсан 2009 онд л инфляц анх удаа нэг оронтой тоонд орж 4.2 хувь болж, бусдад нь хоёр оронтой үржсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2008 онд 9 орчим хувьтай гарсан бол инфляц нь 23 хувь хүрч байжээ. Зуун мянган төгрөгөөр авч хүрдэг байсан хэрэцээг 123 мянгаар хангах болсон. 2007 онд ДНБ-ний өсөлт 10 хувь байхад мөнгө үнэгүйдүүлдэг инфляц 18 хувьтай гарчээ. Эдийн засгийн өсөлт 10, үнийн өсөлт 18 хувь. Энэ бүхэн нь хэрэглээг дэмжиж, хуримтлуулдаггүй байсан харалган бодлогын гунигт дурсамж, гоё дурдатгал яавч биш. Эх орных нь эдийн засгийн өсөлт эгэл жирийн олонд нь ээлгүй халтай байсан баримтууд. Өнгөрсөн долоо хоногийн эхний өдөр М.Энхболдын Засгийн газар байгуулагдаж байсны 10 жилийн ойг хэвлэлээр өргөн ёслов. “Эдийн засгийн өсөлтийг 6.2-оос 10.2 хувьд хүргэсэн нь цалин, тэтгэврийг гурав дахин нэмэх үндэс болж байжээ” гэх зэргээр эрт урьд цагийн үлгэр тууль хайлж баяр тэмдэглэв. Нэгдүгээрт, цалин гурав дахин өссөнийг санаж мэдэж байгаа хүн алга. Хоёрдугаарт, цалин, тэтгэврийн мөнгийг тоогоор нь нэмэхдээ чихрийн цаасны шинж төрхөнд шилжүүлж үнэгүйдүүлдэг инфляц галзуурсан. Цалин тоогоороо өсөөд, чанараараа унаад, авдаг талх, иддэг мах, шатаадаг бензин багассан гэсэн үг. Эр эм бэлэн хүн олшруулах бэлэн мөнгөний халамжтай цуг инфляц гэгч цалин орлогоос шимэгч хумслагчаас хулгайч болтлоо дэвшсэн. Хоёр оронтой тоогоор төгрөг үнэгүй болгосон инфляцийн ой. Эдийн засаг хямарсан 2009 оноос бусад жилд мөнгө тараагаад, гадаадаас зөөж хэрэглэхийг дэмжээд байсан 2012 он хүртэлх бүх хугацаанд инфляц хоёр оронтой тоогоор хэмжигдэж байсан. Цалин орлого, юмны үнэ хоёрын аль нь илүү өссөн бэ? Төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмлээ гэж орон даяар зарлахтай хамт инфляц 14 хувь хүрнэ. Хүний цалин нэмэгдэх, хөргөгч нь дундрах үзэгдэл нэгэн зэрэг болоод байхаар үр дүн биш үр дагавар үлддэг байж. Цалин нэмж байснаа дурсан санахдаа үйлдвэрлэсэн инфляцаа орхидог нь ийм учиртай. Инфляцийн 40 хувь нь мах, гурил, түлш шатахуунаас үүдэлтэй. Эрэлтэндээ зохицсон нийлүүлэлт, дэмжлэг, зохион байгуулалт байхгүйгээс ядарсан хэсэгтээ хамгийн хүнд хортой тусдаг. 10 мянгын махыг нэг мянга гэж андуурдаг  даргад бол огт мэдрэгдэхгүй эд.  2013 оноос эхэлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр суурь үнэ болдог, инфляцид жин дарж нөлөөлдөг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хямд мөнгөөр дэмжсэн. Инфляц энэ үеэс бууж эхлэв. 2014 онд инфляц 8 хувь болов. Түүхий эдийн үнийн уналт, ухаж зөөсөн газрын баялгаас доллар олдог үндсэн ганц суваг, экспорт нь 90 хувь хамаардаг эдийн засагт хүнд тусч, өсөлтийн хурд саарсан ч инфляц тогтвортой намссан нь бага, дунд орлоготой иргэддээ эерэг тусч байна. 2015 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2.5 хувь болж буурсан ч инфляц 1.9 хувь болж багасав. Нэг талдаа орлогын хэмжээ, нөгөө талдаа орлого үнэгүйдүүлэгч инфляц хэдэн хувь байхаас худалдан авах чадвар хэмжигдэнэ. Эмээлийн хоёр бүүрэг шиг салгаж болдоггүй учраас цалин нэмсэн гэж дангаар нь ярих нь шал худлаа. Цалин орлого хэд байхаас гадна хэр чанартай байх нь чухлыг дөрвөн аргын тоо мэддэг байхад л ойлгоно. Зуун мянгаар дүүрдэг тор 120 мянгаар дүүрч байвал цалинг 10 хувиар нэмсэн биш хассан дүн шүү дээ. Тоо биш чанар нь үнэ цэнэ юм. Үнээ олон байхаас сүүний гарц нь их байхын учрыг бичиг үсэггүй ч мэдэж болно. 2010-2012 онд чинээлэг хэсгийн хэрэглээ 21.7 хувиар өссөн. 2013-2015 онд дундаж орлоготой айл өрхийн хэрэглээ 40.2 хувиар өссөнийг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан тайланд өгүүлсэн байна. ДНБ-ий бодит өсөлт 2011 онд 17,5, 2012 онд 13 хувь хүрч байхад дундаж өрхийн хэрэглээ 22 хувиар нэмэгдсэн. ДНБ-ий өсөлт түүхий эдийн үнийн хямдралаас болж буурсан 2013- 2015 онд дундаж өрхийн хэрэглээ 40,2 хувиар ахижээ. Хоёр дахин өссөн үзүүлэлт. Хэрэглээнээс хуримтлалд шилжсэний нэг гол илрэл нь 77 мянган өрх 8 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болж, орлогоо үнэн зөв мэдүүлж, ажил эрхэлж, ашиг орлогоо нэмэхийн төлөө ханцуй шамлан зүтгэдэг хөшүүрэг ажиллаж эхэлсэн явдал юм. Цалингийн ембүүний тугалга, оврыг нь нэмж, мөнгөний орцынх нь чанарыг нь унагасан “гоё” жилүүдэд ирээдүйд олох орлогоо барьцаалаад орон сууцны бага хүүтэй зээл авах нь дотоодын биш гадаадын жишиг байв. 17.5 хувь хүртэлх санаа алдам сайхан дурсамж хөврүүлсэн онуудад импорт буюу доллар үрдэг хэрэглээ өсч, өөр хоорондоо уралдан тансаглацгааж, 2011 онд 6.5 тэрбум, 2012 онд 6.7 тэрбум ногоон идэж уух, унах гангарах, өмсөх гоёх зэрэгтээ зориулсан юм. Доллар олдог, ордог  нь доллар алддаг, гардагаасаа багадахаар төлбөрийн тэнцлийн алдагдал ихэсдэг. Долларын дотогшлох урсгал хөрөнгө оруулагчдаа эх орончоор хөөж үргээсэн, түүхий эдийн үнэ унаснаас татарч, ханш нь чангарсан ч импорт хумигдаж, үнийн өсөлтөд эзлэх долларын хамаарал багассан. Эдийн засгийн өсөлтийн хувь өндөр нам байхаас илүү, зурагтаар гангарч, сонгуулиар тодрохоос чухал нь энгийн иргэн, өрхийн худалдан авах чадвар хэр байгааг хэмжих нь шударга. Инфляц өндөр байвал худалдан авах чадвар буурна. Цалин, тэтгэвэр нэмэхдээ инфляц үржүүлж, үнийн өсөлт өөгшүүлээд байвал тэр зүгээр тоо, нэмэгдэл биш хасагдал. Таван жилийн өмнөхөөс өрхийн орлогын бүтэц эергээр өөрчлөгдсөнийг Засгийн газрын харьяаны Статистикийн газар биш хөндлөнгийн судалгааны хүрээлэн тогтоосон байна. Сарын хоёр сая 300 мянгаас илүү орлоготой өрхийн эзлэх хувь 67 болж өсч, 500 мянгаас доош бага орлоготой хэсэг 28 хувьд хүрч буурчээ. Эдийн засгийн 17 хувийн өсөлттэй, улс төрийн гангараатай 2011 онд орлого ихтэй өрх 39 хувь, бага орлоготой нь 59 хувь эзэлж  байжээ. Үнийн өсөлт номхорч, нэг оронтой тоонд орж тогтворжсон, долларын ханш түүнд нөлөөлөх нь буурсан, төгрөг үнэгүйдэхэд гуравны нэгд хүрч нөлөөлдөг мах, гурил, түлш шатахууны үнэ өсөхгүй, хямдардаг болсон, “Монголд үйлдвэрлэв” шошготой бараа бүтээгдэхүүн олшрох явцад ажлын байр нээгдсэн, хадгалагдсан, ипотекийн зээл авч орон байртай болохын тулд цалин, орлогоо үнэнээр нь мэдүүлж, ажил, санхүүгийн түүхээ зөвөөр нь бичих болсон зэрэг шалтгаан энэ дүнд их багаар нөлөөлжээ.  Нийгмийн дундаж давхарга өргөсч, бодит орлого нь өсч байвал хөгжлийн өргөн суурь хөрс болно. Хоосон үзмэр, хөөсөн тоо биш хэрэглээнээс хуримтлалд шилжиж буй эсэх нь нь илүү хүртээмжтэй, илүү үнэн бодитой үзүүлэлт. Жилийн 8 хувийн хүүтэй зээлээр орон сууцны зээлд хамрагдсан 77 мянга, бэлэн мөнгө тараах биш шинэ байрны найр хийх айл өрхүүд нэмэгдэх, цалин, орлогоо ил тод мэдүүлж, банкинд өгөх төлбөрөө хэмнэж, ажил, ашгийн төлөө тэмүүлэх бодит орчин нөхцөлд орсон нь ч ийм хувь хэмжээнд жинтэй нөлөөлнө.
2013-2015 онд Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2010-2012 оныхоос 4.4 дахин хумигдсан ажлын байр хамгаалах, дунд хэрийн цалин орлоготой хэсгийн хуримтлалыг дэмжиж, инфляцийг нэг оронтой тоонд оруулж тогтвортой барьдаг  болов. Өрхийн дундаж мөнгөн орлого 329 мянгаар өссөн хэдий ч бага инфляц, долларын ханшийн нөлөө буурч, худалдан авах чадвар нь 514 мянгаар нэмэгдэв. Инфляц намсаж тогтворжсон боломж нөхцөлөө ашиглаж, хөрөнгө оруулалтаа эргэн дуудаж, хөл хөдөлгөөнөө сэргээж чадвал тогтвортой хөгжлийн зураг илүү тодорч, илүү бодитой болж  байна. Хөрөнгө мөнгө босгох, хөдлөх хүчээ сэргээж, ногоон гэрлээ асах үйлдэл бүрт саад тээг болж, гацаа түгжрэл үүсгэх богино улс төрийн “Монголд муу бол сайн” далд уриаг тоохгүй бол ЯВНА АА.

С.Амармэнд

Эх сурвалж: Ардын эрх


URL:

Нэр: Доржсүрэн Огноо: 3 February 2016

Үнэн хэлж, сайн бичжээ. Хоосон шуугиан биш асуудал дэвшүүлсэн, улс төр нь эдийн засгаа хорлож байгааг маш баримттай хэлжээ.

Сэтгэгдэл бичих